Идлэг шонхроо АВАРЪЯ
Монгол Улсын Засгийн газраас сумын төв, суурин газруудыг цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бодлого баримтлан ажилласан. Үүний үр дүнд манай орны 360 гаруй сумын төв, суурин газрыг цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоод байна. Энэ нь дээр дурдсан газруудын оршин суугчдын цахилгаан эрчим хүч (ЦЭХ)-ний хангамж найдвартай болж, амьдрал ахуй, соёлжилтыг нь дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг бий болгоход ач тусаа өгч байгаа билээ.
Ой модоо хайрлан хамгаалах зорилгоор 0.4,6,10, 15, 35 кВт-ын шугамд модон тулгуур хэрэглэж байсныг больж, төмөр бетонон тулгуур ашиглах болсоор олон жил өнгөрлөө. Модон тулгууртай байхад өндөр хүчдэлийн шугам дээр шувуу үхэх нь маш ховор байсан. 6-15 кВт шугамд төмөр бетонон тулгуур хэрэглэснээс хойш улсын хэмжээнд жилд олон мянган шувуу өндөр хүчдэлд цохиулан ухэж байгаа ба энэ нь шугамын эд ангийг гэмтээх, шугам тасрах, ээлжит бус үзлэгт шугамын дагуу явах, засвар хийх, хэрэглэгчийг цахилгаан эрчим хуч (ЦЭХ)-ээр гачигдуулах зэргээр алдагдалд оруулсаар ирлээ. Төмөр бетонон тулгууртай 6-15 кВт шугамын тулгуур бүрт зураг төслөөр нарийн төмөр утсаар хийсэн шувуу үргээгч нэртэй багс буюу эргэдэг толийг зоож, шувуут хамгаалах арга хэмжээ болгож ирсэн. Харамсалтай нь үр өгөөж багатай харагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 248 тоот тогтоолоор нэг идлэг шонхор шувууны байгаль экологийн үнэлгээг 7800000 төгрөг (3900 ам.доллар) гэж тогтоосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны долоодугаар сарын 19-ний өдрийн 171 тоот тогтоолоор нэг идлэг шонхор шувууны барих жишиг үнэ 10000 ам.доллар (20 сая төгрөг) гэж тогтоожээ. Манай улсын хэмжээнд 4000 шахам километр урт 15 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) барьсан байдаг.
Махчин шувууд, түүний дотор идлэг шонхор шувуу төмөр бетонон тулгууртай 6-10, ялангуяа 15 кВт шугамын хүчдэлд цохиулан олон тоогоор хорогдож эхэлсэн нь яаралтай арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж байсан боловч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. АНЭУ-ын Абу Дабийн Байгаль орчны хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (ЗАСХТ) 2013- 2015 онд ЦДАШ-ын хүчдэлд шувууд нэрвэгдэх асуудлыг судалж, шувуу хамгаалах төрөл бүрийн арга хэрэгслийг турших ажлыг хийсэн. ЗАСХТ-ийн судлаачид 2013-2015 оны найм, есдүгээр сард хийсэн нэг удаагийн хээрийн судалгаагаар 15 кВ-ын нийт 42 тооны шугамыг шалгасан. Энэ нь манай оронд барьсан 15 кВт шугамын 70 шахам хувь юм. Судалгааны үр дүнд 37 зүйлд хамаарах 2341 тооны шувуу хүчдэлд хорогдсоныг бүртгэжээ. Нийт үхсэн шувууны 37 хувь нь идлэг шонхор байжээ. 