Махны экспорт 80 тэрбум төгрөг давлаа

2018 оны 8 сарын 07

Arslan.mn

Махны экспорт магнагт гарчээ. Энэ оны эхний хагаст махны экспорт 2014 оны мөн үеийнхээс 20, 2016 оныхоос тав дахин өсчихөөд байна. Бүр өнгөрсөн он буюу бүтэн нэг жилийн хугацаанд олсон орлогоо энэ оны эхний хагаст халааслачихсан сууж байна. Он гарсаар таваарын зах зээл таатай байснаас бид сүүлийн хэдэн сар зэс, нүүрсний ханш ширтэж, орлогын өсөлтийг нь баахан ярьсан. Харин энэ зуур монгол малын махны экспорт чимээгүйхэн өсөж, сүүлийн хэдэн жил үзэгдээгүй их хэмжээний орлогыг Монгол улсад авчраад байна. Оны эхний хагаст 80 тэрбум төгрөг даваад буй махны экспорт энэ жилийн эцэст 200 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Орлого нь тэрбум, тэрбумаар хэмжигддэг эрдсийн экспорттой харьцуулахад энэ мэдээж бага дүн. Гэхдээ эрдсээс өөр экспортын олигтой бүтээгдэхүүнгүй, нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг, хөдөө аж ахуйн арвин нөөцтэй Монгол улсад махны экспортын орлого бол чамлаж боломгүй үзүүлэлт. Махны экспорт мацсаар ноолуурын орлого руу ойртсон байна. Малын гоц халдварт шүлхий өвчний “сүүдэр” Монгол орны хэд хэдэн аймгийг дайрч, аюулын харанга дэгдээсэн.

Ингэснээр битүү туурайтан буюу адуунаас бусад төрлийн махны экспортод эрсдэл учирсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголоос голлон адууны мах гадаад зах зээлийг чиглэж байсан бөгөөд нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байв. Гэтэл он гарсаар махны экспорт төрөлжиж, үхэр, хонь, ямааны мах нийлүүлж эхэлсэн байна. Түүнчлэн гарын таван хуруунд багтахаар улсад бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол өдгөө 10-аад улсад экспортолж байна. Үүнээс Иран, Хонконг, Вьетнамыг чиглэх махны экспорт багагүй хувиар нэмэгджээ. Ялангуяа, ямааны махны экспорт энэ онд эргэн сэргэж, үлэмж өссөн байх юм. Махны нийт орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлсэн бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт өсчээ. Адууны махны экспортын орлого өмнө оны мөн үеэс хоёр дахин өссөн бол хониных гурван дахин өссөн байна. Махнаас гадна амьд малын экспортын орлого 11 дахин өсчээ. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 24 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2-3 дахин өндөр өсөлт. Энэ дүнг амьд малын экспортын орлоготой нийлүүлбэл нийт дүн нь 32.6 сая ам.доллар хүрч байгаа юм.

Монголын махны холбооны мэдээлснээр “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Мах импекс”, “Саян уул” компани мах нийлүүлж байгаа. Сүүлийн үед чанасан мах, хиам зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа аж Засгийн газрын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс махны экспортын нөөцийг тооцсон. Монгол улс энэ онд үхрийн 27.9, адууны 43.6 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Харин хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр экспортлохыг зөвшөөрсөн байна. Одоогоор мах экспортлох зөвшөөрөлтэй 30 орчим аж ахуйн нэгж байна гэж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Салбарын яамнаас экспорт хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдүүлж, зах зээл нээх чиглэлээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоожээ. Сүүлийн хэдэн жил Монгол улс мах экспортлох “марафон”-оос байнга хоцордог байв.

Хойд хөрш хөдөө аж ахуйн хоригт өртөж, махны үнэ тэнгэрт хадсан, өмнөд хөршийн хэтэвч зузаарснаас эрэлт нь нэмэгдчихээд байхад хүртэл монголчууд хүссэн хэмжээндээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байсангүй. Гэтэл энэ хугацаанд монгол малын тоо толгой өсөж, өдгөө бэлчээрийнхээ даацаас хэд дахин давчихаад байгаа. Жилийн жилд махнаас төдий хэмжээний орлого олно хэмээн тун өөдрөг дүн тусгадаг ч оны эцэст төсөөлөлдөө хүрэлгүй, төсөвт цоорхой үүсгээд дуусдаг бараан түүхтэй байв. Гэтэл ярихаас хэтэрдэггүй, биеллээ олдоггүй байсан махны экспорт ийнхүү өндийж эхэллээ. Хэдхэн төрлийн эрдэс бас багахан хэмжээний ноолуураас өөрийг гадаад зах зээлд гаргадаггүй байсан монголчуудад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ. Энэ эрчээрээ бол өчнөөн жил ярьсан, экспортын эх үүсвэр маань бидэнд багагүй орлого авчрах нь. Үүний дараа харин монгол малын махны үнэ цэнийг нэмэх, органик гэсэн шошготой брэнд болгох гээд их ажлууд хүлээж байгаа. Уг нийтлэлийг бичихээр мах экспортлогчидтой холбогдох гэсэн боловч орон нутагтай ажиллаж байгаа гэсэн хариуг олонх нь өгөв. Сүүлийн хэдэн жил, мөнгө санхүү хийгээд хил гаалийн хоригтой нүүр тулсан хувийн хэвшлийнхэн махны нөөцөө бэлдээд эхэлжээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593553
0 эможи

keyboard_arrow_up