Хэнэггүй байдлаасаа болж ЭРСДЭЛД орж байна
Банкууд технологио сайжруулж буйгаас гэмт хэрэгтнүүд тэднийг онилохоо больжээ
Зоогийн газрын зөөгч “картын чинь дугаар хэд вэ” хэмээн холоос асуухад эзэмшигч нь тэртээх булангаас танхимд суугаа хүн бүрт сонсогдохоор чанга гэгч нь хариулна. АТМ-ээс мөнгө авах гэж байхад ард нь дугаарлаж буй хүмүүс дансны мэдээлэл рүү ширтчихсэн зогсоно. Зарим нь бүр ил цагаандаа гарчихсан, “үлдэгдэл чинь хүрэхгүй байна ш дээ” хэмээн дансыг нь хамт шалгадаг гээд зөвхөн Монголд л харж болох, ийм эгдүү хүрмээр явдалтай уншигч та өмнө нь таарсан гэхэд итгэлтэй байна. Санхүүгийн аюулгүй байдалдаа ийм хайхрамжгүй хүмүүс Монголоос өөр оронд хэр байдаг бол. Барууны зарим орны иргэд эхнэр эсвэл нөхрийнхөө картын дугаарыг бүү хэл, цалингийн хэмжээг нь ч мэддэггүй. Энэ хэрээр хувь хүний санхүү эрсдэлээс ангид байдаг. Харин манайд хэнэггүй зан, санхүүгийн сул боловсролоос үүдэн өөрийгөө эрсдэлд оруулах эхний алхмаа бид өөрсдөө хийчихээд байна. Уг нь санхүүгийн системийн хөгжлөөрөө Монгол улс дэлхийтэй хөл нийлүүлдэг. Нэг хүнд ногдох картын тоогоор манай улс (нэг хүнд 1.6 ширхэг карт ногддог) Румын, Чех зэрэг зүүн Европын орнуудыг давдаг байна.
Төв банкны үндэсний цахим гүйлгээний төвийн мэдээлснээр 2017 оны эцсийн байдлаар манайд 3.8 сая ширхэг карт бүртгэлтэй бөгөөд 1.7 саяыг нь идэвхтэй ашигладаг. Монголчууд жилд дунджаар 6.6 их наяд төгрөгийн гүйлгээг картаар хийж буй нь бэлэн мөнгөнийхийг давсан дүн аж. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ тэлэхийн хэрээр энэ төрлийн гүйлгээний эрсдэл нэмэгджээ. 2017 онд гэхэд залилангийн гүйлгээний тоо 221-д хүрсэн бол мөнгөн дүн нь 184 сая төгрөг давжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан “Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд Улаанбаатар хотын ресторануудад зөөгчөөр ажиллаж, үйлчлүүлэгчдийн төлбөрийн картын мэдээллийг авах, эсвэл тусгай төхөөрөмжөөр залилан хийдэг. Мөн цахимаар интернэт банкны эрхийг нь ашиглах нэрээр нууц дугаарыг нь авч, гэмт хэрэг үйлддэг. Ер нь олон улсын гэмт хэрэгтнүүд “хор”-той код ашиглан хэрэглэгчийн утсаар мэдээлэл олж авах, хуурамч ПОС машин ашиглах зэргээр арга нь нарийсч байгаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн иргэдийн цахим шуудан руу хуурамч мэдээлэл илгээж, интернэт банкных нь нууц дугаар авдаг байна.
Ийм аргаар 50 мянган иргэн рүү цахимаар шуудан илгээхэд тэдний долоо мянга нь өөрийнхөө интернэт банкны мэдээллийг өгсөн тохиолдол гарчээ. Арилжааны банкууд иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулалт гар таталгүй хийж, олон улстай эн зэрэгцүүлж буй. Гэвч иргэд цахим хэтэвчээ хэнэггүй нээгээд өгчихөж буйгаас энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байна. “Ер нь төлбөрийн системийн хамгаалалтын технологийн зардал өндөр. Гэсэн хэдий ч арилжааны банкууд хүчин чармайлт гаргаж буйгаас Монгол улсын арилжааны банкууд дахь технологийн дэвшил олон улстай эн зэрэгцэн үү гэхээс дутахгүй” гэж олон улсын эксперт дүгнэж байна. “Арилжааны банкууд хэрэглэгчийг данс нээмэгцээ шууд нууц дугаараа солихыг шаарддаг. Мөн нууц үгийн чанарыг илүү сайжруулж, тооноос гадна том, жижиг үсэг, тэмдэгт нэхдэг болсон. Албадлага мэт харагдаж буй энэ өөрчлөлтийн цаана хэрэглэгчээ эрсдэлээс хамгаалах гэсэн банкуудын хүчин зүтгэл нуугдаж байдаг” гэж Монголбанкны олоннийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул тайлбарлаж байна. Түүнчлэн зарим банк хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тусгай хөтөлбөр хүртэл хэрэгжүүлсэн бол нэг бус банк олон улсад хамгийн найдвартайд тооцогддог чипэнд суурилсан картын технологи буюу EMV-ийг нэвтрүүлж эхэлжээ.
