Хаасан хэрэг дахин сөхөгдөхийн учир…

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэлгүй 18 жил болсны эцэст ТЕГ гэнэт гурван иргэнийг “аллагыг гүйцэтгэсэн”  хэмээн барив­чилж, шүүхээс 20-24 жилийн ял өгч  шоронд хорьсон. Энэ хүмүүс бол Орхон аймгийн иргэн Ц.Амгалан­баатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар юм. Гэтэл  Б.Булган  “мөн” гэж хэлээ­гүйг зарим эх сурвалж хэлдэг. Б.Булганы ээж  Д.Байгальмаа “Хэргийг илрүүлсэн гэхэд итгэхгүй байна. Миний охиныг  ямар нэгэн муу явдлын золиос болгох гэж байна” гэж хүртэл хэлж байв. Олон улсын парламентын холбоо “Хэргийг илрүүлсэн гэх ажиллагаа хүний эрхийг зөрчсөн биш биз” хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Олон нийтийн зүгээс  өнөө хүртэл хэргийг  илрүүлсэн гэдэг нь зохиомол, тавилттай жүжиг хэмээн үзэж, эргэлзсэн, үл итгэсэн байдал  байсаар байна. Мөн  “Захиалагчийг илрүүлээгүй байж гүйцэтгэгч гэж гурван хүнийг ялласан нь учир дутагдалтай”, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүлтийн аргаар хэрэг хүлээлгэсэн  байх ма­гад­лалтай, хүний эрх зөрчигдсөн гэсэн асуудлууд та­виг­даж байгаа юм. Тэгвэл Улсын ерөнхий про­ку­ророос  УИХ-ын Хууль­зүйн байнгын хороонд тавьсан тайландаа  “Хэргийн талаарх шүү­хийн шийдвэрийг хэн ч шүүж, шүүмжилж ярих эрхгүй, хаалттай” хэмээн мэдэгд­сэн. Прокурор хэргийг хаасан гэж байгаа ч  хариу нэхсэн асуулт хөвөрсөөр  байна.Өнгөрсөн долоо хоногт л гэхэд  С.Зоригийг хөнөөсөн   гэх хэргийн мөрөөр ял шийтгүүлэн хориг­доод байгаа Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэг нар  мэдээлэл хийлээ.УИХ-ын түвшинд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Л.Болд нар  Хуульзүйн байнгын хорооны хурал дээр байр сууриа илэр­хийллээ. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвш­сэн С.Соёмбо-Эрдэнийг  хэлэлцэхэд ч салбарын сайдын зүгээс  дээрх хэргийн талаар сануулга сэрэмжлүүлэг  өгөв. Хүний эрхийн комис­сын 17 дахь илтгэлийг хэлэлцүүлэхэд  ч тэрээр мөн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ хэргийн талаарх онцлох эшлэлүүдийг хүргэе.

2018.11.12

Б.Жавзмаа: Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ ХОЁРЫГ ШАЛГА 

-Ц.Элбэгдоржийн захиалгаар ТЕГ-ын дарга Б.Хурц болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, тэдний тойрон хүрээлэгчид зохиомол хэрэг үүсгэсэн. Миний хүүг  хэрэгт хилсээр  гүтгэсэн. Анхнаасаа дарамталж, зовоож тусгайлан бэлтгэсэн өрөөнд ТЕГ-ын албан хаагчтай хамт байлгасан. Тэр хүн нь “Чи энэ хэргийг хүлээхгүй бол гэртээ эргэж харихгүй” гэж дарамталж, дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг оруулж “Хэргийг  хүлээхгүй бол нүдийг чинь сохолж, чихийг чинь огтолно” гэж  зодуулж, нүдүүлж байсан. Мансууруулах бодис хэрэглэн  асуулт асуугаад, хавтаст хэрэг болгосон. Прокурорууд хэргийг үнэн, шударгаар нягтлан тунгааж, хүнийг хэлмэгдүүлэх вий гэдэгт хяналт тавьж байх ёстой. Гэтэл гүтгэлгээр хэргийг шийдсэн. Хийгээгүй хэрэгт бусдыг хилсдүүлж яллачихаад хэрэг хаагдсан”гэж байгааг би эсэргүүцэнэ. Энэ хэрэгт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг шалгах ёстой.

