Баяр наадам АШИГ ХОНЖОО, ХЭРҮҮЛИЙН талбар биш ээ
Том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй
Үндэсний их баяр наадам эхлэх хугацаа өдрөөр тоологдож эхэллээ. Энэ цаг дор Монгол хүн хүчит бөх, хурдан морьдынхоо өнгийг шинжиж, тавих сумныхаа цэцийг тааруулж, өөр өөрийн таамгаа дэвшүүлж, чухам л наадмаар “амьсгалаад”, нээлтийн өдрийг тэсгэлгүй хүлээж суудагсан. Харин энэ жил тийм байж чадаж байна уу, үгүй юү. Үүнийг тэрлэгчийн хувьд урьдынх шиг баяр цэнгэлийн уур амьсгал, мэдрэмж нэг л төрж өгөхгүй байх шиг ээ. Бөхчүүд маань өчнөөн жил үргэлжилсэн улигт хэрүүлээ хийж, уяачид болохоор ээлжит будлианаа тарьж, энд тэндгүй амьтан хүний дургүйцлийг сэдрээж байхад яаж ч сэтгэл догдлон хүлээх билээ. Ард түмний уламжлал, ёс заншлыг хойч үед өвлүүлэн үлдээж, үндэсний дархлаа болж байдаг наадам маань энэхүү амин гол шинжээ алдаад, эрх мэдэл, алдар хүнд, ашиг хонжооны төлөөх өрсөлдөөн болж, өнгөтэй, мөнгөтэй хүмүүсийн аархлын талбар болж хувираа юу даа гэх эмзэглэл эрхгүй төрөх боллоо.
Аварга нэртэй хутган үймүүлэгчдийн цолыг хураая, Ерөнхийлөгч өө!
Нэгэн зүйл:
Үндэсний бөхийг, Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон дуусч өгдөггүй маргаан хурц хэлбэрт шилжих нь үү гэсэн болгоомжлол өчигдөр дархан аварга, төрийн түшээ А.Сүхбатын хийсэн мэдэгдлийн дараа төрөв. “Үндэсний бөх бол Монголын ард түмний өмч, их өв соёл” хэмээн даруухан эхэлсэн түүний яриа сүүлдээ “Хэрэв наадмаар эмх замбараагүй байдал үүсвэл, том цолтой бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг нь Б.Бат-Эрдэнэ аварга та үүрнэ шүү” гэсэн заналхийлсэн өнгө аястай болж хувирав. Энэ бол бидний хамгийн их сэжиглэн, болгоомжилж байсан зүйл. “Бөхийн холбоог хэсэг нөхөд булаацалдаж л байна. Гэхдээ наадам болдгоороо л болно” гэсэн бодол хүн бүрт байв. Харин түүний мэдэгдлээс “улсын наадмыг чинь үймүүлнэ шүү, бөхчүүдийг турхирч байгаад барилдуулахгүй байж чадна шүү” гэсэн заналхийлэл үнэртлээ. Улсад 10 түрүүлсэн өөр нэг дархан аварга нь түүнийг чиглүүлээстэй. Эр улс байна даа, тэгсгээд учир зүйгээ ололцчих байх гэж олон нийт ямар их хүлээв ээ. Нөгөө тал нь өчнөөн л буулт хийлээ, эвлэрэх гэсэндээ тавьсан саналуудыг нь бүгдийг нь хүлээн зөвшөөрлөө. Холбооны дэд тэргүүнээр өөрийн хүнийг тавья, Цэцдийн зөвлөлийн даргын суудлыг бас авъя гэх тоолонд буулт хийсэн.
Гэвч ойлголцолд хүрдэггүй. харин үүний шалтгаан нь допингийн асуудалтай холбогдож таарч байх шиг. допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан нөхдийг өршөөж, наадмаар барилдуулах шаардлага тавьсан бололтой юм. Гэвч нэгэнт хууль дүрмийнхээ дагуу шийдсэн асуудал учраас боломжгүй гэдгийг сонсоод хариу шантааж хийсэн царай нь энэ. даварсаар даварсаар дагвын оронд гэдэг л энэ байх. Бөхийн буянаар өдий зэрэгт хүрчихээд эргээд бөхийнхөө эсрэг “нулимж” буй эдгээр нөхдөд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахдаа алдаа гаргаж, харанхуй шөнөөр хүүхэд уралдуулсан нөхдөд Ерөнхийлөгч арга хэмжээ авч, тод манлай уяач (үндэсний бөхөөр бол дархан аварга), улсын манлай уяач гэсэн цолыг нь хураасан түүх саяхных. Үүн шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй л бол энэ нөхөд муйхарлан зүтгэсээр байх бололтой. Үнэнийг хэлэхэд том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй. Тэдний өөрсдийн л хохь болно. Цолоо ахиулах мөрөөдөлтэй залуу бөхчүүдэд л сайхан боломж олдоно биз. Гэхдээ бөхчүүдийг наадамд барилдуулахгүй байх хэмжээнд хүртэл турхирна гэдэг өөрөө асар ноцтой асуудал. Угаас сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүнд асар их унасан. Цолны найраанаас гадна сэргээш, шударга бус шүүлтийн асуудал тэднийг муухай харагдуулах хангалттай шалтгаан болсон. Мөн шахааны барьцнаас болоод бөхчүүдийн жин нэмэгдэж, уран гоё барилдаан гарахаа больсныг ч нэмэх хэрэгтэй. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр бөхийн холбоогоо булаалдсан маргаан нь угаас унаад байсан нэр хүндийг нь бүр ч шавар шавхайтай хутгаж орхилоо.
Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү
“Шадар сайд улсын аваргуудыг хүлээн авч уулзлаа. Наадмаа сайхан хийцгээе л дээ хэмээн царай алдлаа. Бөхчүүд наадам хүртэл түр эвлэрэхээр болов” гэсэн мэдээг та энэхүү өдрүүдэд бишгүй нэг уншсан л байх. Наадам хүртэл түр эвлэрнэ гэж юу гэсэн үг вэ. ийм утгагүй юм урьд өмнө сонсож байсангүй. Зүй нь шадар сайд тэднийг гуйж гувших биш, зад загнаад гаргах ёстой байсан юм. Ингэж байж даварсан хэдэн бөхчүүдэд нэгийг бодуулах байв. Дархан аварга гэдэг алдраа дураараа дургих эрх ямба гэж бараг ойлгочихсон юм биш үү зарим хэсэг нь. Өгч болсон цолыг хурааж бас болдог гэдгийг энэ харимал атлаа хамгийг хагаралдуулагч нарт харуулж болдоггүй юм уу Ерөнхийлөгч өө!
Хүүхдийн амиар наадаж дуусаагүй юу Нэгэн зүйл:
Үндэсний бөх тойрсон маргаан ид өндрөө авч байхад хурдан морь дагасан асуудал дахин босч ирэв. Дорнод аймгийн Баянтүмэн сумын мянгат малчин Б хэмээх нэгэн маанаг Монгол зээ хүүгийнхээ үсний найрт зориулан бэсрэг уралдаан явуулсан юм байх. Гэтэл хоёр настай бяцхан хүүгээ морьтой нь баглаж уяад дааганы уралдаанд тавиад туучихаж. Яасан бөх зүрх вэ, ямар хэнэггүй зан бэ хэмээн бид баахан шуугилаа. Энэ чинь хэнэггүй биш тэнэг, мулгуугийн шинж. Ямар элэнцгийн бөх зүрх байхав. харин ч ямар ч зүрх сэтгэлгүй “амьтан” юм биш үү тэр нөхөр. Монголчууд бага балчраасаа морь унаж өсдөг ард түмэн гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ сүүлийн үед нэг дор хэтэрхий олон морь уралдаж, түүнээс ч дутахгүй олон машин дагаж давхидгаас болоод хүүхэд мориноос унаж осолдох тохиолдол гарах болсон. Тиймээс үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй бол хурдны морь унаж болно гээд заагаад өгчихсөн. Гэтэл мориныхоо амыг эргүүлэх нь байтугай эмээл дээрээ ч тогтож чадахгүй нялх хүүхдээр хурдны морь унуулж уралдуулах нь хүний ёсонд нийцэж байна уу.
Азаар өнөөх хүү эсэн мэнд эргэж ирсэн байна лээ. хэрэв уралдааны явцад эмээл нь холбирч, морь нь бүдэрсэн бол яах байсныг төсөөлөхөд бэрх. Ээж нь эсэргүүцсэн ч аав нь зүтгэсээр байгаад мордуулсан гэнэ. Ийм жишээ ганцаар тогтохгүй. Хүүхдээр хурдны морь унуулахыг эсэргүүцэх гэсэнгүй ээ. Гэхдээ жаахан ёс зүйтэй байж, хууль дүрмээ дагамаар байна. Жилийн жилд хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийг Монгол даяараа огт хайхрахаа байсныг яриад байдаг ч асуудал бахь байдгаараа. Өдгөө “унаач хүүхэд ажилд авна” гэсэн зар нийгмийн сүлжээгээр дүүрэн явж байгааг та анзаарч харсан байх. Эцэг, эхчүүд нь хэдэн төгрөгөө бодоод хүүхдээ таних, танихгүй хүнд аваачаад тушаачихна. Тэр ч байтугай хурдны морь унуулах гэж өгсөн хүүхдээ бүтэн жилийн турш ирж аваагүй ээж, аав байдгийг нэгэн уяач ярьж байв. Хүүхдээ авахыг “мартсан” хэрнээ сар бүрийн цалинг нь сахиж байгаад заавал авдаг гэсэн. Үүнийг сонсоод “арай ч дээ” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү!. Эцэст нь хэлэхэд “Амьд явахад улсын наадам үзнэ” хэмээн хэлэлцэн, бүтэн жил хүлээж, огшиж, омогшиж үздэг баяр цэнгэл, наадам маань булай хэрүүлийн талбар, өнгө мөнгө, эрх мэдлийн өрсөлдөөн болчихлоо. Бөхчүүд нь талцан, барилдах эс барилдахаараа үзэгч түмнийг хясан боох гэвэл түүн шиг явуургүй үйлдэл гэж үгүй. Монгол түмэн бөхчүүдээр дутаж байсан түүх үгүй.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
|