Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй
Хүүхдийн баяраар одонгоо гардан авч буй алдарт ээжүүдийг хараад та анхны хүүхдээ гаргах тухай эсвэл дараагийн хүүхдээ хэзээ гаргах вэ гэж бодсон байх.
Гэхдээ ингэж бодохтойгоо зэрэгцэн санхүүгийн асуудлаа ч мөн тооцсон гэж найдаж байна.
“Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж Монголчууд хэлэх дуртай. Яаж ийгээд болгоно доо гэж сэтгэлээ тайвшруулахад энэ үг нэмэр болдог байх. Тэгвэл бидний ярихаас эмээдэг ч бодит асуудал болдог хүүхэд өсгөх зардлын тухай энэ удаад хөндөж байна.
Хүүхэд өсгөхөд гарах зардлын тооцоо одоогоор Монголд алга. Амьдралын хамгийн аз жаргалтай хэрнээ хариуцлагатай байх мөч ирэх үед санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд бэлэн байдаг гэр бүл хэр олон бол. 2017 оны байдлаар 20-39 насны залуус Монгол улсын хүн амын 34 хувийг эзэлж байна. “Залуучуудын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн 7 жилийн дунджаар жилд 75 мянган үрс шинээр мэндэлж байна.
Өлгий, живх, хоол хүнс, цэцэрлэг гээд сургуульд орох хүртэл хүүхдэд хэдий хэмжээний зардал гардаг тухай та бодож байсан уу. Наанадаж хувийн цэцэрлэгт 250 мянгаар нэг настай хүүхдээ явуулъя гэж бодоход 6 нас хүртэлх нийт 11 сая орчим төгрөг хэрэг болно. Ингээд харахад хүүхэдтэй болох зардал нь жирэмсний хяналтын үеийн зардлаас эхлээд л хүүхэд төрөх, асрах, боловсрох гээд олон зардал гардгийг харуулна.
Б.Баттуяа 4 хүүхэдтэй. Хамгийн том хүү нь оюутан, удаах охин нь 5-р ангийн сурагч бол хоёр баг нь 2 ба 3 настай. Эхнэр, нөхөр хоёр төсвийн цалингаар 4 хүүхэд өсгөх амаргүй гэх ч хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчээр болгоод л байдаг гэнэ. Хүүхэд өсгөхөд хэр их зардал гардаг тухай асуухад тэрээр, “Тооцож үзэж байгаагүй ээ. Өөртөө зарцуулах мөнгө хомс байдаг болохоор их л байх даа. Хүн чинь үр хүүхдээ л гэдэг” гэж хариулав.
Бас нэг жишээ. Хоёулаа оюутан байхдаа хүүхэдтэй болсон залуухан эцэг, эх хүүхэддээ хүүхдийн тэжээл (эхийн сүү орлуулагч) авч өгөхийн тулд байдаг бүх зүйлээ ломбардад тавьсан тухайгаа ярьж байв. Энэ гэр бүлийн тухайд ээж нь сүү муутай учраас ийм хүнд байдалд орсон гэж байлаа. Гэвч хүүхэд өсгөхөд зөвхөн ээж сүүтэй байх нь хангалтгүй.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хөгжиж буй орнуудад хүүхдэд өсгөх зардал жилд 900 орчим ам.доллар байдаг гэсэн тооцоог тэртээ 2005 онд гаргаж байжээ. Гэвч түүнээс хойш нийгэм цаг үе өөрчлөгдөж хүүхэд өсгөх зардал ихэссэн үү гэхээс багасаагүй.
