Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл
2018 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ. Үүгээр 2000 онд төрсөн 18 настангууд зарлан дуудах хуудсаа гардаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар 18-25 насны эрэгтэйчүүд нэг жилийн хугацаат цэргийн албыг хаах ёстой.
Цэргийн алба хаасан залуусыг төрийн жинхэнэ албанд авахаар хуульчилснаас хойш цэрэг татлагад хамрагдагчийн тоо харьцангуй өссөн ч сүүлийн хоёр жилд буурсан гэж албаны хүн хэлж байна. Цэргийн алба хаагчдын тоо нууцын зэрэглэлд байдаг учир энэ талаар дэлгэрэнгүй тодорхой тоо хэлэх боломжгүй.
Гэхдээ нэгэн аймгийн төвийн цэрэг татлагын дүн мэдээг энд жишээ болгон дурдая. 2017 оны II ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэргийн насны 2246 иргэнд зарлан дуудах хүргүүлэхэд 1098 залуу комисст бүртгүүлж цэргийн үзлэгт оржээ. Үндсэн хуульд заасан иргэний үүргээ гүйцэтгээгүй 1148 иргэн тус цэрэг татлагаас зугатсан байна.
Харин үзлэгт орсон 1098 иргэнээс 268 нь эрүүл мэнд, 266 иргэн ар гэрийн гачигдал, 412 нь сурагч, оюутан гэсэн шалтгаанаар хасагдаж, 38 залуу албанд морджээ. Өөрөөр хэлбэл зарлан дуудах авсан залуусын 1.7 хувь нь цэргийн жинхэнэ албанд татагдсан гэсэн үг. Нэг аймгийн төвийн хэмжээнд 38 эр шүү дээ. Зарим мэдээллээр нэг сумаас ганцхан хүн цэрэгт татагдсан ч дуулдаж байна. Байнгын армитай улсын хувьд хангалтгүй үзүүлэлт.
Залуус бие бялдрын доройтлоор цэргийн албанд тэнцэхгүй байна
Манай улсын хуулиар хэдхэн тохиолдолд л цэргийн албанаас чөлөөлөх заалттай. Цэргийн албанд тэнцэхгүй болохыг эмч тогтоосон, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй өнчин дүүтэй, хөгшин эцэг, эхтэй, сэжигтэн, ялтан гэх мэт арван хуруунд багтах зовлонд чөлөөлөх хуудас өгдөг.
Цэрэг армидаа онцгой анхаарал хандуулдаг орнууд эрчүүдийг ар гэр, ахуй амьдрал, эрүүл мэнд, эрх мэдэл, хөрөнгө чинээ хамаарахгүй албадан татдаг. Үүнийг хоёр Солонгосын жишээнээс тодорхой харж болно. БНАСАУ-ын хуулиар 17 нас хүрсэн иргэн бүр цэргийн алба хаах ёстой. Эрчүүд нь 13 жил, эмэгтэйчүүд гурван жилийн хугацаанд цэргийн албыг хаасан байх хатуу хуультай.
Тус улс эмэгтэйчүүдийг сайн дураар цэргийн албанд татдаг байсан бол 2015 оноос албан ёсоор татах хуультай болсон аж. Мөн эрчүүд нь 10 жилийн алба хаадаг байсан ч 2013 оны өөрчлөлтөөр гурван жилийг нэмжээ. Харин Өмнөд Солонгост 18 нас хүрсэн эрчүүд албан шаардлагаар 27 сар цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Алдартай нэр, хөрөнгө чинээ тэнд үйлчлэхгүй.
Хажууханд нь 13 жилийн цэрэг армитай “дайсагнагч” хөрш байхад арга ч үгүй юм биз. БНСУ цэргийн алба хаагаагүй, зугатсан, бултсан иргэнээ урвагч гэж тооцдог тул чөлөөлөх тухай ойлголт байдаггүй. Харин спортын амжилт үзүүлсэн тамирчдаа харж үздэг тал бий. Тэр ч үүднээс саяхан Индонезид болсон Азийн наадмаар аварга болсон тамирчдыг цэргийн албанаас чөлөөлөх болзол гаргаж байв.
