Академи авардсыг ямар кино авчихав аа?

2018 оны 10 сарын 10

“Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Академи авардс-2018” наадам хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Өглөө цахим руу шагайвал сайт бүрт л ёс юм шиг адилхан гарчиг бүхий мэдээ нийтлэгдсэн байх нь Энэ оны шилдэг киногоор Байтаг Богд” тодорлоо гэжээ. Уг нь бол кино “Маш нууц 2” гэсэн нэртэй бөгөөд үйл явдал нь Байтаг Богдын тулаан гэдгийг анхаармаар санагдах юм. Яахав тэгээд мартаж болохгүй түүхийг эргэн сануулсан гэх нэрийн дор түүхийг өөрчилж, гоёчлох эрхийг үнэнч фанатууд нь өгчихсөн мэт хөөрцөглөх кино багийнханд үйл явдлын дэд нэр нь ч таалагддаг бололтой.


Дүрэмгүй драм

Киноны тухай ярихаас өмнө “Академи Авардс-2018” наадмын тухай хэдэн зүйл өгүүлье. 2000-аад оноос хойш кино уран бүтээлчид өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан стиудын тогтолцоог бий болгон ажиллаж ирсэн цагаас хойш монгол кино үйлдвэрлэл өдгөөг хүртэл эрчимтэй хөгжсөөр байна.

Тэгэхээр мэдээж Монголд ч бас “Академи Авардс” хэрэгтэй. Уран бүтээлчид хоорондоо өрсөлдөж, бүтээл дээрээ илүү чамбай ажиллаж, киноны чанар сайжруулах нэгээхэн том хөшүүрэг нь энэ. Гэтэл шагналын төлөө уралдаж хийдэг уран бүтээлчидтэй, Б.Цогтбаяр гэдэг эрхмийн нөлөөгөөр шүүгчид шагналаа бүтээлд бус бодлогын чанартай олгодог болчихсон дүрэмгүй журамгүй драмын шоу тоглолт бидэнд хэрэггүй. 

Зарлагдсан цагаасаа хойш зочдыг даруй хоёр цаг хүлээлгэж, коридорт зогсоодог кино наадам зөвхөн Монголд л болж байна. Үүн дээр нь өнөөх алдарт эх орончид, кино урлагийн гавьяат үйлстнүүд шилдгүүдийг тодруулах үед ёс болгож сунжирсан хоосон магтаал урсгаж, сургамж хэлж цэцэрхсээр эцэст нь нэг юм хэдэн залуус гартаа цом атгаж хөөрцөглөсөөр наадам дуусна.

“Маш нууц 2” киногоор цом өргөсөн шилдэг найруулагч О.Бат-Өлзий “Өглөө би өрөөсөн оймсоо эрээд олоогүй. Дараахан нь нутгаас намрын шинэхэн айраг ирсэн. Азтай өдөр юм” гэх зэргээр тайзан дээр бус ширээнээ цомоо тавьчихаад найзуудаа тойруулж суух мэт явган яриагаар үзэгчдийг хөгжөөх гэж үздэг, үзэгчид нь хөгжиж алга ташин инээлдэх “Академи Авардс” зохион байгуулагдсаар байвал ямарч дэвшил энд гарахгүй.

Аливаа орны үзэл суртал, бодлогоос шалтгаалан дэлхийн зарим кино наадам эхэн үедээ улс төрийн ач холбогдлыг чухалчилдаг байсан нь бий. Харин тэд одоо эрх чөлөөтэй, нарийвчилсан бодлоготойгоор наадмаа зохион байгуулж эх орондоо зорчих жуулчдын тоог ч нэмж байна. Тэгвэл “Академи Авардс” зохион байгуулалтаа сайжруулж, шүүгч, номинаци гээд бүх зүйлд эрс шинэчлэлт хийх цаг болжээ. Түүнээс зохиолч Д.Урианхай, Б.Догмид зэрэг шүүгчид үндэсний телевизиэр гардаг сериалуудыг цаг алдалгүй нэг бүрчлэн үзэж шүүгээд, шагнал нь нүдээ онож эзэндээ очсон гэвэл жинхэнэ эмгэнэлтэй үлгэр болно.

Ерөнхийдөө UBS телевиз, “Фантастик” продакшны шоу болоод өнгөрсөн тус наадмын гялайх ганц зүйл, эзэндээ онож очсон шагнал гэвэл “Хоёр амь” киногоор шилдэг эрэгтэй гол дүрийг хүртсэн С.Болд-Эрдэнэ байлаа.

