ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлаар хэн юу хэлэв?

2018 оны 6 сарын 07

Монгол улс ШХАБ-д элсэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна.   Энэ асуудлаар “ТВ-9” телевиз “Ардын парламент” нэвтрүүлэг бэлтгэж, холбогдох экспертүүдээр хэлэлцүүлсэн билээ.  Хэлэлцүүлэгт ХИС-ийн  Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор Д.Уламбаяр, Ахмад дипломатч Ч.Баатар, дипломатч, доктор профeссор Ч.Даваадаш, МУИС-ийн профeссор,  Олон улсын эдийн засгийн ухааны доктор, профeссор  Б.Санжмятав, “Өдрийн сонин”-ы эдийн засгийн сэтгүүлч  Х.Баттөгс нар оролцлоо. Тэдний байр суурийг хүргэж байна.

АХМАД ДИПЛОМАТЧ Ч.БААТАР: ШХАБ 17 ЖИЛ БОЛСОН Ч ХЭРЭГЖҮҮЛСЭН ГАНЦ ТӨСӨЛ БАЙХГҮЙ

-ШХАБ бол 1996 онд  Шанхай тав нэртэйгээр байгуулагдсан.  Хятад болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсууд, зөвлөлтийн хил хязгаарын орчим дахь итгэлцлэлийг бэхжүүлэх зорилготой байв.  Түүнээс хойш нэг жилийн дараа хил орчмын цэргийн хүчийг бууруулах тухай гэрээ байгуулж хил орчимд байгаа цэргийн хүчийг хорогдуулах асуудлыг гол зорилтоо болгон дэвшүүлсэн байдаг. Энэ үед Узбекстан улс гишүүн болж ороогүй байсан. Ингээд Узбекстан шанхай тавд орсноор Шанхай хамтын ажиллагааны байгууллагын тунхаглал гэсэн зүйлийг гаргаж гарын үсэг зурсан. Ингэж ШХАБ гэсэн нэртэй болж, хөгжсөн.   

Анхны зорилго нь улс төр аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор гарч ирсэн. Мөн Ойрх Дорнодын бүс нутгаас орж ирэх хэт туйлширсан үзэл санаануудыг хориглох,  бүс нутагтаа гадны нөлөө оролцоог хумих тэнд оруулахгүй байх ийм л зорилготойгоор үндсэндээ байгуулагдсан юм. Элсэхэд тавьдаг найман болзол байдаг. Тэрийг манайх бүрэн хангаад орчихно. Хамгийн гол нь манайх одоо элсэх нь цагаа олох уу, үгүй юу гэсэн асуудал  байна.  

Энэтхэг өнгөрсөн жил элсээд орчихсон. Тэгэхээр энэ байгууллага гурван толгойтой болчхож байгаа юм.  Энэтхэг, ОХУ, Хятад гэсэн энэ гурван толгой ийшээ тийшээ  татаад байгууллага урагшаа явах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй болчихсон. Мөн энэ байгууллагад ямар ч  том төсөл байхгүй, 2001 оноос хойш 17 жил болоход хэрэгжүүлсэн ганц ч төсөл үгүй. Нөгөө зүйл нь олон улсын байдал муу тал руугаа маш хурдацтай өөрчлөгдөж байна.  Энэ үед Монгол улс элслээ гэхэд гурав дахь хөршийн улсуудтай харилцаа муудахгүй гэж яриад байна.  Энэ худлаа л даа. 

Элссэн хойно нь  наад зах нь танайх НАТО-тай харьцдагаа боль гэж хэлж ч мэднэ. Уялдуулсан гадаад бодлого гэдгийг зөвлөлтийн үед бид үзэж, яс махаараа туулж, бие даасан бодлогогүй байхын зовлонг  үзээд өнгөрчихсөн улс. Тийм учраас бие даасан гадаад бодлогоо алдана, эвсэлд үл нэгдэх бодлогоо алдана, энэ мэтчилэн сөрөг үр дагавар гарч ирнэ. Тиймээс элсэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй.