Одоогоор Худалдаа хөгжлийн банк болон Хаан банк EMV-ийг нэвтрүүлээд буй бөгөөд картын нийт хэрэглэгчийг бүрэн шилжүүлэхэд хоёр жил шаардлагатай аж. Энэ технологид шилжсэнээр залилангийн гүйлгээ 70 хувиар багассан бахдам үзүүлэлт ч олон улсад байна. Банкууд ийнхүү хөрөнгө, хүч хаяж, техник, технологио байнга сайжруулж буйгаас гэмт хэрэгтнүүд тэднийг онилохоо больжээ. Харин болгоомж, хяналт сул хэрэглэгчид рүү хараагаа чиглүүлж эхэлсэн байна. Ер санхүүгийн технологийн хөгжил даган гэмт хэрэгтнүүд улам ухаалаг болсон. Тэд төлбөрийн системд ямар л сул тал байна, түүнийг отож байгаад, санхүүгийн “ан” хийдэг болсон. Манайд оюутнууд хөгшид зэрэг иргэд энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийн зөөлөн “өгөөш” болдог хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн сүүлийн үед Малайз, Сенегал, Их Британи, Филиппин улсын иргэдийн залилан мэхлэлтэд манай улсын иргэд өртжээ.
• Санхүүгийн системийн хөгжлөөрөө Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлдэг.
• Манайд оюутнууд хөгшид зэрэг иргэд энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийн зөөлөн “өгөөш” болдог хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
• Сүүлийн үед Малайз, Сенегал, Их Британи, Филиппин улсын иргэдийн залилин мэхлэлтэд манай улсын иргэд өртжээ.
Хэдийгээр санхүүгийн аюулгүй байдлыг сахихад технологийн дэвшил чухал ч хүний оролцоо түүнээс дутахгүй гэдгийг үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал онцолж байна. Тиймээс санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэх нь чухал байгаа аж. Дэлхийн банкны судалгаагаар манай улсын иргэд санхүүгийн мэдлэг боловсролоор тун тааруу үнэлгээ авсан. Ер нь санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалдаг, технологийн дэвшил, арга замтай хөл нийлүүлж алхдаг хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа ч анхаарал шаардсан хэрэглэгчийн арми үүсчихээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. “Иргэн бүр эдийн засгийн өндөр мэдлэгтэй байх албагүй. Гагцхүү санхүүгийн наад захын, суурь мэдлэгтэй байх нь чухал. Хайрамжгүй байдлын цаана хүний хөгжил харагдаж байдаг” хэмээн төв банкны ахлах мэргэжилтэн М.Нургул хэлсэн. Хэрэв иргэд санхүүгийн залиланд өртсөн тохиолдолд өргөдөл гомдол гаргаж, гүйлгээ дахин гаргуулах гээд шат дамжлага олон аж.
Тиймээс мөнгөө алдчихаад араас нь эд хөрөнгө, цаг хугацаагаа гарздахаас илүү эхнээс өөрөө өөрийгөө хамгаалах нь чухал байна. Нөгөө талд, санхүүгийн мэдлэг мэдээлллийг олон нийтэд нийцүүлэн хүргэх нь зохицуулах байгууллагууд болон санхүүгийн салбарын тоглогчдын хийх ажил. Тухайлбал, энэ салбарынхан олон нийтэд мэдээлэл түгээхдээ ажиглагчийн байр сууринаас хандах, фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээг үл ойшоох, зарим нэг үг хэллэг, мэдээллүүдийг хялбаршуулах асуудал дутагдалтай байдаг гэж олон нийтийн зүгээс хэлж байгаа юм. Ер нь цахим хэтэвчээ хамгаалах зөвхөн төв банк болон арилжааны хэдэн банкны ажил биш. Үүнд төлбөрийн системийн тойрогт багтдаг хэн бүхэн хамаатай. Дэлгүүр, зоогийн газар гээд хаа бол хаана биднийг эрсдэл отож буй. Харин үүнээс сэргийлэхийн тулд иргэн бидний оролцоо чухал байна. “Би өөрөө нууц дугаар хийе, та жоохон хойшоо зогсож болох уу, би АТМ-аас мөнгөө авах гэсэн юм”... Энэ мэт биднээс нэг их хичээл зүтгэх шаардахгүй энэ энгийн алхамуудаар бид өөрсдийн цахим хэтэвчээ төдийгүй санхүүгийн системээ хамгаалж болно. Гагцхүү иргэний оролцоо, эд хөрөнгөө хамгаалах хичээл зүтгэл үгүйлэгдэж байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН
|