Зугаатай дурсамжийн бараан сүүдэр
Дайны дараах япон орны үнсэн дундаас өндийж, бүх зүйлийг тэгээс эхэлсэн гэдэг. Харин тэр мөчүүдийн зураглал, хүмүүсийн үйл хөдлөл, сэтгэлийн зургийг цааснаа буулгасан орь залуухан бичээч бол Оэ Кензабүро байлаа.
Түүний “Тэжээмэл” тууж нь эзэндээ Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй нь болох Акутагавагийн нэрэмжит шагналыг авчраад зогссонгүй түүний авьяас билэг, бичлэгийн онцгой чадварыг томоохон уран бүтээлчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
Эцсийн амьсгал татахынхаа өмнө “Зугаатай байлаа” гэж хэлнэ гээд бэлдчихсэн цэл залуухан хүнийг хэрхэн тодорхойлж болох вэ? Магадгүй амьдрал зугаатай тоглоом шиг санагдах мөчүүд балчир насанд л хамгийн ихээр төрдөг байж болно. Дурсамж хүйтэн өнгөтэй байсан ч түүнийг бал бурмаар төсөөлж, гэрэл цацруулсан цаг мөчүүдийг гашуун нулимстайгаар санаж болно.
Зохиолд “би” хүүрнэгч буюу арваад настай хүү гол дүр болох ба түүний нүдээр үзсэнийг өгүүлэх байдлаар зохиомжилжээ. Өгүүлэгчийн дуу хоолойн хэв маягаар зохиомжилсон иймэрхүү бүтээлд үйл явдлын хоорондын гинжин хэлхээг хэрхэн найруулснаар зохиолын шугаман байдал өргөсдөг. Оэ Кензабүрогийн бичлэгийн хэв маяг нь “Тэжээмэл” туужийн хувьд огтхон ч дээш, доош шугам давж гажуудаагүй бөгөөд хэм хэмжээг сайтар баримталсан нь ажиглагдаж байна.
Япон орны алс бөглүү тосгонд эцгийн хамт оршин суух гол дүрийн залуу дүүгийн хамт тос, үнсний үнэртэй зөөлөн шороог модны хугархайгаар хутгаж буйгаар зохиол эхэлдэг. Өөр тэдэнд зугаацах, хийх зүйл ч үгүй. Дайны дараах хүнд хэцүү амьдралын нэгээхэн хэсгийг тос, үнс, шороо гурвыг холин хутгаж буй жаахан хүүхдүүдийн дүрээр л эхний өгүүлбэрээс аваад нэн чадамгай илэрхийлсэн санагдана.
Өндөр уулсаар хүрээлэгдсэн тус тосгоныг “хот”-той холбож байсан дүүжин гүүр бороо ихээр орсоны улмаас эвдэрч тэд гадаад ертөнцөөс тусгаарлагджээ. Гэвч энэ бол дайны дараах Япон орон гэдгийг санууштай. Тийм дээ энэхүү нөхцөл байдал тосгоныхонд тийм ч хүндээр тусаагүй юм.
Ийн байтал Америкийн байлдааны онгоц тосгонд унаж, томчууд хар арьст эрийг олзлон авчирсан нь хийх ажилгүй зуны халуун өдрүүдийг барж байсан хүүхдүүдэд баяр хөөр авчирдаг. Үүнийг зохиолч “Сүүлийн үед тосгоны дээгүүр нисэж эхэлсэн “дайсны” онгоц хүртэл бидэнд нэгэн зүйлийн ховор шувуу төдий л санагдах болсон сон” хэмээн дүрсэлжээ. Дайсны онгоц гэдгийг нь мэдэвч, хүүгийн сэтгэл зүрхэнд оршин буй их уй гунигийн далайд нь ирж буугаад зугаацуулах шувуу төдийхнөөр түүнд мэдрэгдэж байна. Зүггүй жаалуудын уйтгарыг үүгээр өөрөөр хэрхэн илэрхийлэхсэн билээ л…
Гол дүрийн жаал болоод түүний дүү, найз нь болох Сэтэрхий уруулт нарын хувьд өнөөх олзны хар цэргийг тэжээх нь ойн зэрлэг нохойн гөлөг олсноос илүү санагдаж байлаа. Гэвч бүх зүйл өөрийн гэсэн тойрогтой бөгөөд түүнийг сэтлэн гарах мөч л таатай байдгийг төсгөлд өгүүлнэ. Хамгийн гол нь дурсамжийн тойрог энд л битүүрч дуусахын даваанд тэрээр төвөөс холбоо зөөдөг нарийн бичгийн дарга мужаас шийдвэр гаралгүй удаж буйг дуулгадаг.
