Хүн амаа өсгөх төрийн бодлого бэлэн мөнгөний “угж” болж хувирлаа

2018 оны 10 сарын 24

Төрөлт буурснаар ямар хүндрэл тулгарч буйг Японы жишээ харуулж байна​

Манай улсын хүн амаа өсгөх бодлого байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч байгааг “Дэлхийн хүн амын байдал-2018” тайланд илтгэжээ. Төрөлт саарсан, хүн амаа ихэсгэхээр хичээж буй улс орнуудад гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлэх нь нэн чухлыг уг тайланд онцолсон байна. Үүнээс манай улсад хамгийн их хамаатай нь ажлын цагийн хуваарийг цэцэрлэг, сургуулийнхтай уялдуулж, гэр бүлүүдийг үр хүүхдээ эдийн засгийн дарамт шахалтгүйгээр өсгөх боломж бололцоогоор хангах явдал аж. Маш энгийнээр хэлбэл, эцэг эхэд нь ажил хийх боломж олгож, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, цагийн хуваарийг уян хатан болгож байж хөгжингүй Монгол улсыг бүтээх өнөр өтгөн гэр бүлүүд бий болно. Харамсалтай нь хүн амаа өсгөх төрийн бодлого бэлэн мөнгөний “угж” болж хувирчихаад байна. Албан ёсны баримт сөхье. 2016 онд 79,920 хүүхэд төрсөн. Гэвч өнөө жил хоёр нас хүрсэн тэдний 32 мянга нь цэцэрлэггүй үлдсэн. Харин 2012 онд мэндэлсэн 73 орчим мянган хүүхдийг энэ жил нэгдүгээр ангид авахын тулд 38 дугаар сургууль гэхэд 15 бүлэг, 79 дүгээр сургууль найман бүлэг нээж, гурван ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жил 38 болж нэмэгдлээ.

Эцэг, эхчүүд гэртээ суугаад хүүхдээ харах, эсвэл орлогоо бодоод хүүхдээ эрсдэлд оруулж ажлаа хийх үү гэдэг сонголттой нүүр тулж байна. Үүний зэрэгцээ, агаарын бохирдол, эмнэлгийн хүртээмж муу, өр, зээлтэй гээд олон шалтгаанаар гэр бүлүүд ам бүлийнхээ тоог нэмэх бодлоо орхисон нь тэр бүр илэрхийлээд байдаггүй ч бодит үнэн юм. Нэгэнт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хангагдаагүй нөхцөлд гэр бүлээ эдийн засаг, үр хүүхдээ эрүүл мэнд, боловсролын хувьд эрсдэлд оруулан байж ам бүлээ нэмэхийг хэн хүсэх билээ. Гэтэл төр засаг хүн амын цонх үеэ хадгалж, Азийн бар орнууд шиг хөгжлийн шинэ загвар болох санаархлаа хавтгай “хэлбэртэй” халамжаар биелүүлнэ гэж эндүүрсээр яваа. Сар бүр хүүхэд бүрт хэл амтайхан тарааж буй 20 мянган төгрөг, хүүхдээ асарч буй ээжүүдэд олгодог 50 мянган төгрөгийн тэтгэмжээр хүн амаа өсгөхгүй. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажил хөдөлмөр эрхлэх ялгаварлалгүй орчин бий болгож, эмэгтэйчүүдэд хэзээ жирэмсэлж, ямар зайтай, хэдэн хүүхэд гаргах сонголт хийх эрх нь нээлттэй, эдийн засгийн барьергүй, залуучууд нь гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт мэдлэгтэй, хот сууринд хүн амьдрах наад захын эрхүүдийг хангах зэрэг олон хүчин зүйлийг зэрэг бүрдүүлж байж хүн амаа амжилттай өсгөдгийг бусад улс орнуудын жишээ харуулж байна. Тухайлбал, Азийн олон оронд гэр бүлд чиглэсэн бодлогын ачаар төрөлт нэмэгдэж, 1970-1980 оны эдийн засаг, хөгжлийн их үсрэлт бий болсон гэж демографийн шинжээчид дүгнэжээ.