2013 онд Сүхбаатар аймгийн Уулбаян-Мөнххааны 56 км урт, 15 кВт ЦЦАШ-д дээрх хоёр сумаас тус бүр нэг хүнийг судалгаа хийхэд сургасан ба 2013 оны гуравдугаар сарын 16-наас 2013 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хийлгэхэд зөвхөн идлэг шонхор шувууны хорогдол 235 гарчээ. Баруун-Урт-Тал булагийн 282 ширхэг төмөр бетонон тулгууртай, 31 км, 10 кВт шугам өнгөрсөн оны аравдугаар сард үзлэг хийхэд 186 шувуу үхсэн байжээ. Эдгээрээс идлэг шонхор 80, шар шувуу 98, бүргэд нэг, начин шонхор нэг, хон хэрээ зургаан ширхэг гарчээ. Мөн Тал булаг шугамд енгөрсөн гуравдугаар сард үзлэг хийхэд 63 тулгуурын дэргэд 81 үхсэн байсны 38 нь идлэг шонхор байсан байна. Идлэг шонхор шувуу дөрөв, тавдугаар сар мөн долоо, наймдугаар сард 6-15 кВт шугамын хүчдэлд цохиулан үхэх нь хамгийн олон байдгийг тогтоожээ. Долоо, наймдугаар сард дэлхий ертөнцтэй анх удаа танилцаж байгаа, хөнгөн шаламгай, залуу идлэг шонхор шувуу илүү олноороо өндөр хүчдэлд нэрвэгддэг гэнэ. Баянхонгор аймгийн Галуут-Баян-Овоогийн 480 ширхэг төмөр бетонон тулгууртай, 55 км шугамын, шувуу үхдэг байсан 250 ширхэг завсрын тулгуур дээр хуучин байсан шувуу үргээх багс, эргэдэг толинуудыг салган авч, шувуу хамгаалах шинэ хэрэгслийг байрлуулжээ. Шугамын булан төмрөөр хийдэг хөндлөвч дээр, цахилгаан дамжуулагч утсыг тоггоосон шаазан тусгаарлагчаас 20 см зайд түүнтэй ижил шаазан тусгаарлагчийг нэмж суулгажээ. Төмөр бетонон тулгуурын орой дээр гагнасан төмөр нуман бэхэлгээг байршуулж, түүн дээр шаазан тусгаарлагч бүхий төмөр шилбийг зооно. Энэ ажлыг 2016 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх компанийн инженер, ажилчид хийж гүйцэтгэсэн. ЗАСХТ-ийн судлаачид тэдгээр товлосон 250 ширхэг тулгуур дээр шинэ хамгаалах хэрэгсэл тавихын өмнөхөн тодорхой тооны хоног өнгөрсний дараа үхсэн шувууны тоог шугамын дагуу явж гаргахад 54 байсан, шинэ хамгаалах хэрэгсэл тавьж дууссан өдрөөс эхлэн өмнөхтэй ижил тооны хоног өнгөрүүлээд мөн явж үзэхэд үхсэн шувууны тоо 10 байжээ. Үүнээс үндэслэн шинэ хамгаалах хэрэгсэл шувууг 85 хувь хамгаална гэж үзжээ. Инженер С.Батхүү, Д.Баянцогт, Д.Нанжаа, Ц.Уламбаяр нарын өнгөрсөн онд гэрчилгээг нь авсан, ашигтай загварын дагуу 6-15 кВт шугамын хүчдэлээс шувууг хамгаалах шинэ загварыг "Пластик" ХХК-аар хийлгэсэн. Энэ шинэ загвар нь 6-15 кВт шугамын тулгуурын оройд өмсгөх хувин хэлбэрийн хөндийрүүлэх бортого, булан төмрөөр хийсэн хөндлөвчид нөмөргөх хөндийрүүлэх бүрхүүлээс бүрдэнэ. Хаягдал гялгар уутыг хайлуулан хөндийрүүлэх бортого болон бүрхүүлийг хийсэн. Өнгөрсөн оны намар Сүхбаатар аймгийн Халзан-Баяндэлгэрийн 15 кВ шугамын шувуу үхдэг байсан 28 ширхэг тулгуур дээр, өнгөрсөн тавдугаар сард Баруун-Урт-Тал булагийн 10 кВ шугамын шувуу үхдэг байсан 100 тулгуур дээр шувуу хамгаалах хөндийрүүлэх бортого, бүрхүүлийг тус тус суулгажээ. Энэ шинэ загварын хөндийрүүлэх хэрэгслийг ашиглахад тулгуурын хуучин байсан эд ангид өөрчлөлт ордоггүй болно.