Цэргийн албанаас чөлөөлөх боломжийн төлөө өрсөлдөөнд хөлбөмбөгийн эрэгтэй баг нь аваргалж баярлан уйлсан бол мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн алдарт бөх Ан Чанрим харамсан нулимс дуслуулж зогссон билээ. Цэргийн албанаас зугатах бус тамирчны амжилт тасалдах учраас тийн харамсан уйлж байгааг ойлгож цөхөх юун.
Ингэлээ гээд хүн ам олонтой гэлтгүй түүнийг цэргийн албанд татаж л таарна. Харин манай улсын цэрэг татлагын дүн мэдээ жил ирэх тусам буурч байгаагийн нэг шалтгаан аархсан баян нь мөнгөөр ацаглах, аргагүй нэг нь дүйцүүлэх албыг сонгох боломжийг олгосонтой холбоотой. 2017 онд Засгийн газраас цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг таван сая төгрөгөөр тогтоосон нь барагтай айлын бардаг даваа биш.
Тиймдээ ч боломжгүй зарим нь дүйцүүлэх албыг сонгон ажлын хажуугаар дайчилгаанд оролцдог болсон. Цэрэгт тэнцэх эрсийн тоог бууруулж байгаа гол хүчин зүйл залуусын бие бялдрын доройтол. Хөвсгөлд явагдсан цэрэг татлагын тоо баримтаас ч энэ нь тодорхой харагдаж байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх хөтөлбөр хаягдснаас дорой биетэй, доожоо муутай залуус олширчээ.
Биеийн тамирын хичээл бие бялдрын хөгжлийн эзэмшвэл зохих норматив биелүүлэх хөтөлбөртэй байсан ч 2000 оноос хойш энэ бодлого алдагджээ.
2014 онд баталсан Бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт ч анхан шатны мэдэгдэхүүн заахаас бус цэрэг татлагад тэнцэхүйц норматив биелүүлэх иргэн бэлтгэх үг өгүүлбэр алга.
Уг нь тус нормативаар төгсөх ангийн эрэгтэй сурагч багадаа л 100 метрт 60 секунд гүйж, гар дээр 60 суниан, турникт 20 татчих хэмжээний биеийн хөгжилтэй болдог байв. Харин өнөөдөр 20 кг гурил дийлэхгүй, арвын хувин ус даахгүй тав алхаад амьсгаадах ээмэгтэй эрчүүд гудамжаар дүүрэн байна.
Мөн үүн дээр цахим орчны хэрэглээ, дэлгэцийн донтолт цэргийн насны залуусыг сур мэдэхгүй сулбагар, үг даахгүй үлбэгэр болоход нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл утас маажиж, дэлгэц ширтсээр туулга уусан туниагүй, дуулга даахгүй унхиагүйчүүдийн “арми” бий болжээ. Цэргийн албанд тэнцээгүй залуусын олонх нь харааны чадвар гүйцэхгүйгээс чөлөөлөгдөж байгаа нь цахим донтолттой бас холбоотой.
Ийм залуус цахим тоглоомын газар л хурууны бядыг харуулж, ялалтын шидийг үзүүлж байна. Тэднийг цэрэгт явсан эрчүүдээс ялгаварлан гадуурхах төрийн бодлого ч хангалттай бий. 1990 оноос хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллах боломжгүй. Бүр парламентын гишүүн болох эрхийг ч хязгаарласан.
Сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнд нэр дэвшихийн тулд цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байхыг шаарддаг болсон. Өнгөрсөн сонгуулиар яг энэ заалтаас болж цөөнгүй эр өндөр сэнтийд залрах хувь дутсан байна билээ. Харин цэргийн жинхэнэ алба хаасан эрсийг төрөөс харж үзэх хуулийн заалт дээрхээс гадна бас бус бий.
Тухайлбал, Цэргийн албаны тухай хуульд “цэргийн алба хаасан хүнийг халагдаад ирэхэд нь заавал ажлын байраар хангах” тухай заасан байгаа. Ийм давуу байдлыг хүн бүрт олгохын төлөө залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол PC тоглоом дээр байлддаг бэлтгэл армиар яах ч билээ.