ДОКТОР Д.УЛАМБАЯР: ЭЛСЭХ НЬ ЗҮЙТЭЙ, МАНАЙ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРЫН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ

-Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол улс бол төвийн сахисан гэсэн нэр томьёо байхгүй. Тэгэхээр манай улс төвийг сахисан улс биш. Үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт, үнэнийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого явуулна гэж гадаад бодлогынхоо зарчимд тэмдэглэсэн байдаг.  Манай улс 2004 онд ШХАБ-д хамгийн анхны ажиглагч гишүүнээр элссэнээс хойш  13 жил боллоо. ШХАБ 2001 онд албан ёсоор Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болж хөгжиж чадсан.

17 жилийн хугацааны 13-д нь Монгол Улс ажиглагч гэсэн үүднээс явж ирсэн. Сүүлийн үед олон улсын харилцаанд геополитикт  маш их өөрчлөлтүүд гарч байна. Олон төрт эзэмшлийн тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа. Яг энэ тогтолцооны төвд нь Монгол улс байж байна.  ШХАБ нь үндсэндээ цэрэг улс төрийн байгууллага болон хөгжихгүй, эдийн засаг инфляцын байгууллага болж хөгжихгүй энэ бол бүс нутгийн өөрөөр хэлбэл хөрш орнуудын хамтын ажиллагаа итгэлцэл, сайн хөршийн найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм чиг шугамыг баримтлан явж байна.

Энэ бүхнийг  дүгнэж үзэхэд ер нь  ШХАБ-д элсэх нь  зүйтэй юм байна. Хэт туйлшрах үзэл, олон улсын алан хядлага салан тусгаарлах үзэл талаас ШХАБ нь анхаарч ажилладаг. Энэ нь  манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж байна. ШХАБ бол өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэзээ ч цэргийн эвсэл байгаагүй, цаашдаа ч цэргийн эвсэл болохгүй гэдгээ албан ёсоор зарласан.  Бид 13 жил ажиллагчаар оролцлоо. Тэгэхээр цаг нь болоогүй гээд байх юм. Дахиад ирээдүйд 20 30 жил хүлээх үү.  Цонхны цаанаас  ажиглагчаар байна гэдэг ерөнхийдөө болвол юу ч хийхгүй байна гэсэн үг.

Энэ байгууллага Монголтой Монголгүй цаашаагаа явна. Орос Хятад хоёр манай улсгүйгээр хамтын ажиллагаа нь маш хүчтэй явагдаж байгаа. Бид  нар  сугараад хоцорч байгаа юм. Бид Оростой 2009 онд стратегийн түншлэл, 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэл  2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тогтоочихсон. Мөн  Казакстан улстай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэтхэг улс манай стратегийн түншлэл гурав дахь хөршөөр ороод ирж байна.

Энэ бүтцэд бид нар орж байж хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.  Өнөөдөр бүх улс орон НҮБ-ын дүрэмтэй. Аль нэгэн улс заагаад тэрний үгээр яваад байдаг тийм үе өнгөрчихсөн. Уялдуулан зохицуулсан гадаад бодлого гэдэг бол социализмын орнуудын хооронд байсан. Өнөөдөр бид байр сууриа тодорхой илэрхийлээд хэлэх газар нь хэлээд үйл ажиллагаагаа зохицуулаад дэд бүтцийнхээ салбарт илүү ач холбогдол өгөх хэрэгтэй.

СЭТГҮҮЛЧ  Х.БАТТӨГС: ЭНЭ АСУУДЛААР ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ

-Яагаад бид элсэж болохгүй вэ гэсэн үндэслэл байна. Нэгдүгээрт нь ШХАБ яг ямар төсөл хэрэгжүүлэх юм, энэ ойлгомжгүй байгаа . Хоёрдугаарт улс төрийн тогтолцооны хувьд манай улс энэ улсуудаас тэс өөр тогтолцоотой. Мөн  2014 онд Эдийн засгийн коридор манай улсад ямар хэрэгтэй вэ эдийн засгийн ямар үр өгөөж авчрах юм бэ гэдгийг тооцсон. Ажлын байр нэмэгдэх, Орос Хятадыг  холбосон дэд бүтцийн төмөр зам,  автозамын хөрөнгийг гарган бид өөрсдөө төлөх юм билээ.  Ашгийн хятадууд хүртэнэ. 15 тэрбум ам.доллар орчмын  мөнгө ярьж байх шиг байсан. Оросууд борлуулалтаараа ашиг олох юм байна лээ.