Үзэгчдийн эртэдсэн магтаал

Мэдээж бидэнд үргэлжийн уналт бус ололт ч байгаа. Тиймдээ “Маш нууц 2” киноны тухайд “Тэмдэглэлээс дэлгэцэнд заларсан Байтаг Богдын түүх” нэртэй нийтлэл бичиж байв. Гэхдээ тэр бол тухайн цаг үеийн мэдрэмж дээр тулгуурлагдсан гэдгийг анхаарууштай. Харин болоод өнгөрсөн “Академи Авардс -2018” наадмын бүх л шагналыг ямар учир тус кино хүртчихэв хэмээн бодоход хүрэв. Үнэндээ бол үзэгчдийн магтаалд живчихсэн энэ оны шилдэг кино маань ийм юм л даа.

Ер нь киног өөртөө л найдаж үзэх хэрэгтэй. Угаас урлаг бидний дотор байгаа төсөөллийн болоод илэрхийлж боломгүй мэдрэмжүүдийн нийлбэр. Тиймдээ ч жинхэнэ урлагийн бүтээлийг ойлгож харахад цаг ямагт үзэгчдийн оюун бодолд төвөгтэй байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ энэ нь дан ганц арт хаус кино хийх ёстой гэсэн үг биш. Найруулагч хүн хийж буй кинонд гарах өчүүхэн алдааг хэлбэршүүлэх явцдаа засч, анх өгөгдсөн зохиолын түүхийг уран сайханжуулахдаа өнгөц хандаж болохгүй. Гэтэл “Маш нууц 2” киноны хувьд тийм л өнгөцхөн байдлууд их ажиглагдаж байна.

Нулимстай түүхээр гангарч болох уу!

Киноны гол дүрийн арван баатар анхнаасаа “баатар” байгаагүй. Тэд хилээ хамгаалж буй бусад цэргүүдийн адил “хүн” байсан.

Гэтэл кино эхлэхээс авахуулаад л тэднийг анхаасаа л баатар байсан дүрийг тодруулчихсан нь киноны хамгийн том алдаа байлаа. Бас өнөөх алдарт хүрэн халзан морины тухай яриа ёс юм шиг л тэнд гарна. Арван баатар гэрээ санаж бэтгэрдэг, уйлж тайтгардаг усан нүд цусан зүрхтэй байсан нь мэдээж. 

Кинонд гарах жижиг тулгаралтууд дээр үргэлж гол дүрийн арван баатар ялна. Тэд л хоорондоо ярьж хэлэлцэж, хөгжилдөж, эх орноо хамгаална. Хөлөө тасдуулсан ч цус садруулан босч ирээд буундаа Төрийн далбаагаа уяж хаданд зооно. Мөнгөн ээмэг нэгэндээ бэлэглэж эмгэнэлт түүхийг инээмсэглэлээр чимэглэж өгнө. Бас өөр дотроо дайсантай, тэр нь чекист буюу нугалаа гэх хочтой Сампил. 

Одоо үзэгчдийг жаахан хөгжөөх үү, уйлуулах уу гэсэн хоёрхон сонголт үлдэнэ. Ингээд буун дуу тасхийгээд л байлдаан үргэлжилсээр кино дуусч үзэгчид уйлж хоцроно. Менежмент нь ердөө л энэ. Адал явдалт киноны зохиол гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Зохиолын тодорхой цэгүүдэд эргэлт хийж өгдөг Сид Филдийн зарчмын үндэс. Гэхдээ тэр нь нулимстай түүхийг гоёж гангалаад камерийн өмнө тавьчихын нэр биш. Зориуд огшоох зорилготой, хэт сүржин ийм шийдлүүдийн дэргэдүүр адал явдалт кинонд донтсон гадаад үзэгч ч мушийсхийгээд л зөрнө.

Дүрийн алдаа

“Сюжет гэдэг нь кинонд толилуулагдах үйл явдлуудын агуулга ба дараалал. Гэвч үзэгч л энэ сюжетийн дагуу өөрийн хүүрнэлийг буюу үйл явдлуудын зангилаат хийсвэр системийг толгойдоо бий болгодог” хэмээн Дэвид Бордуэлл хэлсэн нь бий. Тиймээс дахин нэг өөртөө найдаад үзье.

