Хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандъя

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Яг үнэнийг хэлэхэд, улстөрчид хоорондоо нам, хам харахгүйгээр “зодолдож” байна. Сүүлийн хэд хоногт улс даяар дуулиан тариад байгаа ЖДҮХС-гийн зээлийн асуудал ч үүнтэй холбоотой.

Өрсөлдөгчөө намнах, өс хонзон авах сэдэл энэ бүхний цаана бий. Гэхдээ Монгол төрийн түшээ болчихсон, жижиг дундаас хамаагүй том бизнес эрхэлдэг гишүүд голдуу хүмүүс ЖДҮХС-гаас “зоог барьсан “нь тун таагүй хэрэг. Муухай л юм. Ичмээр л эд.

Энэ талаас нь харвал ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг гаргаж тавьсан эх сурвалжуудад баяр хүргэх хэрэгтэй. Цаашдаа энэ сангийн үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш хэн, хэн гэдэг улстөрчид хишиг хүртэж байсныг ч гаргаж тавих ёстой.

Бүр цаашилбал, Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалтыг ч хөндөх нь зүй ёсны хэрэг болж хувирлаа.

ЖДҮХС-гийн энэ жилийн зээлийн хуваарилалтад УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд голдуу хамрагдсан нь энэ сангийн 10 жилийн турш явж ирсэн жишиг нь гэж ойлгоход болно. Өнөөдөр сангийн зарцуулалтыг мэдэж, гарын үсэг зурдаг сайд огцрохоор болж байна. Улмаар УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг прокурор гаргачихлаа. Идсэн чоно ууланд, идээгүй чоно хавханд гэж үг бий. Түүн лүгээ Сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн захирал гурав хавханд орж, зээл авсан гишүүд, албан тушаалтнууд ууландаа үлдэх бололтой. Уул нь УИХ, харин хавх гэж юу болох нь ойлгомжтой биз ээ. Ёс суртахууны хувьд энэ УИХ нуман тулгууртай л 2020 оныг угтаж, бүрэн эрхээ дуусгана гэсэн үг. Жижиг дундын хишиг хүртсэн гишүүд дахин нэр дэвших талаараа эргэж бодох хэрэгтэй болсон байж мэднэ.

Нөгөө талаас энэ мэдээлэл олон сөрөг үр дагавар чирэх шиг боллоо.

Монгол Улсын иргэний хувийн мэдээлэл нууц байх ёстой гэдгийг Хувийн нууцын тухай хуулиар тогтоож өгсөн байдаг. 1995 оны гуравхан бүлэг, есхөн зүйлтэй энэ авсаархан хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Хувь хүний нууцад захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц гэж заасан. Тодруулбал, “…Захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, …Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг, …Хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг, …Гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг, …Хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно” гэжээ.

Тэгээд тус хуульд “…Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэсэн байгаа юм. Улстөрч, бизнесмэн, урлагийн хүн, тамирчин, ер хэн ч бай хамгийн ихээр эрхэмлэдэг, нууц байлгахыг хүсдэг нь гэр бүл байдаг. Магадгүй, зарим хүн бол нээлттэй. Гэхдээ л гэр бүлийнхний мэдээлэл бол нууц байх ёстой.

Гэтэл энэ удаад ЖДҮХС-гийн зээл хэрхэн тараагдсан талаарх мэдээллийг тараахдаа УИХ-ын гишүүдийн гэр бүлийн нууцыг өстэй юм шиг олны өмнө дэлгэлээ.

Хамгийн ноцтой нь цахим сүлжээ, зарим хэвлэлээр түгээсэн мэдээллийн баримт болгож албан тушаалтнуудын гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн гэрийн хаяг, регистрийн дугаар хамаа замбараагүй цацагдлаа.

Ялангуяа фейсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр тийм мэдээллийг тун чиг үзэн ядалтын дор түгээж байгааг хэд хоног харлаа.