50 жилийн дараа таван хүний нэг нь өндөр настан болоход тэтгэврийн сан бэлэн биш

Харин Шведэд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажил эрхлэх тэнцүү боломж олгосноор ард иргэд нь ажлаа бодох уу, эцэг эх байх уу гэдэг хоолойд тулсан сонголт хийх шаардлагагүй болсон аж. Тус улсад хүн амаа өсгөх нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүүхдээ харах 480 өдрийн цалинтай чөлөө эн тэнцүү олгох зохицуулалттай болсон. Эхний 90 хоногт эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ хардаг бол дараагийн 300 өдөрт эцэг, эхийн үүргээ хувааж гүйцэтгэх бөгөөд 30 өдөрт нь эхнэр, нөхөр заавал хамтдаа байна. Цалинг нь чөлөөний эхний 390 хоногт өдөрт 110 хүртэлх ам.доллар, үлдсэн хугацаанд үүнээс багасгаж тооцдог. Энэ зохицуулалт тухайн гэр бүлд сайн сайхан уур амьсгал бүрдүүлэхээс гадна ажил олгогчид ч хүйс харгалзахгүйгээр хэн илүү чадвартайг нь ажилд авах сонголт олгож буй давуу талтай зохицуулалт. Гэтэл манайд эмэгтэйчүүдэд л төрсний дараах амралт олгодог тул ажил олгогчид эрэгтэйчүүдийг ажилд авах сонирхол түлхүү байдаг. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь эрчимтэй тэлж буй хотжилтын хурдыг гүйцэхгүй байгаа учраас хотод төрөлтийн түвшин хөдөөтэй харьцуулахад бага байна.

Хүмүүс нэгэнт чанартай эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн илүү боломжийг хайн хот суурин газарт шилжиж ирж буйг нь буруутгах аргагүй. Гагцхүү алсыг харсан зөв төлөвлөлтөөр энэ бүхнийг зохицуулах учиртайг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм олон шалтгаанаар Монгол улсын хүн амын өсөлт өнөөдөр саарчихаад байна. Үндэсний статистикийн хорооноос 2017 онд гаргасан “Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлага” судалгаагаар хүн амын жилийн дундаж өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурсаар өнгөрсөн онд 1.9 хувь болжээ. 1950 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлж байсан бол 2015 онд төрөлт буурч буй орнуудын тоонд орж байна. Төрөлт буурснаар нийгэм, эдийн засгийн ямар хүндрэлтэй нүүр тулж буйг өдгөөгийн Японы жишээ харуулж буй. Ажиллах хүчин нь хомсдож, ажил олгогчид бусад улс оронд “brain hunting” хийхийн зэрэгцээ ахмад настнуудын амьжиргааг залгуулах тэтгэврийн эх үүсвэр хомсдох эрсдэл бий болсон.

Уг нь тус улс хүн амын насжилт толгойн өвчин болно гэдгийг 50 жилийн өмнө олж харж, арга хэмжээ авсан учраас өнөөдөр дэлхийд хамгийн томд тооцогдох тэтгэврийн санг бүрдүүлж чадсан. Тэгсэн атал энэ сангийн мөнгөний эргэлт, хуримтлал хүн амын насжилтын хурдыг гүйцэхгүй л байна. Гэтэл Монгол улсын хүн амын насны суварга 50 жилийн дараа өнөөгийн Японыхтой адил болох тооцоо НҮБ-аас гаргасан. Өөрөөр хэлбэл, төрөлтийн одоогийн түвшнээр 50 жилийн дараа гэхэд таван монгол хүний нэг нь өндөр настан буюу тэтгэвэр авагч болно. Тэр цагт өнөөгийнх шиг залуу үеийнхний төлсөн шимтгэлээр өндөр настнууддаа тэтгэврийг нь өгч нэгэнт хүчрэхээ болино гэсэн үг. Өнөөдөртөө хүн амын насны бүтэц 20 хүн тутамд нэг өндөр настан ногдож буй. Гэсэн ч тэтгэврийн сангийн алдагдал жилээс жилд зузаарч байна. Харамсалтай нь Монгол Японтой адил хөрөнгийн зах зээлээс хөлжиж чаддаг тэтгэврийн сангүй, эдийн засгийн бодит өсөлт удаан, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гээд хуйхаа маажиж, тархиа гашилгах сэдэв даанч олон. Тиймээс л хүн амаа өсгөх бодлогоо нэр төдий, хавтгайруулсан халамжаар бус бүхий л хүрээнд тогтолцооны хувьд уялдуулах ухаан дутаж буйд үг нэмэрлэхээс аргагүй байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596384
0 эможи

keyboard_arrow_up