Судлаагүй судрын гашуун “нулимс”-II

2018 оны 9 сарын 06

Arslan.mn

Монголын судар бичгүүд бидний үүх түүхийг гэрчлэн дэлхийн өнцөг булан бүрт хадгалагдсаар байна. Бид өмнөх дугаартаа Санкт-Петербург, Нью-Йорк, Япон улсын Гадаад харилцааны их сургуулийн номын сангуудад Монгол Улстай холбоотой ямар ном, судар, дурсгал бичиг хадгалагдаж байгаа талаар хөндсөн билээ. Монголчууд баялаг түүхтэй ард түмэн. Морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж, босоо бичгээр дэлхийн цээжинд Монгол гэж тамгалсан. Бидний үүсэл гарал, өвөг дээдэс, үнэн түүхийг өгүүлэх тэдгээр ном судрын тухайд нэгдсэн тооллого, судалгаа, мэдээлэл ховор байгаа нь гарцаагүй үнэн. Тэр бүү хэл дэргэд байгаа эрдэнэсийн авдартаа ч ямар алт хадгалагдаж байгааг ч мэддэггүй, сонирхдоггүй, судалдаггүй харалган болжээ. Дэлхий ертөнцийн хамгийн үнэт өв нь соёл урлаг, ном судар билээ.

Тэндээс л бид үүх түүхээ буюу “өөрсдийгөө” олж авдаг. Нийтлэлийнхээ энэ удаагийн цувралд Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй ховор бүтээл, эртний ном судар, зайлшгүй судалгааны эргэлтэд орох шаардлагатай эх сурвалж, бичгүүдийн тухай хөндөхөөр зорилоо.

ХАМГИЙН ЭРТНИЙХ НЬ 1600-ГААД ОНД ХАМААРАХ “ЖАМБАЛЦАНЖИД” СУДАР

Үндэсний төв номын санд хадгалагдаж буй ихэнх бүтээл түвд хэл дээр байдаг ажээ.

Үндэсний төв номын сан 3.5 сая гаруй ном судартай. Үүнээс 1.5 сая нь нэн эртнийх ажээ. Тус номын сангийн зөвхөн гар бичмэл, монгол судлалын сан хөмрөгт нийт 56 мянга гаруй ном судар, баримт бичиг хадгалагдаж байна. Үүнээс хамгийн эртнийх нь 1591 онд барласан “Жамбалцанжид” их хөлгөн судар аж. Энэ судар 1600-гаад оны үед хамаардаг. Судрыг эргүүлбэл бурхныг уран яруугаар магтсан байдаг аж. Ном бүхэн өөрийн түүхтэй. Үндэсний төв номын санд нэг шинэ ном ирэхэд эрдэм шинжилгээний багийнхан, номын санчид тус бүтээлийн тухай судалгаа хийдэг юм байна. Гэхдээ энэ нь төдийлэн өргөн далайцтай биш.  Харин тус номын санд түүхчид төдийгүй энгийн ард иргэд их ханддаг болсон гэж номын санч Ч.Гансүх онцолсон юм. Тэрээр “Хүмүүс өөрийн удам судар, үүх түүхээ мэдэх эрмэлзэлтэй болсон нь сайшаалтай санагддаг. Манай номын санд ирж өсч төрсөн нутгийнхаа, ээж аавынхаа тухай өгүүлсэн номыг их уншиж байна. Энэ хэрээр хүний гар хүрээгүй эртний номуудад салхи орж, нэг ёсны судалгаа хийж байгаад баяртай байгаа” гэсэн юм. Энэ танхимд хадгалагдаж буй ихэнх ном хуучин монгол бичиг болон түвд хэл дээр хадгалагдаж байна. Тиймээс номын санч Ч.Гансүх эдгээр түүхийн үнэт бүтээлийг орчин цагийн крилл хэл рүү хөрвүүлэх ажлыг хийж байгаа аж. Хэрэв ховор номуудыг крилл үсгээр буулгачихвал эрдэмтэн судлаачдад судлах боломж илүү бүрдэх юм. Номын сангийнхны хувьд сан хөмрөгөө нэмэгдүүлэх тал дээр олон ажил хийдэг аж. Энэ тухай Үндэсний төв номын сангийн Фонд хадгалалтын хэлтсийн дарга Г.Тунгалаг “Бидний тухай өгүүлэх ном судар бичгүүд хаана байгаа тухай байнга судалгаа хийдэг. Манай номын сан хөдөө, орон нутгийн номын сангуудтай холбоотой ажилладаг. Магадгүй манайд байхгүй хуучны ном судар тэнд хадгалагдаж байвал бид хувилах, файлаар авчирч хадгалж сан хөмрөгөө арвижуулж байна. Мөн ард иргэд ч манайд ийм ном бий гээд бариад ирдэг болсон” гэв. Тэрээр цааш нь “Манай номын санд хадгалагдаж буй ном судруудад ор тас судалгаа хийдэггүй гэвэл өрөөсгөл ойлголт болно. Харин судалгааны өргөн хүрээг хамраагүй, дахин судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай, хуучны ном олон бий” гэсэн юм.

