Ичих булчирхай худалдаж авна

2018 оны 12 сарын 12

Arslan.mn

Ниргэсэн хойно нь хашгирсаар байтал тэд ч дөжирчихлөө. Монголын төр засаг эх хэл, түүх, соёлын салбартаа анхаарал хандуулдаг болсон цагт бидний хөгжлийн тухай гарцын талаарх яриа хөөрөө нэг шатаар урагшлах болов уу. Өнгөрсөн хугацаанд улам бүр төгөлдөршүүлж, өнө эртний үүх түүхтэй соёлын өв, салбараараа бид дэлхийд гайхагдах байтал харин ч хоноцын сэтгэлээр хандаж ирснийг өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Энэ удаа түүх соёлын үнэт үзмэрүүд, олдворууддаа шунайхайн сэтгэл өвөрлөж, үгүйрүүлсэн жишээг сийрүүлж байна. Цааш үргэлжлэх энэ урт жагсаалтыг хараад тогоон дотроо яриад өнгөрөх бус дэлгэх ёстой асуудлын нэг мөнөөсөө мөн ажээ.

Архангай аймгийн музей

Төгс баясгалант Буяндэлгэрүүлэх хийдэд түр хугацаагаар шилжүүлсэн 34 ширхэг бурхан алга болсон. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгожээ.

Төв аймгийн музей

Хаш хөөрөг алдагдсан. Мөн л хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ. Мөнгөн тоногтой хэт хутга алдсан ч авсан эзэн нь эргүүлэн төлсөн байх жишээтэй. Үүний дараа манан болон чүнчигноров хөөрөг алдагдсан ч олдоогүй. Музейн өмнөх хоёр ширхэг тээрмийн чулуу алга болсон ч бас л олдоогүй байна.

Өмнөговь аймгийн музей

Шүрэн хөөрөг алга болсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаасан. Хулгайд алдагдсан үнэт эдлэл олдоогүй. Дараа нь тус музейн үзмэрийн танхимаас шүрэн бугуйвч алдагдсан ч мөн л олдоогүй. 

Увс аймгийн музей

Музейн үзүүллэгийн танхимаас чөмгөн сийлбэр алга болсон ч олдоогүй. Тус музейн угсаатны зүйн танхмийн шилэн хоргоноос тамхины мөнгөн хэрэглэл ууттайгаа, мөнгөн аяга нийт дөрвөн эд өлгийн зүйл алга болсон ч өнөөг хүртэл олдоогүй байна. Үүнээс гадна хөөрөг, цөгц, гаанс, аяга зэрэг угсаатны зүй шашны холбогдолтой 22 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл алдагдсан аж. Тавыг нь олж, үлдсэнд нь мөнгөн торгууль ногдуулаад өнгөрчээ.

Завхан аймгийн музей

Музейн танхимаас алт шармал гуулин Ямандаг бурхан, улаан шүрэн Одогмид бурхан алдагдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мэдээж музейгээс алдагдсан эд өлгийн зүйлс олдоогүй. 

Хөвсгөл аймгийн музей

Музейн ажилтан угсаатны зүй, шашны холбогдолтой 47 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг үрэгдүүлсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Музейгээс дутагдсан гэх 47 үзмэр, эд өлгийн зүйлс олдоогүй байна. 

Дархан-Уул аймгийн музей

Угсаатны зүйн танхимаас 2 ширхэг мөнгөн хэт хутга, 1 ширхэг Замган гартаам хөөрөг, 1 ширхэг Чүнчигноров хөөрөг алга болсон ч олдоогүй.

Говь-Алтай аймгийн музей

Гууль цутгамал Бурхан багш, Шанхын Баруу хүрээ хийдээс Очирваань, Махгал, Ямандаг бурхад зэрэг үзмэр, эд өлгийн зүйлс хулгайд алдагдсан ч одоог хүртэл олдоогүй гэсэн мэдээлэл байна.

