Шатахууны үнэ дахин өсөх үү?

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Монголоор овоглосон хэн бүхэн наадмаас өөрийг бодох сөхөөгүй байдаг үндэсний их баяраар шатахууны үнийг чимээгүйхэн өсгөчихөв. Одоогоос хэдэн сарын өмнө жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ өсөж, жолооч нарыг багагүй бухимдуулсан. Тэгвэл энэ жилийн наадмын онцлох сонин хачины нэг нь түлшний үнийн өсөлт байв. Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд АИ-92 ангиллын шатахууны жижиглэнийн үнэ ойролцоогоор 200 төгрөгөөр өссөн байна. Тэгвэл энэ өсөлт иргэн Батын хэтэвчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Батын энгийн бензин хөдөлгүүртэй, дундаж оврын суудлын тэрэг 50 литрийн багтаамж бүхий шатахууны савтай (суудлын тэрэгний шатахууны савны дундаж 50-60 литр).

Тэрбээр түлшний “банк”- аа хоёр удаа дүүргээд нэг сарын турш ажил гэр, ойр зуурын хэрэглээгээ залгуулдаг аж. Тэгвэл 2017 онд сарын шатахууны хэрэглээндээ 160 мянган төгрөг зарцуулсан Бат өдгөө 180 гаруй мянган төгрөг төлж байна (АИ-92-ын жижиглэнгийн үнэ 1800-1860 төгрөг). Ингэснээр сарын хэрэглээ нь ойролцоогоор 20, жилийнх 240 мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шатахууны үнийн өсөлт иргэн Батад ийн нөлөөлж буй бол макро түвшний тойм тооцоо хийе. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний хагаст Монгол улс 31.4 мянган тонн АИ 92 шатахуун импортолжээ. Жижиглэнгийн үнэ нь дунджаар 125 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзвэл 3.9 тэрбум төгрөгийн өсөлт үүсчихээд байна.

Энэ бол хагас жилийн үзүүлэлт. Бүтэн жилээр тооцвол 7.8 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн гэсэн үг. Гэтэл энэ бол зөвхөн нэг төрлийн шатахууны үнийн зөрүү. АИ-80, дизель түлшний үнийн өсөлтийг тооцвол олон тэрбумаар хэмжигдсэн багагүй дүн гарахаар байна. Гэвч шатахууны өсөлтийн цунами ингээд дуусахгүй. Дугуй талхнаас эхлээд гурил будаа, автобус такси, бүр ус, дулааны үнийг хүртэл хөнддөг. Нийслэлийн Статистикийн газраас тооцсон түлш шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн сүүлийн хоёр жилийн харилцан хамаарлыг та харж байна. 2016 оны тавдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл шатахуун түлшний үнэ 17-34 хувь буюу 250-350 төгрөгөөр өсчээ.

• Түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болон очиж байна.

• Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна.

• Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарлаж буй.

Гэтэл үхрийн ястай махны ханш 1900, төмсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд, шатахууны үнэ ялимгүй өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нь. Өөрөөр хэлбэл, түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр аварга ачаа болон очиж буй нь энэ. Гэхдээ шатахуун түлш, бараа үйлчилгээний үнэ уралдан өндөлзөх зуур иргэний цалин орлогын өсөлт харин таг зогссон байх юм. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын салбарынхны үндсэн цалин 2014 оноос хойш огт өсөөгүй.

Монголчуудын хөдөлмөрийн хөлсний алтан дунджыг илэрхийлдэг медиан цалин 2016 оны зургадугар сард 700 мянган төгрөг хүрч байсан бол 2018 оны тавдугаар сард ердөө нэг хүрэхгүй хувь буюу 7.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин 705.9 мянган төгрөгтэй тэнцэж байна. Үнэ, ханш дээшлээд байхад цалин орлого л өсөж өндийлгүй тээр доор үлдчихээд байна. Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна. Тэгвэл Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарладаг. Гэхдээ дундаж хэмээн тайвшруулж буй үнийг нь иргэдийнх нь цалин, орлоготой нь харьцуулбал тэс өөр дүр зураг гарч ирнэ.

Монголчууд өнөөдөр АНУ-тай бараг ижил үнээр шатахуун худалдан авдаг. Гэтэл Монгол, АНУ-ын иргэдийн цалин, тэнгэр, газар мэт зөрүүтэй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байгаа биз. Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. Учир нь шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ялангуяа, монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ 80, АИ 92 авто бензинийг импортын татваргүй болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээгээр төсвийн орлого буурсан. Үүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
593844
2 эможи

keyboard_arrow_up