СЭТГҮҮЛЧ мэргэжлээ ЭМЧЭЭР сольж үзсэн минь
ЭМЯ-аас сэтгүүлчдэд тавьсан эмнэлгүүдэд нэг өдөр ажиллан чөлөөтэй мэдээ, мэдээлэл авах боломжтой гэсэн cаналыг хараад өөрийн эрхгүй миний сониуч зан хөдөлж, ажиллах хүсэлтээ өгсөн юм. Улсдаа ганц, ачааллыг дээд цэгтээ хүртэл авдаг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн Мэдрэлийн кабинетад сэтгүүлч мэргэжлээ эмчээр солин ажиллаж үзлээ. Газар дээр нь мэргэжлийн эмч нартай ажиллаж үзсэн учраас маш их зүйлийг ойлгож авсан юм. Хоёрын хоёр охин үртэй хүний хувьд сэтгэл эмзэглүүлэм асуудлууд ч гарч байлаа. Үгээр илэрхийлэшгүй бахархам зүйлс ч байлаа.
Ингээд сэтгүүлч М.Жавзмаа миний бие хүүхдийн мэдрэлийн кабинетад ЭМЧ мэргэжлийг зах зухаас нь мэдэрсэн тэрхэн мэдрэмжээсээ хуваалцья.
Бага насны хүүхдүүд гар утас, зурагт их үзсэнээс болж мэдрэлийн тасагт ихээр ирж, эмчлүүлж байна
Анх холбогдсон хүн маань 8 цаг 30 минутанд ирээрэй гэж хэлсний дагуу очтол аль долоон цагт ажил эхэлчихсэн, эмч нар өвчтөнүүдээ үзэхэд бэлэн болсон байв. Миний бие ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэдрэлийн эмч П.Баярцэцэгийн удирдлага дор ажилласан юм. Түүний хувьд эзэмшсэн мэргэжилдээ хайртай. Ялангуяа хүүхдийн эмч хэмээх эрхэм мэргэжлээрээ үргэлж бахархаж явдгаа энэ үеэр хуучиллаа. Анх сэргээн засахын эмч болох хүсэлтэй байсан ч өөрийн эрхгүй л хүүхдүүдтэй ажиллахыг хүсч энэхүү мэргэжлийн эзэн болжээ. Тус эмнэлэгт ажиллаад найман жилийг ардаа орхисон түүн шиг мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг эмч Монголд олон байгаасай. Анхны үзлэг эхлэхэд би гэдэг хүн өөрийн сэтгүүлч мэргэжлээрээ, мөн түүний эмч хэмээх мэргэжлээр маш их бахархаж суулаа. Өмнө нь би охидуудаа үзүүлэхээр өрхийн эмнэлгийг зорихдоо энэ эмч их удаан үзлэг хийж байна, миний хүүхдийг хэзээ үзэх юм бол, ийм олон хүн байхад 00 хүртэл орно гэж гарах юм гэх зүйлсийг боддог байж билээ. Харин эмч мэргэжлээр нэг өдөр ажиллахдаа тэд ямар завгүй ажилладаг вэ гэдгийг мэдсэн. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг юм байна гэдгийг ч мэдэрсэн. Одоо бол эмч нар маань хүүхдүүдийг илүү удаан, тайван үзэж, оношоо л сайн тавиасай гэж хүсэж байгааг нуух юун. Эмч маань хүүхэд үзэх тоолондоо гараа ариутгаж байгаа нь надад их таатай санагдсан. Тэд бидний хүүхдэд элдэв нян, бактер өгчих вий, өвчлүүлчих вий гэж санаа зовдог байхад бид яадаг билээ гэж бодоход хүргэсэн.
Сүүлийн жилүүдэд тус тасгаар утас, таблет телевизээс хамааралтай мэдрэлийн ядаргаанд орсон хүүхдүүд их үзүүлэх болсон гэж эмч маань хэллээ.
Зарим залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ тэрхэн үеийн үйлдлийг тэвчээд өнгөрүүлэхгүй төвөгшөөх, хатуухан хэлэхэд амыг нь таглах үүднээс гар утас, таблеттай нөхөрлүүлдэг болсон.
Би ч өмнө нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг хэмээн андуурч охидуудаа зурагт болон ухаалаг утас, нөүтбүүк, таблеттэй нөхөрлүүлдэг байсан. Гэтэл энэ нь бага насны хүүхдийн сэтгэхүй болон өсөлт хөгжилд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдгийг энэ үеэр мэдсэн юм. Хүүхдүүд дуу муутай болж, орчинтойгоо харьцах дургүй болдог байна. Ямар нэгэн үйлдлийг байнга хийх нь мэдрэлийн ядаргаатай холбоотой тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ сайн ажиглаж, тэдэндээ зарцуулах цагаа нэмээрэй гэж хүсмээр байна. Гар утас, таблет бол таны хүүхдийн найз биш харин өстөн дайсан гэдгийг ямагт санах хэрэгтэй.