Хар арьстанд дассан хүүхдүүд түүнтэй хамт зугаалж, гол дүрийн баатар түүний хамгийн сайн найз нь болно. Түүний хамгийн сайн тэжээвэр, хар өнгөтэй нохой ч гэсэн болмоор. Үнэндээ яг л тийм дүр төрх, элдэв чамирхалгүйгээр шууд дүрслэгдсэн байна. Эцсийн мөчид өөрийн үхлийг мэдэрсэн хар цэрэг гэтэл хамгийн сайн эзэн болох өнөөх хүүг олзлон авдаг. Гэвч бүх зүйл буруугаар эргэж хар цэрэг толгойдоо сүх зоолгуулах өмчид хүүгийн гараар толгойгоо хамгаалсан байдаг. Үйл явдал яг л энэ цэгт төгсчихөж байгаа мэт санагдавч зохиол хараахан дуусах болоогүй.
“Зунгааралдсан хар бүрхүүл дотор миний халуу дүүгэх зовхи, хорсон түлэгдэх хоолой, халуунаар төөнөх гар хуруу минь шархаа эдгээж эхлэв”.
Яг л энэ цэгээс, маргааш өглөө нь сэрэхдээ л өнөөх хүү жаахан байхаа больчихсон юм. Зохиолын “би” хүүрнэгчийн маань “тэжээмэл”-тэй өнгөрүүлсэн зугаатай дурсамж, түүний талаарх цэвэр нандин бодлууд нь үгүй болсноор хиргүй тунгалаг байхаа больж, олон зүйлсийг үзсэн, эргэцүүлж боддог том хүн болчихсон юм. Тэгээд ч тэрээр “Би аль хэдийн хүүхэд байхаа больсон гэх үгс бурхны сургааль мэт сэтгэлд цуурайтна. Сэтэрхий уруулттай цус асгаруулан үзэлцэх зодоон, сартай шөнө шувуу агнах, чаргаар гулгах, зэрлэг нохойн гөлөг, энэ бүхэн хүүхдэд зориулсан үгс” хэмээн хэлдэг.
“Би гэнэтийн үхэл хийгээд зарим үед гунигтай, зарим үед инээмсэглэн үхсэн хүний царайнд маш хурдан дасаж байлаа, яг л тосгоны томчууд дассан шиг”. Зохиогчийн хэлэх гэсэн санаа туужийн төгсгөл хэсгийн энэ өгүүлбэрт бүрэн багтжээ. Тэрээр амьдралын мөнх бусын хуулийг мэддэг болж, нөгөөтэйгүүр том хүн болохыг сацуу хүүхдийн айдаг зүйлст томчууд шиг л дасч орхижээ.
Оэ Кензабүро уг зохиолдоо дайн бол хүүхэд насыг дуусгасан, дайн бол аав нь хүүхэд рүүгээ сэлэм бариад дайрч буйтай адилхан гэдгийг төгсгөлийн үйл явдалд тодорхой зураглан үзүүлсэн юм.
Нөгөөтэйгүүр үхсэн хүний гунигтай, гуниггүй царайны аль нь ч сэтгэл сэртхийм зурагтай. Магадгүй хэн нэгний хоосорсон бие, чимээгүйн амгаланг амьд хүмүүс мэдэрдэггүй байх. Аль нь ч бай өөрийгөө хоёр талд хуваан “тэжээмэл” хэмээх хар арьстан эртэй өнгөрүүлсэн мөчүүдийг балчир хүүхэд болж, төгсгөлийн хэсгийг хэдийнэ хагацалд дассан том хүний сэтгэлээр хөврүүлэн номын хуудсыг амтархан эргүүлсэн нь дээр санагдана.
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг