Битүүний орой идээгээ хонь цагт идээгээ засвал тэр жилдээ элбэг хангалуун явдаг

2019 оны 1 сарын 24

БИТҮҮНИЙ ОРОЙ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ХУВЦАСЛАХ ЁСТОЙ 

Аливаа улсын түүх соёл, ёс заншлын маш том илэрхийлэл болдог зүйл нь тухайн улсын уламжлалт баяр наадам байдаг. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэн ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Түүнчлэн аливаа улс үндэстэн уламжлалт баяраа хамгийн чухалд үзэж, үр хойчдоо өвлүүлэн тэмдэглэсээр иржээ. Тэгэхээр энэхүү баярын нэг утга нь уламжлал, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх юм.

Сар шинийн баярыг тэмдэглэх олон ёс байдгаас улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёсны талаар товч мэдээлэл хүргэж байна. Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг аж. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Учир нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээн бэлгэддэг аж.

Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг гэж үздэг байна. Түүнчлэн битүүний өдрөөс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг.Битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай. Энэхүү мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм.

Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундаганд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байжээ. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадрааж, бурхан тахилын бүхий л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой аж.

ЭНЭ ҮДЭШ ЭД ЗҮЙЛ, МАЛ ИДЭЭГЭЭ АЙЛД ХОНУУЛЫГ ЦЭЭРЛЭДЭГ

Түүнчлэн битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьдаг байна. Мөн идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөн, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.

Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавьдаг. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороон сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна.

Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь заалснаар битүүг эхлүүлдэг. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг битүү хоол битүүртлээ идэх учиртай. Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг.

Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэн эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн аливаа хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэдэг аж. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599640
8 эможи

Dulmaa
2019-01-29 21:41
Bayarlalaa. Xoni tsagt zasbal sain gesen bn sedebtei medeelel unshlaa. Dotor aguulgad oroi anhni od garbal zasna gesn ug uguulber unshlaa tailbar heleed ogno u
keyboard_arrow_up