Монголд тариаланч, малчид л усыг үнэгүй ашиглаж байна
Та ус ашигласныхаа төлөө төлбөр төлдөг үү. Орон сууцанд оршин суудаг нэг өрх сард дунджаар 30 мянган төгрөгийг усны төлбөрт өгдөг байна. Харин хот суурингийн жижиг үйлчилгээний газрууд энэ хэрэглээндээ 250-500 мянган төгрөг зарцуулдаг бол Монголын хамгийн том татвар төлөгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК Сэлэнгэ мөрний усыг ашигласныхаа хариуд 12 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг аж.
Хоногийн хоолоо арай ядан залгадаг хот, суурингийн айл өрхүүдээс эхлээд гудамж, тохой бүрийн өнцөгт байрладаг үсчин, зоогийн газар, том, жижиг үйлдвэрүүд цөм цэнхэр “алт”ыг ашигласныхаа төлбөрийг цаг алдахгүй төлөх гэж хичээцгээнэ.
Гэтэл усны нийт хэрэглээний 50 гаруй хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар ханаж цадалгүй ус ашигласныхаа хариуд ширхэг зоос ч төлдөггүйг та мэдэх үү.
Үнэ төлбөргүй тул хайрлах гамнах нь бүү хэл үнэгүй усаар тоглох нь холгүй ашиглах нь энүүхэнд. Мал маллаж, тариалан эрхэлдэг 190 мянга орчим өрх, аж ахуйн нэгж 60 сая давсан толгой мал, олон мянган га талбайгаа жилд 550 сая шоо метр усаар усалдаг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байна.
Энэ бол бидний унд, ахуйн хэрэглээнээс бараг дөрөв дахин өндөр дүн. Тавантолгой тойрон талцан маргаж, Д.Мурат, Д.Гантулга нарыг төрийн түшээгийн суудлаас нь түдгэлзүүлэх асуудалд хаваржин анхаарсан УИХ ус хамгаалах ээлжит хуулийн төслийг “чимээгүй” хойшлуулчихав. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганы сүүлчийн өдөр УИХ хэлэлцэж, уг төслийг батлахаар санал хурааж байснаа больж, шуудхан чуулганы хаалтаа хийчихсэн юм.
Усны “урт нэртэй” ээлжит хуулийн төсөлд эрхэм гишүүд ийн хайнга хандсан атлаа уг хуулийн төслийн нэг чухал өөрчлөлтийг унагахаа мартсангүй. Уг “урт нэрт” хуулийн төслийг даган Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг өөрчлөхөөр өргөн барьсан ч орон нутгаас сонгогдсон гишүүд нүд үзүүрлэж, “ад үзсээр” уг өөрчлөлтийг хууль санаачлагчид нь буцаачихав.
Унагаж орхисон энэ өөрчлөлт нь ус үнэгүй хэрэглэдэг малчид, тариаланчдаас усны төлбөр авах тухай байв. Ингэхдээ 300 толгой хүртэлх малтай, нэг га хүртэлх талбайтай иргэдээс төлбөр авахаар тусгасан байв. Нэг хониноос багаар бодоход 19 төгрөг авснаар малчдаас 5.3 харин тариаланчдаас 2.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан аж. Гэвч эрхэм гишүүдийн олонх нь малчид, тариаланчид усаа үнэгүй хэрэглэсээр байх нь зүйтэй гэж үзжээ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” УСНЫ ТӨЛБӨРТ 12 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ хуулийн төсөл нь эдийн засгийн хөшүүргээр дамжуулан, иргэдийг усны зохист хэрэглээнд чиглүүлж, нүүдлийн мал аж ахуйн аюулын харанга болсон бэлчээрийн доройтлыг сааруулах зорилготой хэмээн учирласан ч гишүүд тоосон ч үгүй. Усны бодлогыг ахиулна хэмээн албаныхны тайлбарласан энэ хуулийн төслийг эсэргүүцсэн зарим гишүүний байр суурьт та анхаарлаа хандуулна уу. УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр “...Бид татвар нэмэхгүй гэж амлачихсан.
Гэтэл татвар нэмнэ гээд оруулаад ирж байна. Усны ашиглалт энэ хэвээрээ явбал Улаанбаатар хот 2030 он гэхэд усны нөөцөө бүрэн шавхана. Тэгэхээр усны нөөц сан бүхий газруудтай болох ёстой. Уул уурхай, арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой хуулийг чангалах шаардлагатай. Харин хөдөө аж ахуйн салбарын усанд болгоомжтой хандах ёстой...” хэмээн анхааруулж байна. Энэ мэт шалтаг хэлж, хуулийн төслийг орон нутгийн гишүүд хэдэн талаас нь хэмлэсээр унагаж орхисон юм.