Гадаадад үзэсгэлэнд оролцуулахаар явуулсан үзмэрүүдийн тухайд

Япон улсад явуулсан музейн сан хөмрөгөөс 127 нэрийн үзмэр, эд өлгийн зүйлсийг түр хугацаагаар авч явсан ч 6 ханатай иж бүрэн сийлбэртэй гэр зэрэг 19 нэр төрлийн үзмэр, эд өлгийн зүйлс, БНСУ-д явуулсан тус аймгийн музейн сан хөмрөгийн 46 нэр төрлийн 176 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг эргүүлж авчраагүй байна.

Япон улсад үзэсгэлэнд оролцуулахаар явуулсан дөрвөд эр тэрлэг зэрэг үзмэр, эд өлгийн зүйлсийг эргүүлж авчраагүй.

Одоо яах вэ?

Энэ зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн алдагдсан үзмэр, эд өлгийн зүйлсийн нэгээхэн хэсэг нь юм. Бүртгэлд ороогүй хулгайгаар хил давуулсан олон олон соёлын өв бий гэдгийг зарим судлаач он цагийн дарааллаар нь хэлж байсан ч энэ удаад бичихээ азная. 

Мэдээж музейн камержуулалт нэг үеэ бодоход сайжирсан. Гэхдээ бүгдийг нь сайжруулах шаардлага бий. Ирэх оны төсөвт ядаж бүх музейгээ иж бүрэн камержуулах мөнгө тусгая гэхэд зарим гишүүн “Яасан их мөнгөтэй юм” хэмээн хээвнэг хэлж байсан гэх. 

Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг баяжуулах, тоон мэдээллийг шинэчлэх ажлыг Соёлын өвийн үндэсний төв хэрэгжүүлж байгаа. Тэд хууль хяналтын холбогдох байгууллага (цагдаа, тагнуул, гаалийн байгууллага)-д хураагдаж, шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн 262 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг үйлдэж хадгалсан байна. Дээрээс нь орон нутгийн өмчийн 36 музей, мөн Монголбанкны Эрдэнэсийн сан, Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей, Төвхөн хийд, Шанхын Баруун хийд, Гандантэгчилэн хийд, Данзанравжаа музей болон 20 аймгийн 257 сумын орон нутаг судлах музейд хадгалагдаж байгаа 35 955 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, соёлын биет бус өвийн 6700 гаруй өвлөн уламжлагчийн бүртгэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт 9537 газрын бүртгэл холбогдох гэрэл зураг, дүрс бичлэг бусад мэдээллийн хамт хадгалж байгаа аж. 

Гэхдээ энэ төвд төсөв мөнгө хүрэлцээтэй бус. Нэвтрүүлэх ёстой программ нь төсөвгүй улмаас “сул хэвтэж” буй.

Түүх, соёлын салбартаа ямар хайнга хандаж ирсний дараагийн нэг жишээ бол

Төрийн өмчийн 9 музейн эзэмшиж байгаа 27 барилгын 4 нь музейн, 16 нь сүм хийд, ордны, 2 нь музейн сан хөмрөг, оффисын, 5 нь орон сууц, агуулах, худалдаа үйлчилгээ, сургуулийн зориулалттай байгууламж байна.

Орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшиж байгаа 56 байгууламжийн 13 нь музейн, 27 нь сүм хийд, ордны, 1 нь музейн сан хөмрөг, оффисийн, 15 нь орон сууц, зочид буудал, худалдаа үйлчилгээ, номын сан, гэрэл зургийн студи гэх мэт зориулалтын бус барилгатай.

Эдний 12 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсныг өмнөх нийтлэлд дурдсан билээ. 

Нөхцөл байдал ийм байхад манай улс бид аялал жуулчлалаасаа, музейгээсээ, түүх соёлын салбараасаа мөнгө олно, хөгжүүлнэ гэж ярьсаар бүр сүүлдээ гаднын зээл тусламжаар музейн барилга барина гэж ам тагладаг болов.

Байдал дээрдсэнгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэвээр байсаар л байна. Гаднын улс орны хөгжилтэй өөрсдийгөө харьцуулж их ярих юм, өнөө түшээд. Тэдэнд ард түмнээсээ хандив цуглуулж ичих булчирхай худалдаж авч өгье.

Эх сурвалж: EAGLE.MN                       ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598111
0 эможи

keyboard_arrow_up