Үзэгчдийн санаанд нийцүүлэхийн тулд жүжиглэх нь тайзны урлагийг бурантагласан хэрэг болно. Нэгэнт сонгогдсон дүрийг өөрийн мэдрэмж, найруулагчийн хурц харааны тусламжтайгаар гүйцэтгэлгүй орхивол ямархан алдаа гаргаж бүтэлгүйтдэгийн томоохон жишээ нь Кан Си Зан буюу жүжигчин М.Баярбатын дүр. Мэдээж хэн ч нүүрний хувирал, үйл хөдлөлөөр дүрийг илэрхийлж болох ч гэлээ сэтгэл зүйн талаас ч тэр, харагдах байдлаас ч тэр М.Баярбатад огтоос хувирал байсангүй. Магадгүй энэ дүрд тасгийн дарга Гиваанд тоглосон А.Алтаншагай илүү тохирох мэт санагдсаныг нууцгүй хэлчихье.

Мөн Тамирын дүрийг бүр эрт задалчихсан нь киноны нэг том алдаа. Дээр нь “Монгол хүн мууранд сүжиггүй” буюу амьтнаар төлөөлүүлэн тайлал хийсэн нь хэтэрхий хөнгөн санагдана. Урлагт ийм үнэмшилгүй, хуурай хоосон утгын тайлал огтоос хэрэггүй байдаг. Тиймдээ л кино зохиол нь боловсруулалт муутай байгаа юм. Өгөгдсөн түүхийн үнэнийг ч үгүй хийчихсэн мэт санагдана.

Цаашилбал Дү генерал өөрийн биеэр морилж ирсэн буюу Кан Си Заны “цолтой чинь ярина шүү” хэмээн хатуу анхааруулдаг өрөөн дэх сценд тагнуулч Насанг гар хэмээн дохисны дараа нууц даалгавар өгдөг. Энэ л хэсгээс тагнуулчийн дүр задарч, цаашид өрнөх нууц үйл явдлууд хиймэл талдаа өрнөчихсөн. Ингээд зогсохгүй буун дуу тасхийж, бөмбөг дэлбэрсэн тулалдааны үеэр харж зогсох морьд, Насанг буудуулахад камерын дэлгэцэнд тусч буй цус, толгодын оройд гранат дэлбэрэхэд бүтэн үлдэж буй туг, захирагч Хаянхярваагийн дүрийг бүтээсэн Эрхэмбаярын хуурай жүжиглэлт гээд олон алдаануудыг тоочиж болно. Киноны монтаж хэдийгээр эвлүүлгийн нөлөөгөөр бий болдог ч гэлээ жүжигчдийн хөдөлгөөнөөс хамааралтайгаар хувьсдаг. Энэхүү хувьсал нь утга санаанд ч бүрнээ нөлөөлөхүйц хүрээг хамарч оршино. Тиймдээ ч захирагч Хаянхярваагийн “Цэргүүд тушаал биелүүл, өнөөдөр үхэж болохгүй цаг” гэх үгсийг сүүлд дахин давтан хэлэх буюу тулгаралт эцэс болсны хойно “Монгол Улсын дархан хил тайван амгалан” хэмээж буй нь киноны үйл явдалд огтоос наалдаж өгсөнгүй.

Төгсгөлд намирч буй Төрийн далбаа үзэгдэхэд “Төрийн сүлд” дуулал ард нь дэвсч өгөхөөс илүүтэй кинон дундуур эгшиглэж байсан “Үеийн үед” дууг оруулсан бол илүүтэй зүрхэнд ойр санагдаж, бүтээлийн нандин чанараа хадгалж үлдэх байсан болов уу гэдгийг эцэст нь тэмдэглэе.

Нийтлэлч Б.АЛТАНХУЯГ
Үндэстний ТОЙМ №377

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595827
2 эможи

муу гөлөг
2022-09-24 11:54
гөлөн
Фантастик фэн
2018-10-10 18:10
Угаасаа фантастик чинь алнаа талнаа гэж орилсон л кино хийдэг ш дэ. Кино хийдэг урсгалыг нь мэдэхгүй байж их шүүмжлэх нээ
Энхээ
2018-10-10 17:04
Уран бүтээл шүүмжлэлгүйгээр урагшлахгүй.
keyboard_arrow_up