Алдартнуудыг ашиглаж дов, жалгаараа талцдаг үзэл санааг бүдгэрүүлье

2018 оны 7 сарын 24

Arslan.mn

Миний багад хүүхдүүд гудам гудмаараа нэгдэж нийлж байгаад чулуугаар “байлдаж” тоглодог байлаа.

Мэдээж данхайсан томоор нь биш ч тэрүүхэндээ оногдвол өвдөж уйлах хэмжээний богийн шагай шиг чулуу нүүлгэцгээдэг байв. Оногдож бэртэж гэмтэхгүйн тулд хөлийн хурд мэдэн гүйлдэж амбаар сав, айлын хашаа, цэцэрлэг сургуулийн ард гээд нуугдаж, болох бүхний ард амьсгаа даран зогсдогсон. Манай тал, айлын талынхан гэж хуваагдана.

Айлынхнаас нэг нь уйлвал "Бид яллаа" гэж баярлана. Манай талаас нэг нь зүрх алдан зугтвал аймхай, хулчгараар нь дуудаж нэг хэсэгтээ багтаа авахгүй шоглоно.
Энэ бол миний мэдэх хамгийн анхны талцал байсан юм. Хэсэг бүлгээрээ нэгдэн нийлж талцдаг, хоорондоо ямар нэгэн эрх мэдэл, илүүрхэл, омог бардамнал, хүчтэй, сүртэй байгаагаа мэдрэх гэсэн туйлын хүсэл дээр бий болдог хуваагдал биднийг нусаа ч гүйцэд арчиж чаддаггүй явсан насанд ч тоглоом хэлбэрээр оршиж байжээ.

Цаашилбал, Чингисийн үед ч байсан нь Тэмүүжин, Хасар хоёрын үгсэн нийлж Бэгтэр дүүгээ өөр эхийн хүүхэд хэмээн гадуурхан харваж алсан түүхэн тэмдэглэлээс харагддаг.
Ийм талцлын үзэл санаа , бидний мах цусанд байдаг юм биш биз гэсэн адын бодол төрөөд болдоггүй ээ.

“Бид шинэ зууныхан. Соёл, боловсролын шинэ шат биднээс эхэлж байна” хэмээн өөрсдийгөө дөвийлгөн тодруулж түүндээ ханаж яваа өнөөгийн залуусын дунд энэ яриа өрнөлөө. Тодруулбал, өнгөрөгч баяр наадмын дараагаас цахим орчинд өндрөө аван “ниссэн” юм.

“Гар утас авна. Жич: Увс хунээс авахгүй”, “Follow” яаж нээдэг юм бэ. Жич: Увс хүнээс асуугаагүй”, "Бүгд найрамдах Увс улсыг байгуулъя. Салан тусгаарлая” гэх мэтээр нийгмийн уур амьсгалыг хагалж, бие биеийг нь жигшүүлж, талцуулсан, үзэл санаагаар нь хуваасан сэтгэгдлүүд нэгээс нөгөө рүү нь дамжин олшров.

Ухаалаг утастай бүхэн цахим орчинд “амьдардаг” болсон энэ үед дээрх салан тусгаарлах үзлийг дэмжсэн, ухуулсан сэтгэгдэл, саналуудад олон нийтийн хандлага тийм ч дархлаатай байсангүй. Ийм дүр зургийг тухайн комментыг дэмжсэн, бухимдсан, сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн хандлагаас харж болохоор байв. “Ок. Дэмжиж байна” гэж хариулсан залуус ч цөөнгүй байв. Ийм байж болох уу.

“Цахим хэрэглэгчдийн багахан хувьд цаг аргацаасан бацаанууд бий. Тэд хийх ажилгүйдээ л ингэж  “од” болох гэж тэнэглэдэг юм. Энэ бол нийт массын сэтгэхүй биш” хэмээн тайвшруулах гэсэн үү, талын хүний уужуу ухаанаар асуудлыг харах гэсэн үү, нэгэн учир мэдэх хүн өөрийн сэтгэгдлээ үлдээжээ. Хэдийгээр олон талаас нь бодож чимээгүй өнгөрч болох ч бидний үр хүүхдүүдийн уураг тархи ийм хорыг шингээгээд авчихвал хэн бурууг нь хүлээх вэ. Нутаг нугаараа нийлж бие, биенээ бөөрөлхөж, дээрэлхдэг үзэгдэл биднээс хойш хэдэн үед дамжин халдварлах ёстой юм бэ. Тэд минь цагаан цаасан дээр асгарсан бэх шингээдэг цаас биш.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ГОМДЛЫН БИШ НЭГДЛИЙН ИНДЭР БОЛГОЁ

Ерөнхийлөгчөө, та бол ард түмэн, улс орныхоо эв нэгдлийг хангагч, бэлэг тэмдэг. Таны зангараг, холч ухаан, зарлиг, шийдвэр ард түмний чинь өнөөгийн төрх байдлыг өөрчлөхөд одоо л хэрэгтэй байна. 