Бид бол дамжин өнгөрсөн  үйлчилгээний хэлбэрийн хувьд жоохон ашигтай.  Энэ бол зөвхөн эдийн засгийн хувьд ярьж байна. ШХАБ бол бүс нутгийн аюулгүй байдлын тухай байгуулагдсан гэж ярьж байна.  Мөн цэрэг,  улс төрийн үйл ажиллагаа нэг ч удаа явагдаагүй. Ийм санаачилга гаргахгүй гэсэн зорилтоо мартсан гэж байна. Гэтэл өнөөгийн Хятадын бодлого бол эдийн засаг хөгжихийн  хэрээр цэрэг зэвсгийг сэргээх гэж байна. Тиймээс бид  ШХАБ-д элсэх асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Манайхан хууль эрх зүйн хувьд бүтэхгүй гэсэн хүн ч байна. Өнөөдөр эвсэлд орчихвол болохгүй юм байхгүй.

Ерөнхийлөгч элсэх эцсийн шийдвэрээ гаргаад  МАН дэмжээд явчихгүй, нийгэм олон нийтийн санал бодлыг тодорхой хэмжээнд авах байх.  Мөн бид элсээд ямар ашигтай вэ гэдгийн харахын тулд өнгөрснөө харах болно. Өнөөдөр Орост том эдийн засгийн хориг тавигдчихсан байна. Дээр нь  Хятадтай Америкууд дайн хийгээд эхэлчихсэн. Ийм нөхцөлд энэ байгууллагад орвол юу хүлээж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна.

ДОКТОР ПРОФEССОР Ч.ДАВААДАШ: БИД БҮС НУТАГТАА ГАНЦААРДСАН БАЙДАЛД ОРЖ БОЛОХГҮЙ

-Дэлхий дахины байдал асар их хурдацтай өөрчлөгдөж байгааг урьдчилж харахгүй байхын аргагүй. Олон улсын геополитик яаж өөрчлөгдөж үү, хоёр туйлт ертөнцөөс нэг туйлт ертөнц болоод нэг туйлт ертөнцөөсөө хоёр туйлт ертөнц болж байна. Бид бүс нутагтаа ганцаардсан байдалд орж болохгүй.  Аль болох тэдэнтэйгээ түншилж байж өөрийнхөө аюулгүй байдал тусгаар тогтнолыг хангах юм. Тийм учраас асуудлыг  өргөн хүрээнээс хараасай. Түр зуурын тулга тойрсон асуудал шиг битгий хандаач. Би олон улсын харилцааны мэргэжилтэн хүн. 

Дэлхийн стратегийг  том хүрээнд харах гэж оролддог.  Дэлхий дахины байдал урьдчилж хэлэхийн аргагүй ямар ч үр дагавар гарч ирж болно. Ийм үед бид яах вэ  гэсэн асуултыг бодож үзэх хэрэгтэй.  Ганцаараа үлдэхгүйн тулд ШХАБ-д элсэх нь зүйтэй.  Мөн удирдлагын шийдвэр чухал байна.  Чухамхүү Хятадын ерөнхийлөгч үр дагаврыг урьдчилж харсан учраас Хятад улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлээд эхэллээ. Үүнтэй адилаар Монголын хөгжлийн ирээдүй нь Сингапур, Малайз хоёрын дүр зураг харагдаад байна гэж би томоохон онол бичсэн. Малайз, Сингапурыг хар, өнөөдөр манайд болж байгаа бүх үйл явдлыг хараад үз, тэгэхлээр харах өнцгөө өөрчилье, шинэ сэтгэлгээгээр харъя. 

1980 -1990-ээд оны романтик сэтгэлгээнээсээ холдож энэ асуудалд хандмаар байна. Тэр АНУ-ын бодлого өөрчлөгдөж байгааг харах хэрэгтэй. Олон ургалч үзэл гэдэг чинь үзэл бодлоо уралдуулахыг хэлж байгаа болохоос биш үг уралдуулахыг хэлдэггүй. Тийм учраас алс хэтийг харж асуудалд хандаасай гэж хүсэж байна.

