Автомашины аюулгүйн суудал таны ХҮҮХДИЙН АМИНААС ҮНЭТЭЙ юу?
Зургийг Самбуугийн Энхтөр Фэйсбүүк хаягнаас ашиглав.
Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж шинээр тусгаснаар автомашин, тээврийн хэрэгсэл жолоодогч эцэг, эх болгон хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж занших хэрэгтэй болж байна гэсэн үг юм.
Хэрэв дээрх заалтын дагуу эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 14-р буюу "Мэдээлэл, Харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил"- ийн бүлгийн 7.45-д зааснаар "Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн тусгасан ба өөрөөр хэлбэл зөрчил гаргасан иргэнийг 50,000 төгрөгөөр торгох юм байна.
Хөгжингүй орнуудын хууль, дүрэмд ч мөн ийм төрлийн заалтыг тусгасан байдаг ба Засгийн газраас хууль, дүрмийн хатуу хяналтын үр дүнд иргэдийнхээ хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг гэж хэлж болно.
Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа бий.
2018 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 692 бүртгэгдэж ослын улмаас 31 хүүхэд амь насаа алдаж, 467 хүүхэд гэмтэл авснаас 111 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байна.
Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 20.1 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 26.0 хувиар, нас барсан хүүхэд 41.5 хувиар тус тус буурсан ч бид энэ тоонд тайвширч болохгүй юм.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын 82.2 хувь нь нийслэл хотод, амь насаа алдсан хүүхдийн 74.1 хувь, гэмтсэн хүүхдийн 54.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Осолд өртсөн хүүхдийн 26 хувь нь гэхэд автомашин дотор зорчиж явсан хүүхэд байгаа бөгөөд энэ төрлийн ослыг бид уг нь бууруулах боломжтой билээ.
Хамгийн анх 1900-аад онд Европын улсуудад хүүхдийг автомашинд зорчих үед хөдөлгөөнгүй суулгах болон цонхоор харахад тохиромжтой байлгах үүднээс хүүхдийн зориулалтын суудлыг өндөрлөгөө маягаар хэрэглэхээр бүтээж байжээ. Хожим нь ийнхүү бидний өнөөдөр хэрэглэж буй хүүхдийн хамгаалах зориулалтын суудлын хувилбар бий болсон байна.
Дэлхийн дийлэнх улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагын шаардлагад нийцсэн зориулалтын суудлыг нас, өндрөөс нь хамааран хэрэглэхийг эцэг, эхчүүдэд зөвлөдөг байна.
Тэгвэл манай улсын хувьд шинэчлэгдээгүй, өнөөдрийг хүртэл мөрдөгдөж буй замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д "Гурав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй тохиолдолд зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно" хэмээн заасан байдаг.
Харин ирэх сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх шинэчилсэн дүрмээр:
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орон бүрт гаргадаг зөвлөмжийг үндэслэн дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж өөрчилжээ.
- Мөн хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын шаардлагад нийцсэн байх, түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлах тухай заалтыг дүрмийн 23.8-д тус тус тусгасан байна.
- Мөн харгалзах хүнгүй тохиолдолд зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
Иймд шинэчилсэн дүрэмтэй холбогдуулан автомашин, тээврийн хэрэгсэл жолоодогч эцэг, эхчүүд хүүхдийнхээ нас, биеийн өндөр, жинд тохирсон зориулалтын суудлыг авч хэрэглэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа тул та бүхэнд хүүхдийн суудлын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.
Манай улсын замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн дунд бага насны эсвэл нярай хүүхдээ эцэг, эх, асран харагч нар нь өвөр дээрээ авч хөдөлгөөнд оролцдог тохиолдол олонтоо харагддаг.
Зарим тохиолдолд хүүхдээ урд талын суудалд ч суулгасан байдаг. Гэвч энэ нь хүүхдийн амь насанд аюултай ба тээврийн осол, гэнэтийн зүйл тохиолдоход хүүхэд амьд үлдэж чадна гэсэн ямар ч баталгаагүй юм.