Өмгөөлөгч Г.Баянбилэг: ХЭРГИЙГ ХААХ   БОЛОМЖГҮЙ

– Улсын ерөнхий прокурор  нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг та нар хянахгүй гэсэн утгатай зүйлийг Хуульзүйн байнгын хорооны хурал дээр ярьсан. Хуульзүйн хувьд авч үзвэл энэ хэрэг хаагдах боломжгүй. Шинэ нөхцөл байдалд хэргийг шалгах боломж бий. Энэ  бол  нууцад хамаарах хэ­рэг биш. Хүн амины хэр­гийг эхнээс нь нууцад хамааруулж, харъяаллыг буруу тогтоож ТЕГ-т хариуцуулсан.

  /Эх сурвалж: Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хуралд хэлсэн үгээс/

2018.11.14

Ц.Нямдорж: Б.БУЛГАН “АЛУУРЧИН БИШ” ГЭСЭН

-Энэ  хэргийн нэг шүүгдэгчийн өмгөө­лөгчөөр нууц албаны ажилт­ныг оруулсан. Амьд­ралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан хүн Дээд шүүхэд бүртгүүлэнгүүт өмгөө­лөгчийн эрх аваад тэгээд хамаагүй хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Би баримттай юм ярьж байна шүү, С.Соёмбо-Эрдэнэ шүүгч ээ. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай. Ингэж өмгөөлөх эрх гэдэг юм байхгүй болсон. Хоёрдугаарт, энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан нь хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хэрэгт холбогдуулж 10 сар хорьсон. Сүүлд нь хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Б.Булганы гаргаж өгсөн гэх ам зургаар хүмүүст ял халдааж бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь авалгүй, сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон. Холбогдоод байгаа гурван  хүн чинь биш гэдгийг нь тэр хүн хэлээд байсан учраас шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд нь энэ хэргийн бүх будлианыг хутгасан Г.Эрдэнэбат гэдэг Ерөнхий прокурорын орлогч “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ, тэгээд хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг. Хууль зүйн ийм мэдлэгтэй прокурор энэ хэргийн мөрдөлтийг удир­даж завхруулж, яллаж, Дээд шүүхэд проку­рорыг төлөөлж орж будлиан хут­га­сан. Энэ хэргийн шал­­галтын явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад бүх аргыг хэ­­рэг­­лэсэн. Чангын чангад хоригдож байсан хоригдолд гар утас өгч бүтэн хоёр жил мессеж бичүүлсэн. Эндээс тусгай албаны ажилтныг Эрдэнэтэд аваачиж нэг хүнийг барьж авахын тулд тэр хүнтэй дэлгүүрийн гадаа зодоон хийлгэж хэрэг үүсгэсэн. Нэг эмэгтэйг барьж авахын тулд эмнэлэгт хэвтэж бай­хад нь хашаанд нь хүний хүүр хүртэл аваачиж хаясан, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх гэж. Ийм л нөхцөлд энэ хэрэг таслагдсан. Одоо энэ хэргийн талаар үнэнийг хэлсэн болгоныг хоргоож айлган сүрдүүлж, хэрэг нээл­­гэх, захиалах бүх ажил­­ла­­гаанууд хийгдэж байгаа.

/Дээд шүүхийн шүүгчийг нэр дэвшүүлсэн байнгын хорооны хуралд  хэлсэн үгээс/

Ж.Батзандан: ХЭРГИЙГ ХУУРАМЧААР БҮРДҮҮЛСЭН…

-С.Соёмбо-Эрдэнэд хэлье.   Монголын мафийн хийсэн гэмт хэргийг Дээд шүүх хамгаалдаг явдлыг одоо болиорой, та залуу хүн байна. Та очно,  маргаашаас нь Ц.Зоригт дарамт үзүүлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад Г.Эрдэнэбат гэдэг их сургуулийн багшаар тоглоод дууссан. Дараа нь тэр залууг Прокурорын орлог­чоор тавьж байгаад,  мөрдөн шалгах ажил­лагаанд хяналт тавих эрхийг нь өгч байгаад С.Зоригийг  хөнөө­с­өн хэргийг хуурамчаар ил­рүүл­сэн болж тэр проку­рор  залуугийн амьд­ра­лаар, ирээдүйгээр тог­лоод дуусгасан. Одоо С.Соёмбо-Эрдэнэ таны амьдралаар наад мафи чинь тоглоно шүү. Болгоомжтой байгаарай.