Гэтэл гишүүдийн эсэргүүцэж буй хуулийг олон малчин дэмждэг. Өнгөрсөн хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллах үеэр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, улсын аварга малчин Б.Баттогтох “Бэлчээрийг хамгаалах гарц, шийдэл нь татвар, төлбөрийн систем” хэмээж байв. Мөн ахмад малчин Б.Шаравсамбуу ч “Малчдыг татвар, төлбөрийн системээр дамжуулан зах зээлд оруулах ёстой.
Ингэж байж малын тоо толгойг зүй зохистой харьцаанд оруулж, бэлчээрээ хамгаалж үлдэнэ” хэмээн хэлж байсан юм. Толгойг нь илсэн төрийн бодлогын балгаар даацаасаа давсан малын хөлд бэлчээрээ талхлуулж буй малчид өдгөө нутаг усаа аврахын тулд татвар төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлэх болсон юм. Харин тариаланчид эсэргүүцэж байна. Усны төлбөр ашиг орлогод нөлөөлж, илүү үнэтэй гурил иднэ хэмээн хэлэх тариаланч байна.
• Мал маллаж, тариалан эрхэлдэг 190 мянга орчим өрх, ААН 60 сая давсан мал, олон мянган га талбайгаа 550 сая шоо метр усаар усалдаг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байна.
• Үнэ төлбөргүй тул хайрлах гамнах нь бүү хэл үнэгүй усаар тоглох нь холгүй ашиглах нь энүүхэнд.
• УИХ ус хамгаалах ээлжит хуулийн төслийг “чимээгүй” хойшлуулчихав.
Уг нь энэ нь малчид тариаланчдыг элдэв төлбөр, татвараар дарамтлах зорилго агуулаагүй болохыг албаныхан хэлж байгаа. Харин эдийн засгийн хөшүүргээр дамжуулан усны зохистой хэрэглээнд чиглүүлэх үндсэн зорилготой.
Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын 169 мянган малчин өрх, 17 мянган тариаланч, аж ахуйн нэгжээс авах энэ төлбөр уул уурхайн ганцхан компанийн усанд төлдөг мөнгөнд хүрэхгүй.
Энгийн иргэд, бизнес эрхлэгчдэд төр төмөр нүүр харуулах атлаа малчид, тариаланчдыг яаж ч чадалгүй, эвий минь, хөөрхий минь, усаа үнэгүй ашигла хэмээн хошуу дэвссээр өнөөдрийг хүрлээ. Бидний “ус самрагчид” хэмээн чичилдэг уул уурхайн салбарын ашиглалт усны 10 гаруй хувийг эзэлдэг атлаа 30 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлдөг.
Гэтэл бага байна хэмээн байнга чамлана. Цайны сүүгээ арай адан залгадаг хөгшид хүртэл усны мөнгө төлж байхад уулын энгэр дүүрэн мал бэлчээсэн мянгат малчид үнэгүй хэрэглэсээр байна. Дэлхийн усны 70 хувийг хөдөө аж ахуйн салбарынхан хэрэглэдэг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын усны бодлогод дэлхий дахин анхаарч, усны нөөцийг ариг гамтай ашиглах бодлого хэрэгжүүлж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт бичигддэг Шинэ Зеландын нэг ферм дунджаар жилд 1015 мянган ам.долларыг усны төлбөрт төлдөг байна. Энэ хэрээр тус улсын хөдөө аж ахуйн усны хэрэглээ, хамгаалалт хэмнэлттэй агаад уян хатан болж буй. Гэтэл гадаргынхаа усны 95 хувийг гадагш урсгаад алдчихдаг, жилд 1000 гаруй гол, цөөрөм, булаг шанд ширгэж алга болдог Монгол Улс усанд яагаад ийм хайр гамгүй хандана вэ. Үнэгүй юмыг хүмүүс үрэлгэн л хэрэглэж таарна.
Тиймээс эдийн засгийн хөшүүргээр дамжуулан хөдөө аж ахуй, цаашлаад Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах зайлшгүй шаардлага нүүр тулсан. Түүнчлэн мал аж ахуйн салбарын зүй зохистой байдлыг хангаж, мал сүрэг даган доройтож буй экосистемийг авран хамгаалах, усны зохистой хэрэглээг нэвтрүүлэх шаардлага өнөөдөр бидэнд нэн тэргүүнд тулгараад байна.
Малчдаасаа татвар авдаг хууль баталчихаад яаж тэднийхээ царайг харах билээ гэсэн хөдөөгөөс сонгогдсон төрийн түшээдийн хий хоосон айдас өнөөдөр усны бодлогыг самрахад хүргээд байна. Хоёр жилийн дараах сонгуулийн ялалтаа хойш тавиад, улс орны үндэсний аюулгүй байдал, орших, эс оршихтой нь холбоотой усыг нэн тэргүүнд үздэг улс төрийн зоригтон өнөөдөр Монголд алга аа. Дэлхий, түүн дээрх хүн, амьтан, ургамал ногоо, бусад амьтай байтугай амьгүй зүйлсийг ч төрүүлсэн “ээж” нь болсон усанд ийм хэнэггүй, хайнга хандсаар байх уу.