Дорд үзэгдсэн дотоодын жуулчлал
Урин цаг айлчилж, дэлгэр зун айсуй. Зуны гурван саруудад манай орны аялал жуулчлалын салбар “амь орж”, жуулчдын хөлд дарагддаг. Энэ л үед Монгол орныхоо сайхан байгальтай танилцаж, сэтгэл оюунаа амраах хүсэлтэй дотоодын аялагчид олширдог билээ. Гэвч эх орноороо аялж сэтгэлээ сэргээх бус эсрэгээрээ стресст орох нь ч бий.
ГАДААД РУУ АЯЛСАН МОНГОЛЧУУДЫН ТОО 1 САЯ 900 МЯНГАД ХҮРЧЭЭ
Сүүлийн жилүүдэд зуны улиралд гэр бүл, албан байгууллага, хамт олон, найз нөхөдтэйгөө байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газруудаар аялах нь ихэссэн. Гэвч эдгээр дотоодынхоо аялагчдыг бүртгэсэн бүртгэл, судалгаа хараахан байхгүй байна. Дотоодын аялагчдын тоо бүртгэл гэхээр ганц нэг аймаг дахь жуулчны баазуудаар үйлчлүүлсэн жуулчдын тоо, бүртгэлээс хэтэрсэнгүй.
“Дотоодын аялагчдын зарим нь зөвхөн майхантай аялдаг учраас тэднийг бүртгэх бүртгэлийн систем байхгүй. Харин тусгай хамгаалалттай газар өнгөрсөн жил /2016 онд/ 250 мянга орчим дотоод, гадаадын жуулчин нэвтэрч, амарсан байна. Гэхдээ мэдээж гаднаас ирж буй жуулчдын тооноос дотоодын аялагч их байдаг. Манай улсын иргэд маань жилдээ дор хаяж 2-3 чиглэлд аялж байна. Гэхдээ энэ бүхнийг бүртгэсэн тоймтой статистик судалгаа байхгүй байгаа” талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан хэллээ.
Тэрбээр дотоодын аялагчид гадаад орон руу аялах нь ихэссэн талаар дуулгасан юм. Тодруулбал 2016 оны хувьд Монголоос гадаад руу аялж буй жуулчид давтагдсан тоогоор 1 сая 900 мянгад хүрчээ. Тэгвэл өнгөрсөн жил Монгол орноор аялахаар 404 мянган жуулчин гадаадаас ирсэн байх юм.
ХӨВСГӨЛ ДАЛАЙГ 90 МЯНГАН ЖУУЛЧИН ЗОРЬЖЭЭ
“Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл далай руу засмал зам тавигдсанаас хойш сүүлийн жилүүдэд аялагчдын тоо огцом өгссөнийг албаныхан хэлж байв. Тодруулбал 2016 онд л гэхэд 90 мянга орчим дотоод, гадаадын аялагчид Хөвсгөл далайг зорьжээ. “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэгчлэн сүүлийн жилүүдэд Хэнтий, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Увс аймгуудаар аялах нь олширсон бол дотоодын аялагчдын цөөнгүй хэсэг нь рашаан сувилалд амарч, аялдаг байна. Мөн Дорнод аймгаар дамжин Манжуурын аялал их хөгжиж байгаа бол ОХУ руу визгүй зорчдог болсноор Улаан-Үүд, Байгаль нуур руу аялах хүсэлтэй аялагчид ихэссэн гэдгийг албаныхан хэлж байв.
Ийн үзэсгэлэнт байгаль, эртний түүх соёлтой манай улсын хувьд орон нутагт аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх боломж бүрэн бий. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Хэнтий аймгийн Дадал суманд “Чингис хааны төрсөн нутаг” брэндийг бий болгож, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар энэ жилээс эдийн засгийн үндэслэлүүдийг судалж эхэлжээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОЛНО
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дахь “Хаалган дэнж” хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг “Талбиун” жуулчны баазын захирал Х.Ариунчимэг “Манай улс гайхамшигтай газар нутагтай учраас аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Зуны улирал болохоор л монголчууд маань агаар салхинд гарч амрахаар төлөвлөдөг. Тэр утгаараа өнгөрсөн зун маш олон дотоодын аялагчид Хөвсгөл далайд амрахаар явцгаасан. Тэгтэл тухайн орон нутгийн багтаамж, даац нь хүрэхгүй тэнд байрлахаас эхлээд хоол унд, хог хаягдал ихээр гардаг. Зарим дотоодын аялагчид маань амралт зугаалгыг архидалт гэж боддог. Тэгээд л аялж зугаалахаас илүүтэйгээр архи уух тохиолдол их бий. Тийм учраас манай жуулчны баазад ихэвчлэн гадаадын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, захиалгын дагуу гадаадын жуулчдыг хүлээн авдаг. Мөн гэр бүлээрээ аялж буй, анги хамт олноороо, ойн баяр наадам үзэж сонирхохоор ирсэн дотоодын аялагчид хүлээн авдаг. Цаашдаа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдээ зөв аялахыг уриалах хэрэгтэй байна” гэв.
Салбар яамнаас 2020 он гэхэд Монголд ирэх гадаад жуулчдын тоог нэг саяд хүргэх, аялал жуулчлалаас дотоодын эдийн засагт орж буй үр ашгийг нэг тэрбум ам.долларт хүргэх, ДНБ-ний 8.4 хувийг бүрдүүлэх гэсэн зорилтуудыг тавьжээ. Харин дотоодын аялалын хэрхэн хөгжүүлэх талаар аялал жуулчлалын салбарынхан анхаарч байна. Гадаадын жуулчдаас илүү дотодын аялалыг хөгжүүлснээр тодорхой хэмжээний мөнгийг төсөвт оруулах боломж бий. Тухайлбал, өнгөрсөн жил аялал жуулчлалын салбар манай улсын ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлжээ. Энэ тоо тийм ч бага тоо биш гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм.
Тиймээс 2017 оны нэгдүгээр сарын 4-нд УИХ-аас олон улсын хэмжээний хурал зөвлөгөөнийг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах тухай Засгийн газраас тогтоолыг баталжээ. Ингэснээр Монгол Улсад болох олон улсын хурал зөвлөгөөнийг өвөл, хавар, намрын улиралд зохион байгуулах, зочид буудлуудын өртгийг хямдруулах боломжтой болгожээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран хийсэн судалгаагаар манай улсад 613 тур оператор, 349 жуулчны бааз, мөн тооны зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн дүн гарчээ. Ийнхүү урин дулааны улирлал гэлтгүй сүүлийн жилүүдэд монголчууд гадаад, дотоодод аялах болсон бөгөөд эндээс мөнгө олох боломжийг төр, хувийнхан ашиглах цаг болсныг сануулахад илүүдэхгүй болов уу.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|