Эр хүн шиг байж, ид хаваараа гайхуулаач, бөхчүүд минь ээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Даваа гарагаас эхлэн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу цэнгэлдэхэд ирж, наадмын бэлтгэлээ базаах гэнэ. Нэг талаар бөхчүүдээ дэмжсэн шинэлэг шийдэл гэж талархмаар. Гэхдээ нөгөө талаар зохиогдох ёстой барилдаанууд нь ээлж дараалан цуцлагдсанаас болж бөхчүүдийнхээ бэлтгэлийг хангах өөр боломжгүй болсон гэж бодохоор харамсмаар. Миний бие өмнө нь цөөнгүй бөхтэй уулзаж, ярилцлага хийж байлаа. Тэдний хувьд нэг зүйл дээр 100 хувь санал нэгддэг юм. Тодруулбал, барилдаан бол бөхчүүдийн хамгийн сайн бэлтгэл гэж. Энэ ч үнэний ортой. Бүтэн жилийн турш заал танхимд сайн барилдсан бөхчүүд наадмаар цолоо ахиулж, түрүүлж, үзүүрлэдэг жишиг сүүлийн жилүүдэд тогтоод буй. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат зэрэг сүүлийн жилүүдэд төрөн гарсан том цолтнууд бүгд л энэ давааг гэтэлж, амжилтад хүрсэн юм. Уг нь баяр наадам эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бөхчүүд ганц гэлтгүй барилдаанд зодоглож, бэлтгэл сургуулилалтаа хэр таарсныг тандаж мэдэх учиртай.
Гэвч Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон дуусч өгдөггүй тэмцлийн улмаас сүүлийн дөрвөн хуваарьт барилдаан цуцлагдчихлаа. Одоо наадам эхэлтэл Чингэлтэй хайрханы хишиг болон наадмын сорилго гэсэн хоёр ч барилдаан болох ёстой. Гэвч зохиогдох эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр. Энэ хооронд холбоод нь тус тусдаа барилдаан зохион байгуулах гэж оролдлоо. Гэвч тасалбар үнэгүй, ирсэн үзэгчээс азтан шалгаруулж, автомашинаар байлна гээд байхад цэнгэлдэх хоосон л байв. Том цолтой бөхчүүд бүр тоож ч ирсэнгүй. Холбоо хоёр хуваагдсанаар сайн юманд хэзээ ч хүрээгүй, ард олны дунд нэр хүндээ улам алдана гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байхад талцаж маргалдсан хэвээр, хуваарьт барилдаанаа ч зохиож чадахгүй болчихоод байгаа нь монгол бөхийн олон зуун жилийн түүхэнд гарч байгаагүй эмгэнэл бас гутамшиг юм. Уг нь сөргөлдөгч талууд хоорондоо ойлголцож, учир зүйгээ ололцох нь гэсэн найдвар төрж байсан нь саяхан. Бүр хоёр талаас ижил төлөөлөл оролцсон эвлэрлийн комисс хүртэл байгуулагдаж, хэд хэдэн уулзалт хийсэн удаатай.
Ингээд бүх маргааны үндэс болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах, улмаар их эеэ дахин зарлаж, тэргүүнээ элдэв хэл амгүйгээр сонгох гээд тун ч зөв тохироонууд хийсэн юмсан. Гэвч нөгөө тал нь гэнэтхэн л оролцох боломжгүйгээ мэдэгдээд асуудлыг дахин гацааж орхив. Энэ янзаараа бол эвээр ойлголцоно гэдэг бүтэхгүй бололтой. Эндээс харвал шийдэх ганц гарц нь шүүх болж таарна. гэтэл өнгөрсөн 20 шахам жилд зөрчилдөгч талууд шүүхээр яваад юу олж долоосон билээ. Талцлыг улам дэвэргэж, асуудлыг таг гацааснаас цаашгүй. МҮБХ-г эсэргүүцэгчид Р.Нямдорж, Д.Данзан нар л яваад өгвөл бүх юм болчих гээд байна гэж өчнөөн жил ярьсан, шүүмжилсэн. Тэдний хүслийг биелүүлээд нөгөө хоёр нь ажлаа өгчихлөө. Оронд нь Б.Сайнбаяр, Ц.Магалжав гээд нэр цэвэр, зөв үзэл бодолтой залуус гараад ирэв. Тэд хүчээр муйхарлаад үр дүнд хүрэхгүй гэдгийг ухаарч, нөгөө талдаа зөндөө л буулт хийж байгаа харагдах юм. Гэвч ойлголцдоггүй ээ. өөрсдөө идэвх санаачилга гаргахгүй, тэгсэн атлаа бусдын хийх гэснийг элдэв шалтаг заан тээг тавих.