Гэхдээ зарим хөгжингүй орнуудын хувьд хүүхэд өсгөх зардлын тухай нарийн тооцоо байдаг. Энэ нь ч гэр бүл төлөвлөлт, өрхийн санхүү зохицуулалтад эерэгээр нөлөөлдөг байна. Тухайлбал, АНУ-д хүүхэд өсгөх зардал дунджаар жилийн 14 мянган ам.доллар байдаг бол хүүхэд өсгөхөд зардал өндөртэй гэгддэг Австралид хүүхдийн эхний 6 жилийн зардал 131 мянган авсрали доллар буюу зуу орчим мянган ам.доллартай тэнцэж байна. Харин Японд хүүхэд өсгөхийн тулд зөвхөн эхний жилийн зардал 8,250 ам.доллар болдог аж. Улс бүрийн хүмүүсийн орлогын түвшин, амьдрах зардал өөр өөр учир хүүхэд өсгөх зардал ч мөн өөр байх нь гарцаагүй.
Өндөр хөгжилтэй орнуудтай санхүүгийн зардлаа харьцуулах нь өрөөсгөл ч гэлээ, бид тэдний туршлагаас суралцах боломжтой. АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны хоол тэжээлийн төвийн цахим хуудсанд хүүхэд өсгөхөд гарах зардлыг тооцдог бэлэн тооцоолуур байдаг https://www.cnpp.usda.gov/tools/CRC_Calculator/. Энэхүү тооцоолуурт гэр бүлүүд хүүхдийн тоо, нас, хаана амьдардаг зэргээ оруулаад байр, хоол, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэгт хэдий хэмжээний мөнгө зарцуулахыг урьдчилан тооцох боломжтой юм байна.
Харин Филиппинд 5 нас хүртэл хүүхэд өсгөх зардал ойролцоогоор 600 мянган песо буюу 11 мянга орчим ам.доллар байдаг байна.
Нэг хүртэлх насанд хүүхдийн зардал хамгийн өндөрт тооцогддог. Харин Монголд энэ нь ямар бол. Хэрэв ажил эрхэлдэг ээж байгаад хүүхдээ нэг жил асарч байгаа бол мөн орж ирэх байсан цалингийн орлогыг тооцоолох нь зүйн хэрэг.
Та аав, ээж болохоор зэхэж байгаа бол Babycenter-ийн гаргасан эхний жилийн зардлын тооцоолуурыг ашиглах боломжтой https://www.babycenter.com/baby-cost-calculator.
Хэдийгээр Монголд хүүхдэд хэдий хэмжээний зардал гардаг тухай нарийн тооцоо байхгүй ч эцэг, эхчүүд санхүүгийн зардлаа урьдчилан төлөвлөж, нэмэлт зардлуудыг тооцох нь чухал. Тухайлбал, жирэмсэн үед болон хүүхдээ төрсний дараа үеийн нэмэлт зардалд:
- Жирэмсний хувцас; нэмэлт витамин, эрүүл мэндийн үзлэгүүд
- Хүүхдийн ор;
- Хүүхдийн тэрэг;
- Хүүхдийн машины суудал;
- Хүүхдийн хувцас;
- Живх;
- Сүү;
- Хоол;
- Витамин;
- Хүүхэд харах үйлчилгээний хөлс;
- Эмнэлгийн үзлэгийн зардал;
- Тоглоом
- Цаашлаад цэцэрлэг, сургалт, сургуулийн төлбөр гэх мэт багтдаг байна. Тиймээс ч хэрэв та, танай гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хүүхдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө заавал санхүүгийн төлөвлөлт хийж байгаарай.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гаргасан хүүхэдтэй болоход санхүүгийн хувьд хэрхэн бэлддэг тухай зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй гэдгийг Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд амьдарч байгаа үзүүлэлт нотлох болов уу.
Монголд өнөөдөр хүүхэд өсгөх зардлыг тооцож гаргасан судалгаа байхгүй ч та өөрөө энэ өгүүлэлд дурдсан мэдээллүүдэд үндэслэн ядаж өөрийн хувийн санхүүгийн тооцооллоо гаргах бүрэн боломжтой. Ингэж тооцоо гаргаж түүндээ зориулж бэлтгэх нь танаас илүү шинээр мэндлэх хүүхдэд тань тустай гэдгийг санаарай.
Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй.
Эх сурвалж: IKON.MN
|