ХХЗХ: 2017 онд Монгол Улсад цахим дарамтад өртсөн хүүхдийн тоо 3 дахин өссөн
Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 4.5 дахин өсөж, хоёр сая 910 мянгад хүрээд байна. Дотоодод төдийгүй олон улсад интернет хэрэглээ хурдтай өсөж байгаа нь цахим орчны аюулгүй байдлын асуудалтай шууд холбогдож, томоохон сорилт болж байгааг олон улсын шинжээчид онцолж байна.
2017 онд цахим халдлагаас хүлээсэн компаниудын хохирлын хэмжээ олон улсад 600 тэрбум ам.доллар давсан талаар Вашингтонд төвтэй “CSIS” судалгааны байгууллага мэдээлжээ.
Монгол Улсад “Facebook” идэвхтэй хэрэглэгчийн тоо хоёр сая давсныг тус компани мэдээллээ
2019 онд энэ хэмжээ 2.1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй гэж “Juniper Research” судалгааны байгууллага тооцоолсон байна. Монгол Улс “Facebook” хэрэглээгээр Азид тэргүүлж, харин дэлхийд аравдугаарт бичигдэж байна. Энэ нь цахим халдлагад өртөх эрсдэл өндөр байгааг илтгэн харуулж байгаа юм. Монгол Улсад “Facebook” идэвхтэй хэрэглэгчийн тоо хоёр сая давсныг тус компани мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт “Facebook” компанийн төлөөлөгчид Монголд айлчилж, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлд Харилцаа, холбооны зохицуулах хороотой цаашид хамтран ажиллахаар тохиролцсон юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр хуурамч “Facebook” хаягуудыг цэгцлэх, зүй бус явдлаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм.
2017 онд Монгол Улсад цахим дарамтад өртсөн хүүхдийн тоо гурав дахин өсөж, 300 хүрсэн талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Эцэг, эхийн хараа хяналт сул, гэнэн итгэмтгий байдлаасаа болж хүүхдүүд цахим халдлагын хохирогч болж байгааг албаныхан анхааруулж байна. Энэ ч үүднээс Засгийн газар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэр аравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжих юм байна.
Үүнээс гадна Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 5.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com