Үндэсний дархлаа болсон эрийн гурван наадмаа хийж чадахгүйд хүрвэл юу болох вэ
Яг ямар санаатайг нь сүүлдээ ойлгохоо болилоо. Монголчууд бид бөхийн орон гэж бахархдаг ард түмэн. Спортын томоохон түүхэн амжилтуудыг бөхчүүд л түүчээлснийг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч монголчууд хүү төрвөл бөх болгоно гэж бэлгэшээдэг ард түмэн. Гэтэл үлгэр дуурайл авч хүндэлдэг, гэр орныхоо хойморт зургийг нь бурханчлан залдаг өнөө нөхөд маань яс булаалдсан нохой мэт хоорондоо хэмлэлдэхийг харах ямар эмгэнэлтэй юм бэ. Бөхчүүд маань талцаад эхэлбэл юу болох билээ. Нөгөө үндэсний уламжлал, үндэсний дархлаа болсон эрийн гурван наадмаа хийж чадахгүйд хүрвэл юу болох вэ. Хэн нэгний хүсэл сонирхолд нийцээгүй л бол хэсэг бүлэг, дов жалгаараа эсэргүүцээд, бойкотолдог байдал сүүлдээ жишиг болвол яах вэ. Бөхийн ертөнц нь хоёр талцсан хэвээр байвал наадмын барил даанаа явуулж чадах уу, үгүй юу гэсэн асуудал хүртэл яригдана. холбоо тойрсон хэрүүлээс болж Монгол улс наадмынхаа бөхийн барилдааныг хийж чадсангүй гэвэл дэлхийд шившиг болно биз дээ. Аливаа муу юм сайнаасаа илүү хурдан тархдаг нь гачлантай. Тэгвэл үндэсний бөхийн холбоо тойрсон энэ маргаан бусад үндэсний спорт болох морь, сур харваандаа халдварлавал яах вэ. “Гацуурт”-ын Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх нар бол ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүс. Х.Баянмөнх аварга улсын наадамд 10 түрүүлснээс гадна олимпийн наадмаас мөнгөн медаль авч, дэлхийн аварга болж байсан хүчтэн. Үндэсний бөх болон чөлөөт бөхийн талбарт түүн шиг өндөр амжилт үзүүлсэн бөх өнөөг хүртэл гараагүй л байна.
Харин Л.Чинбат Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, олон түмэнд үнэлэгдсэн, бусдад үлгэр дуурайл болсон мундаг бизнесмен хүн. Гэвч бөхийн холбоог тойрсон муухай хэрүүлээс болж энэ хүмүүс нэр хүндээ ямар их алдаж байгаагаа ойлгодог болов уу. Та бүгдээс ганц л зүйл хүсье. Залуус та нарт буулт хийж, учир зүйгээ ололцох гэж өчнөөн удаа оролдлоо. Одоо монгол түмний бахархал болсон үндэсний бөхөө хүндлээд энэ ужгирсан хэрүүл тэмцлээ зогсоогооч ээ. Үүнээс чинь болоод үндэсний бөхийн, нийт бөхчүүдийн нэр хүнд шалдаа хүртэл унаад байна. Ард түмэн бөхчүүдээс тулга тойрсон хэрүүл биш, эр хүний ид хавыг гайхуулсан уран хурц барилдааныг л хүсэн хүлээж байгаа. Хэрэв холбооны тэргүүн болохыг хүсээд байгаа бол шударгаар өрсөлдөх эрх нь нээлттэй. Тэр ч байтугай их эед оролцох төлөөлөгчдийг хоёр талаас тэнцүүхэн томилъё гэсэн санал хүртэл тавиад байгаа шүү дээ. Харин бүхнийг гацааж, зогсоосон энэ хэвээрээ байвал олон түмэн та бүгдийг хэзээ ч сайнаар дурсахгүй. Тиймээс бөхөд хайр тай ард түмнээ хүндлээд наадмаас өмнө ойлголцолд хүрч чадна гэж найдья.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
|