Үндэсний бөхийн дэвжээнээс аварга болж цэнгэлийн манлай болсон, тив дэлхийн олимп, наадамд амжилт үзүүлж эх орныхоо нэрийг өргөсөн, эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, яруу найраг, соёл урлагийн салбарт гялалзаж олон улсад данслагдсан хүмүүсээрээ дамжуулан ард тумний эв санааг нэгтгээч. Төрийн бодлого гэж байдаг бол нийгмийн түүчээ болон бахархлын галыг бадрааж байгаа гавьяатууд, баатруудынхаа үүрэг, хариуцлагыг өндөрсгө. Санаагаа тодорхой болгохын тулд хамгийн ойрын жишээ татъя.

Энэ жилийн наадмын түрүү бөхөөр улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж улсын аварга цолтон болсон. Сайхан наадам болсон. “Шинэ аварга төрлөө” хэмээн бөх сонирхогч хүн бүр суудлаасаа өндөлзөн үзсэн. Гэвч шинэ аварга наадмын түрүү, бай шагналаа авангуутаа л нутгийнхнаараа “өлгийдүүлэн” Увс руу “зугтсан”. Мэдээж нутаг усандаа очилгүй яах вэ. Аав ээж, ах дүү, зон олонтойгоо баяраа хуваалцалгүй яах вэ. Гэхдээ яагаад үзэгч олон, нийт ард түмнээ хүндэтгэсэнгүй вэ. Шинэ аварга маргааш нь буюу долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбай дээрээ гэр барьдаггүй юм гэхэд жижигхэн индэр засаад нийт монголчуудтайгаа баяраа хуваалцаж “Монгол наадам дэлгэр сайхан боллоо. Монгол бөхийн түүх балрахгүй” гэх мэт ард түмнийг нэгтгэсэн, эвлэлдэн нэгдэхэд нь үүрэг гуйцэтгэх хийморьтой сайхан үг хэлээд хэдхэн минутын баяр хийж болох байсан. Гэтэл тэгсэнгүй.

“Энэ жилийн наадам увсынхны баяр боллоо" гэх шиг явчихсан. Гарын алгаа хөлөртөл, хурц нар, хур  бороог ажрахгүй дэмжиж суусан иргэд бөхчүүдийн энэ мэт ард түмнээ үл хүндэтгэдэг хандлагад дургүйцсэн, тунирхсан. Тиймээс л гомдол, бухимдал нь эцэстээ баруун аймгийнхан, тэр дундаа увсынхан аминч, дов жалгын үзэлтэй гэх мэтээр талцах суурь шалтгаан болж байгааг анзааръя. Энэ бүхэнд яагаад төрийн бодлого зайлшгуй хэрэгтэй байгаа юм бэ, гэж үү. Нийгмийн оюун санааны гэрэлт бамбарыг асааж явдаг амжилт гаргасан бүх баатар ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй байя. Үүнийг нь төр үүрэг болгооч. Тэдний хэлэх үгийг бодлогоор бэлдэж өгөөч. Тэдэнд нутаг усныхантайгаа бус нийт ард түмэнтэйгээ баяраа хуваалцдаг орон зай гаргаж өгөөч гэж байгаа юм. Энэ чинь л өнөөх барих барьцгүй, харагдах биегүй төрийн бодлого гээч нь биш юм уу. Одоо тэгвэл бид алдаагаа давтахгүй байя.

Монголын анхны уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаагийн дэлхийн хоёр дахь ноён оргил К2 уулын оргилд Монголынхоо тугийг анх удаа хатгасан амжилтыг нийтээрээ Сүхбаатарын талбайд тэмдэглэе. Үүнийг хэрэгжүүлэхэд хэдэн зуун сая төгрөг хэрэггүй ээ. Ард түмнийхээ сэтгэлийг дээш нь өргөх, хүн хүнээрээ бахархах үзлийг сэргээх, хэн нэгнээ дэмжих үзлийг дэвэргэх арван минутад багтах тамирчны үг л хэрэгтэй. Ийм бахархлыг харсан, сонссон монгол хүн хэн нэгнээ нутаг усаар нь гадуурхана гэж үү. Үгүй л болов уу.

Өлсгөлөн зарлах, тэмцэл хийж жагсах, нүцгэлэх, суулт хийх гэх мэт хар муу энерги дуудсан үйлдэл хийхэд Сүхбаатарын талбай зориулагдаагүй баймаар. Сүхийн талбайг хэн нэгний гомдол, цөхрөлийн бус эв нэгдлийн индэр болгоё.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593106
0 эможи

keyboard_arrow_up