Дурдсан хоёр шугамын, шувуу хамгаалах шинэ загварын хэрэгсэлтэй болгосон 128 ширхэг тулгуур дээр энэ сарын 1-нийг хүртэл нэг ч шувуу үхээгүй байна. Халзан-Баяндэлгэрийн 15 кВт шугамд өнгөрсен оны намар суурилуулсан хөндийрүүлэх бортого, бүрхүүл тус бүрээс нь нэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард салган авч, лабораторид авчран үзлэг хийхэд хэвийн байсан ба өндөр хүчдэлийн туршилтыг сайн даасан тул буцааж тавиулсан. Эдгээр арга хэмжээ нь газрын хөрсийг сүйтгэдэг үлийн цагаан оготно мэтийн мэрэгч амьтдыг хороодог махчин шувууд, тэдгээрийн дотор Улаан номд бичихээр цөөрөөд байгаа, манай улсын бахархалт шувуу гэгдэх идлэг шонхор шувууг хамгаалах, шувуудаас болж 6-15 кВт шугамд гэмтэл гарах, хэрэглэгчдийг ЦЭХ-ээр гачигдуулах, шугамд ээлжит бус үзлэг, засвар хийх зэргийг таслан зогсооход шийдвэрлэх нөлөөг үзүүлэх болно.
Иймд 6-15 кВт шугамын төмөр бетонон тулгуур дээр шувуу нэрвэгддэгийг болиулах талаар дотоодын хөрөнгийн эх үүсвэр болон гадаадын төслөөр санхүүжүүлж
дорвитой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Төмөр бетонон тулгууртай 6-15 кВт шугамын тулгуур дээр шувуу хүчдэлд нэрвэгдэж байгаагийн эсрэг авах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дуустал дараах ажлыг зохиох санал дэвшүүлж байна. Үүнд,
1. Энэ ажлыг улсын хэмжээнд явуулах зохион байгуулалтыг боловсронгуй болгох.
2. Албан байгууллага, иргэдээс хандив цуглуулж, шаардлагатай зүйлд зарцуулах.
3. 6-15 кВт шугамын дагуух үлийн цагаан оготно мэтийн мэрэгч амьтдыг устгах ажлыг зохиох. Энэ ажилд тухайн шугамаар ЦЭХ авч байгаа хэрэглэгчдийг яаж хамруулах талаар журам гаргах.
4. Үлийн цагаан оготныг байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар устгадаг үр дүн сайтай арга, туршлагуудыг хэрэглэх, сурталчлах.
5. 6-15 кВт шугамаар дамжуулж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээг тэр шугам дээр нэрвэгдэж байгаа идлэг шонхор шувууны үнэлгээтэй харьцуулан үзсэний үндсэн дээр хоногийн, шувуу олноор үхдэг цагуудад шугамыг тасалдаг байх журам нэвтрүүлэх.
6. "Пластик" ХХК-д хаягдал гялгар уут хайлуулан хөндийрүүлэх бортого, бүрхүүлийг цутгаж байгаа технологийг боловсронгуй болгож, бүтээмжийг нь дээшлүүлэн, өөрийн өртгийг нь хямдруулах талаар шинийг санаачлагч, зохион бүтээгч хүмүүсийн анхаарлыг хандуулах.
7. Төмөр бетонон тулгууртай 6-15 кВт-ын ЦДАШ-уудад сард нэгээс доошгүй удаа үзлэг хийж, үхсэн шувуудын судалгааг гаргаж нэгтгэн сурталчилдаг байх.
8. Шугамын үлийн цагаан оготно ихтэй хэсэгт шугамнаас 300-500 м зайд шувуу суух шонгуудыг босгох гэх мэт болно.
Бичсэн: Д.НАНЖАА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин