Эдийн засаг тэнхээтэй байгаа дээр цалингаа нэмье
Засгийн газар зардлаа бууруулж чадвал цалин нэмэх эх үүсвэртэй болно
ОУВС-гийн ажлын хэсэг Монгол улсад ажиллаж байгаа энэ өдрүүдэд төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөөс аргагүй юм. Цаг үеийн хүлээлт, нийгмийн “захиалга” нь ч ингэж таарч байна. Сангийн сайд болон Монголбанкны удирдлагуудтай уулзаж, төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилттэй танилцсан ажлын хэсэг олон сар үргэлжилсэн цалин нэмэх асуудлыг үгүйсгэх бус харин найрсгаар дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хамгийн гол нь Засгийн газар өр нэмэлгүйгээр мөнгөний эх үүсвэрээ хэрхэн шийдэх нь чухал гэдгийг онцолж байна. Үүнийгээ ч тэд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай даваа гарагт уулзах үеэрээ мөн хэллээ. Тодруулбал, цалин нэмэх санал дээр ОУВС эсрэг санал өгсөнгүй. Ингэснээр Засгийн газарт цалин нэмэх эрх нь үндсэндээ шилжиж байна. Харин ямар эх үүсвэрээс, хэзээ нэмэх нь ирэх өдрүүдэд тодорхой болох нь. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл эхэлж байгаа энэ сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэлэлцэх товтой байгаа юм.
Уг хөтөлбөрийн жолоо цулбуурыг зангидаж буй ОУВС-гийн зүгээс Монгол улсын гадаад өрийн дарамт өндөр байгаа тул төсөвт тодотгол хийх замаар цалин нэмэх нь үр дүнтэй арга биш гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ нэг боломж байгааг тус сангийн Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн юм. Энэ нь цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгохын тулд үр ашиггүй зардлаа Засгийн газар танах ёстой гэв. Үүнийг засаг зоригтой хийж чадвал цалин нэмэх нөхцөл бүрдэхээр байна. Төрийн эрх барих МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэж дурдсан. Гэвч энэ амлалт одоог хүртэл бодит ажил болж чадаагүй. Харин эсрэгээрээ татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь өрхийн дундаж орлого буурахад хүргэсэн билээ. Дээрх мөрийн хөтөлбөрт “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлын ачааллыг тооцож, илүү цагийн хөлсийг тухай бүрт нь тооцож олгодог болно” гэсэн өгүүлбэр бий. Тэгвэл 2016 оноос хойш хоёр жил өнгөрөхөд нэг ч амлалт нь биеллээ олсонгүй.
Засгийн газарт цалин нэмэх эрх нь үндсэндээ шилжиж байна
2014 оноос хойш эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинд “салхи” ороогүй. Харин энэ хугацаанд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 50 хүртэлх хувиар суларч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн нөлөөгөөр тогтмол өссөн байна. Хэрэв Засгийн газар 2018 оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэх зорилгоор тодотгол хийхгүй бол өөр хөрөнгийн эх үүсвэр алга. Дангаар Засгийн газраа бүрдүүлсэн МАН “Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, ур чадвар, ажилласан жил, сурагчдынх нь амжилтаас хамаардаг цалин, хөлс, урамшууллын шинэ систем бий болгоно” гэсэн. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь талдаа орчихсон байхад энэ өөрчлөлт боловсролын салбарт нэвтэрсэнгүй. Эдийн засгийн хүндрэл илаарьшиж, өрийн тулсан дарамт холдсон энэ үе Засгийн газарт хэлсэн амлалтаа хэрэгжүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой цаг. Инфляц болон төгрөгийн ханш тогтвортой байгаа нь төгрөг үнэгүйдэх эрсдэлээс хамгаалж байна. Тэрчлэн төсвийн тэнцэл ашигтай гарсан нь өр нэмэгдэх үүдийг хааж буй. Ийм таатай үе эдийн засагт тэр үр тохиогоод байдаггүй.
