Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна

2018 оны 10 сарын 16

Азийн цээжинд орших тэнгэр заяат Монголчууд бид аливаа зүйлийг өөдрөгөөр харж чаддаг улс гэхэд хилсдэхгүй.

Ямар сайндаа л улс төрчдийн амлалт, хэрэгжилтийн талаар “Ц.Элбэгдоржийн байгуулсан хамгийн ардчилсан улсад Х.Баттулга ерөнхийлөгчийн Майдар хот бий. Аж үйлдвэрийн парк, Таван толгой чиглэлд тавьсан 1100 км төмөр замын хоёр талаар УИХ-ын дарга М.Энхболд 10 сая мод тарьсан. Тийшээ зөвхөн Э.Бат-Үүлийн 2017 онд ашиглалтад оруулсан метрогоор очдог” гэсэн хошин яриаг хүртэл гаргаад байх вэ дээ.

Хошин хэр нь хамгийн өрөвдмөөр энэ ярианд дурдагдаж буй Тавантолгой чиглэлийн төмөр зам эсэргүүцэл, дэмжлэгтэй нүүр тулж арван жилийг элээгээд байгаа ч өдийг хүртэл гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл нэгээхэн ч үгүй...

2.5 КМ УРТ ГАЛТ ТЭРГЭЭР ЖОЛООЧГҮЙ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

Бид нарийн, өргөн цариг ярьсаар өнөөдөр ямар ч замгүй сууж байхад дэлхийн хөгжил биднийг “баяртай” ч гэж хэлэлгүй хол хаян оджээ. Тодруулбал, уул уурхайг улс орны эдийн засгийн тулгуур багана болгож буй Австрали автоматжуулалтын эрин үеийг уул уурхайн салбарт авчирч, жолоочгүйгээр тээвэрлэлт хийж байна.

Олон зуун хүний хөлс хүчээр жилдээ нэг сая тонн нүүрс олборлодог байсан одоо технологийн ачаар таван уурхайчин 10 сая тонн нүүрс олборлодог болжээ

Уул уурхайн салбарт томоохон тоглогчдын нэг “Рио Тинто” групп өнөөдрийн байдлаар нийт дэлхий даяар 65 уурхайгаас олборлолт хийдэг. Тус групп “Ирээдүйн уурхай” төслийг арван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд Австралийн Перт хот дахь Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа бүрэн автоматжуулжээ. Энд хүнд машин механизмууд бүгд жолоочгүйгээр тээвэрлэлт хийдэг. Тодруулбал, Пилбарад дахь хүнд даацын машин, эксковатор гээд 90-ээд том техникүүдийг 1500 км-ийн алсаас удирддаг.

Австралийн баруун эрэг дэх 16 уурхайгаас цөөн хэдэн уурхайг ийнхүү автоматжуулах ажил эд өрнөж байгаа бөгөөд 2.5 км урт галт тэргээр жолоочгүй тээвэрлэлт хийж байгаа аж.

Дээр дурдсан Пилбара уурхайд бүх зүйл нь автоматжсан. Зөвхөн хүнд машин механизм төдийгүй уурхайд төмөр замын сүлжээ хүртэл хөгжсөн. Том дэлгэцнээс бүхий л машин механизмуудаа удирдан аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна.

Олон зуун хүний хөлс хүчээр жилдээ нэг сая тонн нүүрс олборлодог байсан бол одоо технологийн ачаар таван уурхайчин 10 сая тонн нүүрс олборлодог болжээ.

Автоматжуулалт хэдийгээр олон давуу талтай ч ажлын байрыг хумих эрсдэл бий болгож байгаа эсэх талаар “Рио Тинто” группийн Өсөлт инновацийн группийн захирал Моник Бенстэд “Уул уурхайн салбарт автоматжуулалт 2000-аад оноос хүчээ авсан. Ингэснээр хүний оролцоо багасаж, олон ажлын байр хаагдаж улмаар зардал буурна гэсэн хүлээлт байсан. Гэвч тухайн үед хүнд даацын машиныг жолоодож байсан 90 хүний ажлын байр шаардлагагүй болсон ч нөгөө талдаа шинэ бүтцэд 600 хүний ажлын байр бий болсон” гэдгийг хэлж байв.

Ажиллах арга барил, ажлын төрөл өөрчлөгдсөн хэдий ч техникийн ур чадвар сайтай боловсон хүчний тоо нэмэгдсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай гэнэ. Харин мэргэжлийн хувьд

  • Дрон нисгэгч,
  • Дата аналист,
  • Кибер хамгаалагч зэрэг ажлын байр нэмэгдэнэ гэдгийг хэлж байна.

ВИРТУАЛ РИАЛИЗЭЙШН АШИГЛАН ХИЧЭЭЛ ЗААЖ ЭХЭЛЖЭЭ

Уурхайг ийнхүү автоматжуулснаар ажлын бүтээмжийг даруй 10 дахин нэмэгдүүлж, экспортыг өсгөсөн. Тиймээс ч уул уурхай, эрдэс баялгийн инженерийн салбарын дэлхийн шилдэг боловсон хүчин бэлтгэгч хэмээн өргөмжлөгдсөн Квийнслэндийн их сургуульд хичээлээ виртуал риализэйшн ашиглан зааж эхэлжээ. Технологидоо гологдохгүй мэргэжилтэн бэлтгэх зорилго энд ид хүчээ авч байгааг үүнээс харж болохоор.

Газрын гадаргаас олон метрийн гүнд өрнөх нүүрс олборлох үйл явцыг дэргэдээс нь харах боломж оюутнуудад тэр бүр олдохгүй. Тэгвэл дадлагад суурилсан хичээл орох боломжийг тус хичээл олгодог. Олборлолттой нарийн танилцах, дэргэд нь очсон мэт бодит мэдрэмж төрүүлдэг тул энэ хичээл оюутнуудын сонирхлыг ихээр татдаг гэдгийг тус сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил хэлж байна.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596025
1 эможи

keyboard_arrow_up