ИНЕГ-т ослын гэрэл асч, авлигын сүлжээ цэцэглэж байна
Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс чих халууцуулсан мэдээ тасрахаа байлаа. Төмөр зам эвдэрч, галт тэрэг онхолдсон, яамны дарга нар нь ажлын байрандаа архидаж нэгнийгээ хөнөөсөн гээд л базаахгүй хэргүүд ар араасаа гарч, сайд нь огцорсон. Зам тээврийн салбарынхны завхрал үүгээр дуусахгүй нь. Иргэний агаарын тээвэр ч гэсэн төмөр замынхнаас дээрдэхээргүй үлгэн салган, налгар назгай байдалтай, осол эндэгдлийн ирмэг дээр, дээсэн дөрөөтэй дэнжигнэж байх болжээ.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйн жишээ ИНЕГ-т нүүрлээд байна. Энэ бүхэн тус газрын дарга Л.Бямбасүрэнтэй шууд холбоотой. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлага зайлшгүй шаардлагатай энэ чухал албан тушаалд Л.Бямбасүрэн дарга олон талаар тэнцэхгүй, бүр гологдон жульдаж байгааг салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна. Юуны өмнө тэрбээр иргэний нисэхийн салбарын өндөр хариуцлагатай удирдах албыг хаших ёс суртахууны төлөвшилгүй нэгэн ажээ. Энэ тухай Иргэний нисэхийн салбарын төрийн бус байгууллагуудаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж гаргасан хамтарсан албан шаардлага, мэдэгдэлд тодорхой дурдсан байна.
Уг шаардлагад дурдсанаар Л.Бямбасүрэн иргэний нисэхийн дээд мэргэжилгүй атлаа 2017 оны арваннэгдүгээр сарын 01-нд “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Нисэхэд 23 жил ажиллаж байгаа, МИАТ компанид ахлах мэргэжилтэн, албаны дарга, олон улсын нислэгийн даргаар ажиллаж байсан мэргэшсэн ажилтны хувьд...” хэмээн хэзээ ч хийж байгаагүй албан тушаалуудыг хашиж явсан мэтээр гөрдсөн байх юм. Энэ бол иргэний нисэхийн салбарынхныг басамжилсан, хүндэтгэлгүй хандсан, илт худал ташаа мэдээлэл гэдгийг “Иргэний нисэхийн хяналт”, “Нисэхийн мэргэшсэн ажилтнуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагынхан онцолж байна.
Чухам яагаад ийн онцлов? Иргэний нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтан атлаа Л.Бямбасүрэн ажилдаа бараг үзэгддэггүй нэгэн. Зөвхөн сайд, дарга нарыг угтаж, үдэх тохиолдолд л бараагаа харуулдаг “ноёнтон”. Хэрвээ ажилдаа ирэх бол цайны цагаар ирж хоол захиалж идчихээд, хэдэн гарын үсэг зураад л алга болдог байна. Тэрээр хүссэн үедээ өөрийн найз нөхөд, ойр шадар хүмүүсийн хамт гадаадад ИНЕГ-ын зардлаар аялчихна.
Л.Бямбасүрэнгийн хувьд үндсэн ажлаа хийлгүй улсын мөнгөөр гадаадад зугаалж явдаг энэ тансаглал нь хойно өгүүлэх бусад үйлдэлтэй харьцуулахад юу ч биш ажээ. Төрөл садангийнхаа олон хүнийг ИНЕГ болон МИАТ компанид удирдах албан тушаалд томилуулсан төдийгүй төрсөн ахынхаа хүүхэд Дашмягмаржавын Таяаг ИНЕГ-ын зардлаар БНСУ-ын Сөүлд сургаж байгаа “сэргэлэн” нөхөр. Тэрчлэн Таяа дүүгийнхээ эрдэнэ мэт хайрладаг ах гэдгээ харуулж, улсаас олгодог тэтгэмж болох 200 ам.долларыг 500 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Төсвийн мөнгийг хэрхэн зувчуулах түүний арга заль үүгээр зогссонгүй. “Эрсдэлийн даатгал” гэх мэтээр янз бүрийн даатгал санаачлан, даатгалын компаниудтай гэрээ байгуулан түүнээсээ олон сая төгрөгийн ашиг олох болжээ. Мөн мэргэжлийн англи хэлний сургалт зохион байгуулсан хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн 596 сая төгрөг завшсан хэрэг нь аудитын шалгалтаар тогтоогдсон байх юм. Энэ хэрэг нь одоо хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж. Мөн өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудын хамт караокед үйлчлүүлж байхдаа “Дотор орчинд тамхи татаж болохгүй” хэмээн шаардлага тавьсан барменыг зодож гэмтээсэн хэрэг нь мөн цагдаагийн байгууллагад шалгагдан шийдвэрлэгджээ. Энэ мэтээр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, ёс зүйгүй авирласан хэргүүдийг энд дурдвал багагүй цаг зав, цаас зарцуулах хэрэг гарна.