Та хариуцлагатай эцэг, эх мөн үү
Бас нэг ажигласан зүйл нь эцэг эхчүүд үзлэгийн цаг авах тал дээр их хойрго хандаж байгаа байдал. Тухайн кабинетад үзүүлэх гэж найман хоног хүлээж байгаа хүмүүс байхад цаг авчихаад цагтаа үзүүлэлгүй маргааш, нөгөөдөр нь ирчихээд би өчигдөр цаг авсан байсан юм. Амжсангүй, өнөөдөр л үзүүлмээр байна гэж дайрах эцэг эхчүүд байх юм. Та ийм хариуцлагагүй нэгэн байж болохгүй. Ямар ч завгүй байсан үр хүүхдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавиарай. Зорьж ирсэн хүүхдээ өвчинд нэрвүүлэх эрхгүй хүмүүс шүү дээ бид.
Үүнээс гадна яг одоо л миний хүүхдийг эмчил гэдэг тэр харилцаа. Хүүхэд өөрөө хаана, юу нь өвдөөд байгаагаа бүрэн ойлгуулж чадахгүй учраас эцэг эхчүүдийн ажиглалт хамгийн чухал. Үндсэн онош тодруулах, эмчилгээ хийхэд хугацаа их шаарддаг учраас эцэг эхчүүд энэ тал дээр хүлээцтэй хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Манай эмнэлэгт жилд дунджаар 40000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 12000 орчим эх эсэн мэнд амарждаг. Мөн 12000 орчим эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 180000 гаруй үйлчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод туссан эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулж, хүн амыг 3 саяд хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн энэ том байгууллагын нэг эд, эс болон ажиллаж байгаадаа маш их бахархдаг хэмээн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч, Анагаах ухааны доктор У.Цэвэгмид хэлж байлаа. Түүний нүднээс ЭХЭМҮТ-өөрөө, эмч хэмээх эрхэм алдраараа бахархсан, бахадсан харц ажиглагдана.
“Өнөөдрийн байдлаар эмч нар өдөртөө 15 минутаар 30-32 өвчтөнг үзэж, онош тавьж, эмчилгээ зөвлөх ёстой. Гэтэл ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн кабинетын хувьд өдөртөө 60 гаруй өвчтөн үзэж, нэг хүнд 5-7 минутыг үзлэг хийхэд зарцуулж байна. Өнөөдөр гэхэд цахим бүртгэлийн товлолоор 32 хүүхэд, нэмэлтээр яаралтай буюу татсан гэсэн зовиуртай 28 хүүхдийг эмч үзэж, 4 хүүхдийг мэдрэлийн тасагт хэвтүүллээ. Энэ бол өвчтөнөө тухтай үзэх цаг биш ч бид чадлынхаа хэрээр л үйлчилгээгээ чанартай үзүүлэхийг хичээж байна. Хүүхдүүд эмчилгээ их хурдан авч хурдан тэнхэрдэг, эмчийгээ гэх сэтгэл тэдэнд дэндүү их байдаг юм шиг санагддаг. Хаа нэгэн газар тааралдахаар манай эмч явж байна гэж зөндөө хүүхдүүд хэлдэг нь хамгийн сайхан. Би тэр хүүхдийн ой тоонд оршиж байна шүү дээ” хэмээн нэмж хэллээ.
Тус хамт олны зорилт нь эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэхэд орших аж.
Цагаан нөмрөгтэй авралын элч болсон мэргэжилдээ юу юунаас илүү хайртай эмч, сувилагч нартай өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл хамт байж, хэдий нэгхэн өдөр ч гэсэн халуун ам бүлд нь батгаж ажиллана гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Олон хүүхдүүдийг өвчин хэмээх аюулаас аварч, бидний хамгийн хайртай бяцхан зүрхийг эрүүл саруул байлгахын төлөө тэд ажилласаар, хөдөлмөрлөсөөр л. Тэдний хөдөлмөрийг үнэлэх хүмүүс харин энэ хэрээрээ олон байгаасай. Төр засаг ч чадвартай хүүхдийн эмч бэлтгэх тал дээр анхаарлаа хандуулж нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн чанарыг сайжруулаасай хэмээн бодож суулаа.
Бяцхан зүрхнүүдтэй харьцаж, тэднийг эмчилдэг, авардаг учраас эдгээр эмч, сувилагч нар маань ажлыг хүнд хэцүү, ачаалалтай байна гэж төвөгшөөлгүй энэ л гэгээн замаараа гэгээн мөр татуулан урагшилсаар.
Тэд сахиусан тэнгэр мөнөөсөө мөн. Эх хүүхдийн эрүүл мэнд, эх орны эрхэм баялаг
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|