Гэтэл энэ боломжоо ашиглан иргэдийнхээ амьжиргааг дэмжих атал зөвхөн гал унтраах төдий арга хэмжээ авсаар байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна. Үе үеийн төр засаг чинээлэг дундаж давхаргатай болно гэж ярьж ирсэн. Харамсалтай нь, өрхийн амьжиргааг тэтгэх цалин хөлс 2014 оноос хойш огтхон ч өөрчлөгдөөгүй байгаа нь дундаждавхарга тэлэх бус хумигдахад хүргэж байна. Монголбанкнаас гаргасан судалгаагаар, өрхийн өрийн дарамт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Цалин хөлс бахь байдгаараа үлдсэн нь үүний бас нотолгоо юм. Тиймээс эдийн засаг тэнхээтэй байгаа энэ үеийг ашиглаж төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж, дундаж давхаргынхнаа ядуурлын намаг, балчигаас холдуулмаар байна. Цалингаа нэмүүлэхээр өнгөрсөн хавар хэдэнтэй жагссан багш нарын зуны урт амралт өндөрлөж, эргээд ажилдаа орох цаг нь дөхөөд ирлээ. Тэдний тэмцэлд хүч нэмсэн эмч нар мөн л цалингаа нэмүүлэх шаардлага Засгийн газарт удаа дараа тавьж, тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Төрийн үйлчилгээний ачааны хүндийг үүрч байдаг боловсрол, эрүүл мэндийн салбарынхан энэ намар цалингаа нэмүүлж байж он дамнаж буй тэмцлээ зогсоохоо мэдэгдэх болсон. Тэдний бухимдал хуримтлагдсаар тэвчээрийн хязгаараа алдахад хүрчихлээ. Тухайлбал, эмч нар цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн.
Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй тул тэмцэл, хөдөлгөөн нь улс орныг доргиох хэмжээнд цаашид давалгаалж мэдэхээр байна. Боловсрол, эрүүл мэнд, цаашилбал төрийн албанынхны дундаж цалин 400- 500 мянган төгрөгийн хооронд байдаг. Энэ нь амьдралаа авч явах наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа тул иргэд төв талбай дээрээ олон сараар жагсах шалтгаан болсоор ирлээ. Зуны турш намжмал байсан цалингийн асуудал дахин сэдэрч, олон нийтийн анхаарал энэ зүг хандах нь. Засгийн газар чухамдаа үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэх төдий арга хэмжээ авч байсан бол одоо нэг мөр шийдэх шахалт, шаардлагатай туллаа. Удаан хугацааны турш тэсэж, тэвчиж ирсэн салбарынхан ажил хаяхад ойрхон байна. Нөгөө талаасаа улс орны эдийн засгийн үндсэн үзүүлэлт илт сэргэж, төсвийн алдагдал хумигдаж эхэлсэн. Тухайлбал, манай улсын ДНБ энэ онд дэлхийн банкны тооцоолсноор таван хувиас дээш байх нь. Цалинг нэмэхэд саад тотгор болж ирсэн инфляц энэ онд Монголбанкны зорилтот түвшин болох найман хувь орчимд тогтворжихоор байна. Улсын гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.доллартай тэнцэж, энэ оны эхний хагас жилд төлбөрийн тэнцэл болон төсөв ашигтай гарлаа. Эдгээр нь цалин хөлс нэмэх суурь нөхцөл эдийн засагт бүрдсэн гэдгийг илтгэнэ. Тодруулбал, үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл энэ оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Эргэн сануулахад, 2017 оны эхний хагаст улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Энэ үетэй харьцуулахад төсөв “төрөл арилжжээ”. Төсвийн “эрүүл мэнд” ийнхүү сайжирсан нь цалин нэмэх боломж, бололцоог Засгийн газарт олгоод зогсохгүй өрийн ачааллаа нимгэлэх боломж олгож байгааг алдаж болохгүй.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
|