Орлого нэмэгдэхээр зарлагаа дагаж өсгөдгөө хэзээ болих вэ
Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын орлогоороо энэ оны эхний хагас жилийн төсвийн 80.4 хувь буюу 3.7 их наяд төгрөгийг бүрдүүлсэн байна. Харин төсвийн ерөнхийлөн захирагч энэ мөнгөний 95.9 тэрбумыг зээлэнд төлсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувь өссөн дүн юм.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын орлогын эхний хагас жилийн өсөлт болох 92.7 тэрбумыг дахиад 3.2 тэрбум төгрөгтэй тэр чигт нь өрөнд тавиад туучихлаа гэсэн үг.
Ингэснээр 2018 оны нэгдүгээр хагас жилийн төсвийн зарлагын 4.4 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлж буйг лхагва гарагт Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн ээлжит тайланд дурдсан байна. Төсөвт төлөвлөснөөр энэ онд эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 286.1 тэрбум төгрөг төлөх бөгөөд одоогоор энэ дүнгийн гуравны нэгийг л Засгийн газар барагдуулаад байгаа гэсэн үг юм.
Төсвийн зардлын 86 хувийг урсгал зардал эзэлж байна. Урсгал шилжүүлэг өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна. Мөн цалингаас бусад бараа, ажил үйлчилгээний төлбөр 4.3 хувиар нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн “эрүүл мэнд” сайжрах хэрээр Засгийн газрын зардал тэлж, төрийн алба данхайдаг зуршил манай улсад тогтсон.
Ялангуяа, орлого давж, эдийн засаг сэргэх тусам энэ үзэгдэл улам хавтгайрч, төр үрэлгэн зантай болчихдог. Харин орлогын төлөвлөгөө тасарч, төсөв сульдах үед төр өр тавьж данхар зардлаа санхүүжүүлэх гэж хамаг л нөөц, бололцоогоо бардаг.Ийм хүнд байдалд улсаараа орж байсан үе саяхан. Харамсалтай нь энэхүү гашуун туршлагаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тул мартаж, төр зардлаа хумих бус тэлсээр байна. Төсвийн нөхцөл байдлаа эргэн харцгаая.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Уг үзүүлэлт төсвийн тамир тэнхээг илтгэнэ. Гэвч орлого сайтай жилээ хуримтлал үүсгэж, гал алдах цагт хэрэглэх бус зардал болгон урсгах боллоо. Үүнийг төсөв доторх том тоонуудын хөдөлгөөн харуулж байна. Тухайлбал, цалингийн хөлс, нэмэлт урамшуулал 942.2 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өсөөд байна. Цалингийн зардал нэмэгдэж, яамдын бүтэц данхайж буй шалтгааныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд сонгуулийн мөчлөгтэй уялдуулсан судалгаа бий.
2000 онд яамдын халаа сэлгээний эргэлт таван хувиас даваагүй байсан бол 2016 оны сонгуулийн дараа 14 хувь болж огцом нэмэгдсэн байна. Энэ тоо албан тушаалтнуудын халаа сэлгээний эргэлт жилд нэг хувийн өсөлттэй байдгийг харуулж байна. Тиймээс ч цалин хөлсний зардал нь хамгийн том, хурдтай өсөж буй зардлын нэг болж байгаа аж. 2015 онд нийт хөдөлмөр эрхлэлтийн 16.1 хувийг эзэлж байсан төрийн 186.4 мянган албан хаагч 2017 оны эцэст 192.4 мянга болж өсчээ.
Харин нэгдсэн төсвийн хуваариар оны эхний хагас жилд 198.1 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Хэдийгээр төрийн албан хаагчдын тоо ийн данхайж буй ч боловсрол, эрүүл мэнд зэрэг төсвөөс цалинждаг салбарын ажилтнуудын цалин улсын дундажтай харьцуулахад бага өсөлттэй байгаа юм. Зардал тэлж байгааг илтгэх өөр нэгэн баримт байна. Энэ нь төрийн өмчит компаниудад 30 гаруй тэрбум төгрөгийн татаас олгохоор болсон явдал. Үүнээс 13.9 тэрбумыг нь олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөгөөр өндөр дүн болж байгаа юм. Гэхдээ энэ оны төсвийг хий ихтэй, хам хум баталсныг хөрөнгийн зардлын задаргаа харуулна.
Энэ онд баталсан хөрөнгийн 1.98 их наяд төгрөгийн зардлын дийлэнхийг буюу 1.2 тэрбумыг барилга байгууламж эзэлж байгаагийн нэлээдгүй хэсгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга эзэлж буй.
Харамсалтай нь, эдгээр барилга байгууламж зураг төслөөсөө эхлээд нэгдсэн норм нормативгүй учир зардал нь тэнгэр газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэгт645 хүүхдийн багтаамжтай сургууль 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байхад өөр газар барих гэж буй ижил багтаамжтай сургуулийн хөрөнгө оруулалт гурван тэрбум байдгийг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан нэр бүхий гишүүд анхааруулж байсан.
Дэлхийн банкнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, улмаар зардлын тооцоог нарийвчлан гаргах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулсан. Сонгуулийн амлалт нэрийн дор нийгэм, эдийн засгийн үр өгөөж багатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж төсвийн нөөц, боломжоо шавхах эрсдэлд хөтлөх эрсдэлтэйг мөн донор байгууллага анхааруулж буй. Монгол Улсын хөрөнгө оруулалт бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд өндөр байдаг.
Гэвч үр дүн нь иргэдийн амьдралд төдийлэн мэдрэгдэж чадахгүйбайгаа юм. Үүний шалтгааныг оновчгүй төлөвлөлт, популист бодлоготой холбон тайлбарлах нь бий. Эдгээр хүчин зүйл нь төсвийн зардлыг тэлж, улмаар Засгийн газрын өр нэмэгдэхэд хүргэж байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа боловч орлого шинэ хөрөнгө оруулалтад бус төрийн данхар бүтцийн өдөр тутмын урсгал зардал болон үрэгдэж байна.