Хамгийн ноцтой нь түүнийг даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд ИНЕГ-т сахилга хариуцлага суларч, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал бүрэн алдагдаж, удаа дараа хүний амь нас, эрүүл мэндээр хэмжигдэх зөрчил дутагдал гарсныг нуун дарагдуулсаар ирсэн байна.
Тухайлбал, 2018 оны зургаадугаар сарын 02-нд ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС загварын агаарын хөлөг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрөөд, унаж сүйрсэн ноцтой хэрэг гарчээ. Азаар онгоцны нисгэгч, зорчигчид амьд гарчээ. Энэ ослын талаар Л.Бямбасүрэн хэвлэлд мэдээлэхдээ “Баянт ухаагаас хөөрөх гэж байгаад чадалгүй ослын буулт хийсэн” хэмээн улайм цайм мэлзсэн байх юм. Тэрбээр энэ мэт ноцтой ослоос сургамж авахын оронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аэродромын засвар үйлчилгээнд “хулхи” мастик нийлүүлсэн байна. Үүний гайгаар Сөүл-Улаанбаатар, Хонконг-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж Буянт ухаад буулт хийсэн МИАТ-ын хоёр онгоцны мотор гэмтэж, олон сая төгрөгийн хохирол учруулсанд өдийг хүртэл хариуцлага тооцохгүй өнгөрөөчихөж болно гэж үү.
Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ИНЕГ-ын тусгай үйлчилгээний албаны катерингийн тусгай хэрэглэлийн автомашиныг жолоодох эрхгүй этгээд жолоодож, агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээр явж байгаад нисэх онгоцны хоолойг мөргөн машинаа эвдэж мөн л олон сая төгрөгийн хохирол учруулсныг нуун дарагдуулжээ.
2018 оны тавдугаар сарын 26-ны шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хориотой бүсэд машинтай иргэн нэвтэрч хашааг нь мөргөн онхолдож, амь насаа алдсан хэрэг хүртэл гарсан байна. Энэ хэргийг аанай л олны нүд, чихнээс далдуур нуун өнгөрүүлж дөнгөж. Ийн олон улсын нисэх буудлын хамгаалалтын талбай, бүсэд иргэд дураараа автомашинтай зорчиж, улмаар амь насаа алдсан нь сахилга хариуцлага суларсны илрэл. Энэ хэвээрээ байх юм бол машин байтугай онгоц осолдож ч мэдэх ноцтой, аюултай байдал үүссэн гэдгийг онцолъё. Энэ бол мууг ёролж байгаа хэрэг огтоос биш. Үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж, дүгнэсэн мэргэжлийн хүмүүсийн үг юм.
ИНЕГ нисэхийн хяналтыг муу гүйцэтгэснээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буулт, хөөрөлт гүйцэтгэж байгаа гадаад, дотоодын авиа компанийн хөлгүүдэд “аюултай ойртолт” бий болж, хоорондоо мөргөлдөж магадгүй ноцтой тохиолдол удаа дараа гарсан байна. Мөн хөөрөлт, буулт хийж байгаа онгоцнууд шувуутай мөргөлдөх нь бүр хэвийн үзэгдэл болтлоо задгайрчээ, тэнд.
Ийнхүү ИНЕГ болон нислэгийн аюулгүй байдал алдагдаж, ослын дохио аль хэдийнэ улалзаж эхэлчихээд байхад Л.Бямбасүрэн дарга аанай л авлигын шинжтэй, эд мөнгөний наймаагаа хийж байж болзошгүй мэдээлэл хамгийн сүүлд салбарын мэргэжилтнүүдийн хүрчээ. Энэ нь ИНЕГ-т энэ сарын 13-нд “Тренд мебель Монголия” гэдэг компани 500 сая төгрөгийн тавилга нийлүүлсэн явдал. Нислэгийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл авахын оронд албан тушаалтнуудын тансаглалд зориулсан буйдан, сандлуудыг олон тоогоор худалдан авсан байна. Угтаа энэ нь хэн нэгний шахааны бизнес гэж хардах бүрэн үндэстэй юм байна. ИНЕГ-ын удирдлагууд үүнийг ирэх хавар ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал болон ИНЕГ-ын одоогийн байрны дэргэд баригдаж байгаа шинэ өргөтгөлийн тавилга хэмээн тайлбарласан байна.
Ийнхүү ИНЕГ-т нислэгийн аюулгүй байдал, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс илүү цөөн хэдэн дарга нарын ая тух, тансаглал чухал болтлоо хууль журам хөсөрдөж, ёс суртахуун уланд гишгэгдсэн захын жишээнүүд энэ байна. Төр түмний өмчийг ийн зайдлан тансаглаж буй ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн тоглоом, тохуурхал улам бүр гүнзгийрэн харлаж, нөхөж барахгүй хохирол учруулахад ойрхон байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|