 /Хууль зүйн байнгын хорооны хуралд хэлсэн үгээс/

Ц.Нямдорж:

– С.Зоригийг хөнөө­сөн хэргийг хуулийн байгууллага шийдсэн асар их булхайн талаар ХЭҮК дуугарахгүй байгааг гайхаж байна. Нууц гэдгээр бас айлгачихсан шиг байгаа юм. Монголд 1937 он амилж, хуулийнхан хүсвэл хэнийг ч хэлмэгдүүлж болдог болох нь. Тэгээд хэлмэгдүүлснээ хэргийг нууцын зэрэгт оруу­лах байдлаар хаадаг. Захиалгаар хэрэг шийдвэрлэдэг, захиал­гаар ажилладаг шүүхтэй, прокурортой, цагдаатай, ав­лигатай, тагнуултай болсны шинж энэ асууд­лаар  харагдаад байгаа юм. Би Д.Бямбадорж даргад энэ асуудлыг ярьсан. Хүний эрхийн Үндэсний Комисс цаашаа дуугарч байгаасай.

 / ХЭҮК-ын 17 дахь илтгэлийг хэлэлцэх үеэр хэлсэн үгээс/

Л.Болд: БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ЯЛЛААД ШОРОНД ХИЙЧИХСЭН

Хууль зүйн сайд нь яриад байна шүү дээ,   “Энэ хүмүүс биш” гэж  гэрчлээд бай­хад  гурван шатны шүү­хээр яллаад шоронд  хийчих­сэн. Бид Хүний эрхийн дэд хорооныхонтой  уулзсан. Тэр гурван хүн  бидэнд ямар мэдэгдэл хийж бай­гааг хэлсэн, өөрсдийнх нь өргөдөл гомдлууд ч  байгаа. Олон улсын байгуул­ла­гуудын эргэлзээ, санал дүг­нэлт гарчихсан.  Хүний эрхийн үндэсний комисст хандахаар  “Энэ асуудал руу орж болохгүй байна” гэдэг,  ийм л нөхцөл байдалтай байгаа. Аргаа бараад, үнэн мөнийг олдог газар байх­гүй болоод бид УИХ-ын түвшинд Түр хороо бай­гуулах гээд  УИХ-ын  дар­гаас цаг хүлээж байна. Түр хо­роон дээрээ бид энэ асууд­лыг маш тодорхой ярина. Яагаад 2017 онд, өмнөх  Засгийн газрын үед  Эрүүгийн хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг энэ бүх шатны шийдвэртэй уялдуулж С.Зоригийн хэрэг дээр дуусгах  оролдлого хийж вэ. Цаашдаа хэргийг бүрхэгдүүлж, хэн нэгэн хүнд үүрүүлээд  өнгөрөөж байгаа юм шиг явах аваас энэ бол хүний эрхийн хам­гийн том зөрчил,  дэлхийн хэм­жээнд олон улсын анхаа­ралд өртсөн зөрчил шүү дээ. Үүнийг Монгол Улс өнөөдөр ойлгомжтой маш тодорхой болгохоос нааш бид цаана нь гарна гэж байхгүй.

/ХЭҮК-ийн 17 дахь илтгэлийг сонсох үеэр хэлсэн үгээс/.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт  С.Зоригийг хө­­нөө­­сөн хэрэг, түүнд хол­­­боотой хэмээн шүү­хээр шийтгүүлсэн гур­ван ир­гэний талаар эх сурвал­жууд Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаан, Монгол Улсад Хүний эрх, эрх чөлөөний байдлын та­­лаарх ХҮЭК-ын 17 дахь илтгэлийг хэлэлцүүлэх үеэр нийт  5-6  удаа онцлон  дурдлаа.  Үүнийг холбогдох байгуул­лагууд нь  зүгээр л сонсоод өнгөрөх үү.  Хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн гэх гомдлын ха­жуугаар бүгд  нүд, чихгүй мэт  өнгө­рөөд явчихаж бо­лох уу.  Цаашдаа  нэг нь ярьдаг, нөгөө нь сонсоод өнгөрдөг жишиг тогтох уу. Энэ асуултын хариуг хэзээ нэг мөр болгож, шударга ёсонд нийцүүлэн үнэн зөв шийдвэрлэж, олон нийтэд зарлан мэдээлэх бол гэсэн хүлээлт нийгэмд байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Ч.Үл-Олдох 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597311
0 эможи

keyboard_arrow_up