ДОКТОР ПРОФEССОР Б.САНЖМЯТАВ: ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ИЛҮҮ АШИГТАЙ 

-Дэлхийн даяаршлал үндсэндээ зогсонги байдалд ороод бүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграци эрчимтэй хөгжиж байна. ШХАБ-д орох асуудал бол Монгол Улсын үндэсний эрх ашигт  нийцэж байгаа. Манайд зохих үр дүнгээ өгөх байх. Нэгдүгээрт  манай улс бүс нутгийн интеграцид ороогүй  цорын ганц орон. Хоёрдугаарт нь бүс нутагт өрнөж байгаа эдийн засаг, худалдаа болоод бусад интеграцид бид нар оролцохгүй бол сүүлдээ ганцаардмал байдалд орно.  Дараагийн асуудал бол ШХАБ-ын олон улсад эзэлж байгаа орон зайг ярьж байна.  Энэтхэг, Хятад, ОХУ нь  Төв азийн орнуудаас хамгийн ирээдүйтэйд тооцогддог. 

АНУ-ын Тагнуулын төв газраас хийсэн судалгаагаар 2050 он гэхэд Хятадын эдийн засгийн хэмжээ нь АНУ болон Европын холбоо нийлсэн хэмжээнд очно. Хятад 2017 оноос эхлээд дэлхийн номер нэг эдийн засаг болчихсон. Энэтхэг араас нь хурдацтай явж байна. ОХУ Японтой зэрэгцэж очно. Ингээд бодоход дэлхийн эдийн засгийн төв бол яах аргагүй ШХАБ болж байна. Гэхдээ Монгол Улс элслээ гэхэд шууд тэндээс хутгаад авах юм байхгүй.  Харин  итгэлцэл бэхжээд улс орнуудын хоорондын харилцаа сайжирна.

Дараагийн нөхцөлд илтгэлцэл дээр түшиглээд бүс нутгийн интеграцийг Хятад Орос Монголын эдийн засгийн коридорыг бий болгох  зэрэг асуудал руу явна.  Ийнхүү ирээдүйд бүс нутгийн интеграци дээр тулгуурласан томоохон үйлдвэрлэлийн сүлжээ үүснэ. Хэрэв бид тэрэнд нь орж чадахгүй бол тухайн үед бараа байгаад ч түүнийгээ зарах бололцоо олдохгүй. Тийм учраас бид ШХАБ-д нэгдэн орж, өөрийн байр суурийг эзлэх нь чухал байна.   Мөн хамгийн гол нь бид бодлогодоо хоёр юмыг  анхаарах ёстой. Нэгдүгээрт хүн төрөлхтний хандлага хаашаа явж байна вэ, тэрнийг бид нар анхааралдаа авах ёстой. Хоёрдугаарт бид газрын хөрсөн дээрээ буугаад үзэх хэрэгтэй.

Бидний гол гадаад бодлогын үзэл баримтлал дотор юу байгаа вэ гэхээр хоёр хөрштэйгөө тэнцүү хамтарч ажиллана. Бас Монгол ойрын хугацаанд хамгийн их хамтарч болох газар бол Евро Азийн эдийн засгийн холбоо юм.  Хэрэв бид евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал  монголын нийт баялаг  6.5 хувиар өснө. 6.5 хувь гэдэг бол маш том. Дотооддоо үйлдвэр байгуулъя гэхээр хүн ам худалдан авах чадвар муутай болчихсон тийм учраас бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байна.  Бид хэрэв хойшоо зах зээлээ нээгээд ирэх юм бол манай бүтээгдэхүүнүүд тийшээ зарагдаад эхэлнэ.

Тэр хэмжээгээр монголчууд орлоготой, ажилтай болно, амьдрал нь сайжирна гэдэг асуудал явж байна. Тиймээс Монголын эрх ашиг хаана байна вэ түүндээ тулгуурлаад бодлогоо зөв авч явах ёстой. ШХАБ бол харин ч ардчилсан сайн байгууллага. Бүх асуудлыг нийтийн тохиролцоо буюу бүх гишүүд санал нэгтэй байх үед шийддэг. Тийм учраас Монгол Улс элсчихсэн байна гэхэд Монголын эдийн засагт нийцээгүй ямар  нэгэн асуудлаар ШХАБ шийдвэр гаргахгүй. Гэхдээ л ШХАБ-аас өмнө бид Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх нь илүү ашигтай.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58164
0 эможи

keyboard_arrow_up