Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-г удирдсан бүлэглэл л халх, дөрвөдөөр талцуулж ирсэн

2019 оны 1 сарын 07

Дархан аварга Х.БАЯНМӨНХ, Б.БАТ-ЭРДЭНЭ: Бид монгол бөхийн хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж байна Arslan.mn

Олон жилийн туршид үргэлжилж буй Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г тойрсон маргаан шүүхийн шатанд эцэслэгдэн шийдвэрлэх цаг ойртож байна. Гагцхүү шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргахыг элдэвээр саатуулж цаг хожих замаар 17 жилийн турш хууль завхруулсан хэсэг бүлэг хүмүүс, түүнийг залгамжлагчид, тойрон хүрээлэгчид тэрхүү бусармаг аргаа хэрэглэж МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг саатуулсаар байна. Тиймээс шүүхийн шийдвэр эцэслэн гартал тэдний гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмэндээ уриалж байна.

Монголын үндэсний бөхийн холбоо нь Монгол Улсад үндэсний бөхөөр барилдаж байсан, одоо барилдаж байгаа улс, аймаг, сумын цолтой болон цолгүй нийт 30000 бөхчүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм, Тус холбооны зүгээс нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж энэхүү уриалгыг гаргаж байна.

НЭГ

Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн үед бөхийн барилдаан зохион байгуулж, хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа шалтгаан нь УИХ-ын гишүүн, дархан аварга, Б.Бат-Эрдэнийн 2018 оны 4-р сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны маргаантай холбоотой юм. “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгуулах" шаардлага тавьсан дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн дагуу үүссан захиргааны хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл Бөхийн Өргөөг хаах шийдвэрийг Цагдаагийн байгууллага гаргасан билээ.

Гэтэл өөрийгөө МҮБХ-ны тэргүүн дэд тэргүүн гүйцэтгэх эахирал гэж нэрлэж буй дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон түүнийг дагалдах цөөхөн хэдхэн бөхчүүд бөх сонирхогчид, ард иргэдийг төөрөгдүүлж Л.Чинбатын талынхан бөхийн өргөөг нээлгэхгүй байна" гэх худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бөхийн Өргөөг нээхгүй, бөхийн барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь Б.Бат-Эрдэнийн 2018 оны 4-р сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны маргаантай холбоотой юм.

ХОЁР

Монголын үндэсний бөхийн холбоо нь нийт 30000 бөхчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохоос өндөр цолтой хэсэг бүлэг бөхчүүд, үндэсний бөхөд бий болсон эдийн засгийн сонирхол бүхий этгээдүүд, МҮБХ-г ашиглаж допинг, начны найраагаар хөлждөг бүлэглэлийн эрхийг хамгаалдаг байгууллага биш юм. Өнгөрсөн 20 гаруй жил бөхийн холбоог хууль бусаар удирдсан бүлэглэлээс шүүхийн шийдвэрийг зөрчсөн хууль бус хурал хий өөрсдийн залгамжлагчаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг тодруулсны улмаас албан ёсны МҮБХ-ны хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Гэвч аливаа юм цаг хугацаатай байдаг учраас тэд цаашдаа МҮБХ-ны үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад болж чадахгүй.

ГУРАВ

Монголын үндэсний бөхийн холбоо нь Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхээр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгуулах зар гаргасан дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэн тэргүүнд дараах асуудлуудыг яаралтай шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байна. Үүнд:

1. Монголын нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон Бөхийн Өргөөг МҮБХ ТББ-ын нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлнэ. Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-г хууль бусаар удирдсан бүлэглэл Бөхийн Өргөөг МҮБХ-ны нэр дээр огт бүртгүүлээгүйгээс болж төр өөрийн мэдэлд авах асуудал яригдаж эхлээд байна. Уг асуудалд МҮБХ нь эсрэг байр суурьтай байгаа Бөхийн Өргөө бол МҮБХ-ны өмчлөлд байх ёстой бөгөөд нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон барилга байгууламж юм.

2. Бөхчүүдийг цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Сүүлийн 20 гаруй жил нэг бүлэглэлийн мэдэлд байсан МҮБХ-нь бөхчүүдийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудлыг орхигдуулснаас уг спортод амьдралынхаа олон жилийг зориулсан бөхчүүд хохирч байна. Нэн тэргүүнд Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны эрх бүхий албан тушаалтанд дээрх асуудлыг уламжилж шийдвэрлүүлнэ.

3. Бөхийн Барилдаан, Өргөөнд болсон тоглолт үзүүлбэрүүдээс олсон орлогыг нийтэд ил тод, шилэн болгож бөхчүүдийн нийгмийн асуудал, Үндэсний Бөхийн хөгжилд зарцуулна.

4. Ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан нийлсэн Аварга Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн “Допингийн эсрэг төв" гэх ТББ-аар дамжуулж бөхчүүдийн шинжилгээний хариуг худал гаргаж бизнес хийдэг, шантааж хийж хууль бус бизнес эрхэлдэг байдлыг таслан зогсоож, уг шинжилгээг нээлттэй ил тод болгоно.

5. Найраа хийж худлаа барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, уг байдлыг таслан зогсооно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд нэгэн дархан аварга 4 жил дараалан начин цолтон төрүүлж, найраа хийж, худал барилдсаныг бүх бөхчүүд, бөх сонирхогчид, үзэгчид харсан билээ.

6. МҮБХ-ыг нэг хүн, нэг бүлэглэл 20 гаруй жил удирддаг байдлыг таслан зогсоож, удирдах байгууллагын сонгуулыг нээлттэй, ил тод, шударга явуулах нөхцлийг бүрдүүлнэ.

7. Бөхийн Өргөөг иж бүрэн засварт оруулж, түрээсийн байгууллагуудыг цөөлж, уг хэсэгт бөхчүүдэд зориулсан хөгжлийн төв, номын сан байгуулах, мөн хангалттай тооны ариун цэврийн өрөө, душ байгуулна.

8. Бөхийн барилдааны билет дамлан худалдаалдаг байдлыг таслан зогсоож, шударгаар, аль болох олон хүнд өөрсдөө худалдан авах боломжийг бий болгоно.

Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-ыг хууль бусаар удирдсан бүлэглэл нийг бөхчүүдийг халх, дөрөөд, баруун, зүун аймгаар нь хувааж, хагаралдуулж, талцуулж дундаас нь допинг, начны найрааг цэцэглүүлж. Бөхийн Өргөөний орлогоор хөлжиж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэд хохироосоор ирсэн. Иймд энэхүү бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож дээрх шинэчлэлийг хийх үйл хэрэгт албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ, улсын бүртгэлтэй Монголын үндэсний бөхийн холбоогоо дэмжиж үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэддээ уриалж байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598931
0 эможи

Зочин
2019-01-07 10:49
Хуцдаг халтар юмаа ..нийт бөхчүүдийн 70-80% нь Чинбат шуналын холбоог дэмжихгүй б.гааг ойлгохгүй харахгүй б.гаа малнууд уу?
keyboard_arrow_up