ИХ ДАГИНЫН ҮЕИЙН МОДОН БАРЫН БҮТЭЭЛ БИЙ

Их дагинын үеийн барын бүтээл

Их дагинын үеийн барын бүтээл

Үндэсний төв номын санд барын бүтээл олон байдаг юм байна. Бар гэдэг үгийг мэргэжилтнүүд л ойлгохоос энгийн уншигч бид төдийлэн ойлгохгүй. Энэ нь Түвд үг бөгөөд монголоор хэв гэж орчуулагддаг аж. Модон барын бүтээл нь бичгээ модон дээр сийлсэн байдаг аж. Сийлсэн бичиг дээрээ бэхээ түрхээд нимгэн цаас тавьж бичгээ буулгадаг юм байна. Хэвийг хус модоор хийдэг байж. Барьж үзвэл гадаргуу нь их хатуу бөгөөд үсгийг төвийлгөн хийжээ. 1920-иод оны үед Их дагинын аймагт сийлсэн барын бүтээл байна. Энэ бард “Номын төв агаараас хөдлөхгүй боловч Хувилгааны аргаар их тусыг тохиосон сансар” хэмээн бичсэн байв. Үүнээс  гадна энэ танхимд 1665 онд хэвлэгдсэн, бээжинд барын “Алтан гэрэл” судар хадгалагдаж байна. Мөн 1871 оны “Бурхан багшийн судар”, 1707 онд бээжин барласан “Жадамба”, “Банзрагч” судар гээд шашны үнэт бүтээл олон байна. Эдгээр ном судар Монголын шашны арвин баялаг түүх билээ. Энэ бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлж, судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь хүн бүхний үүрэг юм байна гэсэн бодол тухайн үед төрж байсан юм.

ЛИГДЭН ХААНЫ ҮЕИЙН ҮНЭТ ӨВ “ГАНЖУУР”

Үүнээс гадна тус номын сангийн үнэт бүтээлийн нэг нь Ганжуурын ботиуд юм байна. ОХУ-ын Санкт-Петербургийн номын санд 113 боть “Ганжуур” судар хадгалагдаж байдаг бол Монголын үндэсний номын санд 70 гаруй боть нь хадгалагдаж байна. Бидний өвөг дээдэс Ганжуур судрыг үеийн үед бага багаар орчуулсаар ирсэн. Харин төв номын сангийн үнэт өв нь Лигдэн хааны үед эмхэтгэсэн монгол хувилбар нь юм байна. Энэ судрыг нь 1628-1629 оны үеийнх гэж эрдэмтэд үздэг аж. Бид “Ганжуур” судрын тухай мэддэг хэрнээ мэддэггүй. Тэгвэл энэ сударт дэлхий ертөнцийн бүхий л салбарын тухай  магтаал, онол маягаар өгүүлсэн байдаг. Гүн ухаан, урлаг соёл, шинжлэх ухаан, байшин барилга гээд энэ сударт ороогүй сэдэв үгүй ажээ. Энэ мэт Үндэсний төв номын санд бидний түүх хадгалагдаж байна. Дээр нэрийг нь дурьдсан эдгээр ном судрыг дахин судалгааны эргэлтэд оруулж, хүмүүст хүргэх зайлшгүй шаардлагатай тухай тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо ярьж байсан юм. Бидний түүх номын тавиур дээр шарлах ёсгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594593
0 эможи

keyboard_arrow_up