Хөгжингүй дийлэнх улсууд хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан зориулалтын суудлын стандарт, шаардлагыг хууль, дүрэмдээ хүчтэйгээр тусгаж, иргэдийнхээ хэрэглээнд аль хэдийн бүрэн нэвтрүүлсэн гэж хэлж болно.
Мөн эдгээр улс бүрт суудлыг ашиглах талаар ялгаатай олон зохицуулалт, дүрмийг гаргасан байдаг. Тодруулбал,
- Их Британи улсад насны 12 хүртэлх бүх насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ заавал зориулалтын суудалд суулгана,
- Герман улсад метр 50 см-ээс доош өндөртэй болон 12 хүртэлх насны бүх хүүхэд бүр зориулалтын суудалд сууна мөн таксигаар зорчиход хүртэл суух хэрэгтэй байдаг аж,
- АНУ-ын хувьд Муж болгон нь өөрийн гэсэн ондоо хууль, дүрмийн зохицуулалттай байдаг тул энэ талаар ч мөн ялгаатай стандартыг мөрдлөгө болгодог байна.
Манай улсын эцэг, эхчүүдийн дунд зориулалтын суудал хэтэрхий үнэтэй, богино эдэлгээтэй гэх шалтгаанаар худалдаж авах дургүй хандлага байдаг гэж хэлж болно.
Гэвч автомашины осол, гэмтлийн үед таны хүүхдийн амь нас чухал уу эсвэл нэг удаагаар 100-400 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой хамгаалалтын суудлын үнэ чухал уу гэдгийг нэг бодоод үзэхийг хүсэж байна.
Автомашины ослын үед зориулалтын суудал хэрхэн ажилладгийг харуулсан видео:
ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ ХУДАЛДАЖ АВАХААР ЗЭХЭЖ БУЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД...
Автомашины хамгаалалтын суудал нь дотроо их олон янз байдаг. Дөнгөж төрснөөс эхлээд өсөж том болсон арав хүртэлх насны хүүхдийг ч зориулалтын суудалд тээвэрлэх зориулалттай байдаг. Хүүхдийн нас, өндөр, жингээс нь хамааран загвар, хэмжээ зэрэг нь өөр байдаг тул хүүхэддээ таарч, тохирох суудлыг сонгох нь хамгийн чухал.
СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛ:
Хүүхдийн жин |
Нас |
Зэрэглэл |
Нярайгаас 10 кг хүртэл |
0-9 сар |
0 |
Нярайгаас 13 кг хүртэл |
Нярайгаас 4 нас хүртэл |
0+ |
9-18 кг |
9сар-4 нас хүртэл |
1 |
15-25 кг |
6 нас хүртэл |
2 |
22-36 |
12 нас хүртэл |
3 |
Эх сурвалж: Замын цагдаагийн ерөнхий газар
“0”
Хараахан суух болоогүй байгаа бяцхан зорчигчдод зориулагдсан энэхүү зэрэглэлийн суудал нь нялх хүүхдийн тэрэгний дээд хэсэг бөгөөд түүнийг бөөрөөр нь машин арын суудалд тусгай бүсээр бэхлэн тээвэрлэдэг байна.
“0+”
Энэ төрлийн суудал нь бусдаасаа илүү олон талын ажиллагаатай гэж хэлж болно. Бариулын тусламжтайгаар хэд хэдэн байрлалаар тохируулж болдог. Тус суудлыг зөвхөн автомашинд аюулгүйн суудал гэдэг утгаар хэрэглээд зогсохгүй аялалд явахдаа, дэлгүүр эмнэлэг бүр онгоцоор зорчихдоо ч зөөврийн суудал болгон хэрэглэж болдгоороо онцлог.
Дугуйтай хөл дээр суурилуулбал түрдэг тэрэг ч болж болно. Автомашинд бэхлэхдээ зорчих хэсэг рүү нуруугаар нь харуулан арын, эсвэл урд суудалд хамгаалах бүсээр бүсэлж тогтооно. Ийм байрлал нь хамгийн аюулгүйд тооцогддог байна.