Бурууг шүүмжлэх ёстой. Алдааг илрүүлж, дэлгэх учиртай. Гэхдээ ингэж биш. Ёстой юмыг ёс горимоор нь л хийх учиртай.

Энэ ЖДҮХС-гийн зээлийг АТГ, прокурор шалгаад эхэлсэн. Хулгай луйвар хийснийг нь тэд гаргаад л ирнэ. Харин энд нэр дурдагдаж, гэр бүл, хамаатан садан, ойр дотынхныхоо хамаг нууцыг нийтэд дэлгүүлсэн гишүүд, албан тушаалтнуудын хамааралтай гээд байгаа аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу ажилласан бол яах вэ?! Нууцыг нь задалсан хариуцлагыг хэн хүлээх вэ?!

Энэ удаад задарсан олон хүний нууц маш аюултай үр дагаврыг авчирч мэднэ гэдгийг дахин хэлье. Маш аюултай шүү. Хамгийн зөөлөн эрсдэл гэхэд регистрийн дугаараар хакерууд ажиллавал банкны карт, бусад цахим халдлага бол энгийн, бараг 99 хувийн магадлалтай болсон.

Харин хүндрүүлж бодвол тухайн хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд юу ч тохиолдож болох эрсдэл үүслээ. Нэр дурдагдсан УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд нийгэмд тийм ч сайн нэргүй хүмүүс л дээ. Энэ нууц биш. Өөрөө, үйл нь заавал хэн нэгний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах ажил эрхэлдэг болохоор тэр. Бас тэгээд нийгэм их бухимдалтай байна. Бид ийм эрсдэлийг хангалттай мэднэ дээ, уг нь.

1998 оны аравдугаар сарын 2-нд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ алагдсан. 2006 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг ажил дээр нь хөнөөсөн. Хэдхэн сарын өмнө Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга А-г албан өрөөнд нь хутгалсан. Түүнийг хөнөөж ч болох байсан.

Энэ бүхэн дээр хэлсэн хувийн нууцтай ямар нэг байдлаар холбогдоно. Халдсан этгээдүүд тэдний талаар тодорхой мэдээлэлтэй байсантай холбоотой. Тэгэхээр дээрх хүмүүсийн хувийн мэдээллүүд нийтэд ил болсноор ямар нэг байдлаар халдлагад өртөх магад­лалтай боллоо гэсэн үг.

Дэлхийн зарим улсад улстөрчид, иргэд ингэж бусдын хувийн мэдээллийг чөлөөтэй задлах байтугай хууль ёсны байгууллага хүртэл хууль бусаар хувийн мэдээлэл цуглуулахыг хориглодог байна. Канадын Тагнуулын алба өөрийн орны иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж аван сүүлийн 10 жилийн турш хадгалж байсныг тус улсын Холбооны шүүгч Саймон Ноел илчиллээ гэсэн мэдээлэл 2016 онд цацагдсан. Энэ мэдээллийн хариуд Канадын Аюулгүй байдал, тагнуулын байгууллагын тэргүүн Мишель Колумб “…Манай байгууллага Холбооны шүүхийн шийдвэрт захирагдан, нэн даруй шуурхай арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байдаг.

Ер нь бол гэр бүлийнхээ, хамаатан садныхныхаа, ойр дотнынхныхоо гэрийн хаяг, регистрийн дугаарыг алдчихсан хүмүүс ямар байдалтай байгаа талаар мэдээлэл задалсан хүмүүс юу бодож байгаа бол?! Яг үнэндээ нэг тэрэгний л дугуйнууд байгаа юм.

Тиймээс үзэгний үзүүрт чинь бусдын хувь заяа явааг сэтгүүлчид маань бодож, хэт эрх чөлөөт цахим сүлжээний задгай мэдээлэл, чөлөөтэй “жиргээ” чинь хэн нэгэн хүн, эсвэл бүхэл бүтэн гэр бүлийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг фэйсбүүкчид, твиттерчид ухамсарлах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596949
0 эможи

keyboard_arrow_up