“1”
Ихэвчлэн зорчих хөдөлгөөний дагуу арын болон урд талын суудалд байрлуулах зориулалттай ба түшлэг нь хэд хэдэн байрлалын тохиргоотой, бас тохиргоогүй ч бий. Холын замд хүүхэд тээвэрлэх гэж байгаа бол энэ суудал маш чухал. Суудлыг машины аюулгүйн бүсээр бэхэлж хүүхдийг машины хэсгийн хамгаалалтын бүсээр юм уу, өөрийнх нь хамгаалалтын суудлын бүсээр бүсэлж өгнө. Ихэнх загварын түшлэгний толгойг хүүхдийн биеийн өндөрт тохируулж болдог байна.
“0+1”
Энэ загварыг маш удаан хугацааны туршид хэрэглэх зориулалттай ба хүүхдийн нас болон биеийн жингээс хамааран зорчих чигийн дагуу эсвэл эсрэг тохируулж, арын ба урд талын суудалд байрлуулах боломжтой юм. Мөн автомашины аюулгүйн бүсээр бэхэлж болох бөгөөд бяцхан зорчигчдод зориулсан өөрийнх нь жижиг бүстэй байдаг байна.
1/2/3
Хэмнэлт-ангилал нь хоёр дахин төлөх дургүй хүмүүст зориулагдсан загвар гэж хэлж болно. Энэ загварыг ойролцоогоор 0-12 насны хүүхдүүдэд тохиромжтой гэдэг боловч яг амьдрал дээрээ нэг настай хүүхдүүдэд тийм ч тохиромжтой биш. Учир нь түшлэгний тохиргоо нь унтах байрлалд таардаггүй аж.
Хүүхдийг 3-4 нас хүртэл нь хүүхдийн хамгаалалтын суудлын бүсээр, харин түүнээс дээш насны хүүхдийг машины хамгаалалтын бүсээр бүсэлнэ. Хэрэв суудал нь давчдаж эхэлбэл түшлэгийг авч хүүхдийг 150 см-ийн өндөртэй болтол нь хэрэглэж болно.
“2/3+”
Энэ төрлийн суудал нь өндөр түшлэгтэй тул суудал хүүхэдтэйгээ хамт “өснө” гэсэн үг юм. Мөн өөртөө хамгаалалтын бүстэй, түшлэгний өргөнийг шаардлагатай хэмжээгээрээ өөрчлөх тохируулгатай загварууд байдгаараа давуу талтай. Тус зэрэглэлийн суудал нь хүүхдийг өвлийн цагт хувцастайгаа чихэлдэхгүй байхад илүү тохирдгоороо онцлогтой юм.
Зориулалтын суудлыг худалдаж авахад замын хөдөлгөөний дүрэм, бүтээгдэхүүний стандарт шаардлагаас гадна үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг сайтар уншиж, суудлыг зааврын дагуу байршуулах нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нийтийн тээвэр болон таксинд хүүхдийн хамгаалалтын суудлыг тэр бүр ашиглах боломжгүй байдаг тул хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нар өвөр дээрээ авч "заавал" арын суудалд суухыг шинэ дүрэмд тусгажээ.
Манай улсын хувьд хүүхдийн хамгаалах суудлыг онлайн дэлгүүр болон зарим хүүхдийн хувцас, хэрэглэл борлуулдаг дэлгүүрүүдээр худалдаалж байна. Үнийн хувьд стандарт шаардлага хангасан, илүү удаан эдэлгээтэй, өнгө чанараасаа хамааран хүүхдийн аюулгүйн суудал дунджаар 100-400 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна.
Үүнээс гадна хэрэглэсэн ч эдэлгээ нь муудаагүй хүүхдийн тэрэг, машины суудлыг эцэг эхчүүд "Хүүхдийн тэрэг автомашины суудал хоолны ширээ авна, зарна", "Хүүхдийн хэрэгцээт бараа" гэх мэт фэйсбүүк группээр дамжин дэлгүүрийн үнээс илүү хямд авч, хуучин суудлаа солилцох гэх мэт хүүхдийн зориулалтын суудлыг худалдаж авах олон суваг байсаар буй.
Эх сурвалж: IKON.MN
|