Зэвэнд идэгдэж, дэр нь ялзарч, осолд дарлуулж, менежмент нь илжирсэн УБТЗ

2018 оны 5 сарын 30

Мууг ёрлож байгаа юм биш ээ, Монголын төмөр замын салбар мөдхөн дампуурлаа зарлахад хүрвэл надад л лав гайхах зүйл огтхон ч алга. Төрийн өмчит аливаа аж ахуйн нэгж, компаниуд ихэвчлэн тусдаг “хорт хавдар” Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг тойрсонгүй ээ. Бизнесийн шахаа, албан тушаалын наймаа, авлига, хээл хахууль, удирдлагуудынх нь ёс суртахууны ялзрал, доройтол, өмчийн хулгай, осол аваар... гээд ёрын болгон энэ салбарт нэгэнт үсэрхийлж, улам газар аван тэлж байгааг мэдээллийн бүхий л төрлийн сувгаас тогтмол сонсох боллоо. Салбарынх нь үйл ажиллагаатай холбоотой саар мэдээ сар, өдөр өнжихгүй ийн цуварч байхад, шууд хариуцсан сайд, дарга нарыг нь харин Засгийн газар сайшаан магтаж, шагнаад байдаг нь үнэхээр хачирхалтай санагддаг. Саяхан гэхэд л импортын бараа бүхий ачааны найман вагон Дархан өртөөнд онхолдсон. Муу юм модон улаатай хойно энэ мэдээ Монгол даяар тэр даруйдаа тархсан. Харин яагаад, ямар шалтгаанаас болж уг осол гарсныг одоо болтол шалгаж, тогтоогоогүй байна.

Гэтэл энэ хооронд дахиад осол гарлаа. Онхолдсон найман вагоныг татан босгож байсан өргөгч кран бүхий төмөр замын тусгай техник нь бас унаж осолдсоныг Д.Жигжиднямаа дарга хэнд ч мэдэгдэхгүй нууцлахыг төмөр замчдад өнгөрсөн долоо хоногт үүрэгдсэн байх юм. 2016 оноос хойш, өөрөөр хэлбэл Д.Жигжиднямаа тэргүүтэн УБТЗ- ын удирдлагад ирсэн цагаас ер нь сайнгүй явж ирсэн энэ салбарын ажил үйлс улам дордох болсныг төмөр замчид эгдүүцэн ярьж байгааг салбарын яам, Засгийн газар анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн хоёр жилд зөвхөн Дархан өртөөнд гэхэд л хоёр дахь удаагаа ийм том осол гарлаа. Тухайн үед хэвлэл, мэдээллээр мэдээлсэн ч, тэгсхийгээд нам дуугүй болчихсон юмдаг. Хариуцлага энэ тэр огт яригдаагүй. Бас л дээр дооргүй хайцаалан нуугаад өнгөрсөн. Азаар хүний амь нас үрэгдсэнгүй. Хэрэв ачааны бус зорчигчийн вагон байж таараад онхолдсон бол яах вэ? Төмөр замын дарга нарын ярьж байгаагаар бол энэ бүхэн сэтгэл түгшиж, санаа зовоох осол огт биш аж. Зүгээр л вагон замаасаа гараад зөөлхөн “газардсан”, болж л байдаг, гарч л байдаг олон тохиолдлын нэг байсан юм гэнэ дээ.

Тиймээс л тэд хэвлэл мэдээллээр ярихдаа “Вагон замаасаа гарчихаж, хүний амь нас сүйдээгүй шүү” гэсэн тэнэг тайлбар өгч байгааг нь анзаараарай. Тэднийхээр хүн үхэж, үрэгдээгүй л бол осол биш байдаг бололтой. Чухам ийм болохоор УБТЗ-ын ажил өөдөлдөггүй, муу, муухай бүхэн шүгэлсэн газар болж хувираад байна. Найман вагон онхолдохоос хэдхэн хоногийн өмнө Д.Жигжиднямаа даргын “нэрэмжит” сүр дуулиант замын үзлэг, шалгалт болж өнгөрсөн гэж байгаа. Уг нь шалгалт төмөр замчдын ажлын хариуцлага, зам, техникийн бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж, алдаа, доголдол илэрвэл асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, улмаар хөдөлгөөн үйлдэж болох, болохгүйг зөвшөөрдөг маш хариуцлагатай, чухал арга хэмжээ. Гэвч эдүгээ баахан хүн хамарсан, цаг зав үрсэн, идэж ууж наргисан, бөөн сүр дуулиантай шалгалт нэртэй баяр, эгэл төмөр замчдад нэн дарамттай, харин хуц, хурган дарга нарын бөөн бөөнөөрөө сүрэглэн, төмөр замын шугам дагасан үр дүнгүй, сүржин “аялал” болж өнгөрсөн гэдэг үнэн бололтой. Осол гарсны дараа УБТЗ-аас хийсэн мэдэгдэл магадгүй энэ цаг үеийн хамгийн марзан, тэнэг онигооны нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй. “Байгаль орчин, аялал жуулчлалын яам мод огтлох зөвшөөрөл өгөөгүйгээс бид ялзарсан дэр модоо сольж чадсангүй, осол үүнээс л болж гарлаа” гэж төмөр замын эрхэм дарга нар дүгнэсэн байсан. Өөрөөр хэлбэл, галт тэрэгний ослуудад тэд биш, БОАЖЯ- ныхан буруутай гэнэ дээ. Д.Жигжиднямаа даргад тэгэхээр төмөр замаас хамаатай нь юу байж таарах билээ. Үнэхээр дэр мод ялзарсан байсан юм бол шалгалт, үзлэгээрээ яагаад илрүүлээгүй юм бэ? Ялзарсныг нь мэдэж байсан юм бол яагаад солилгүйгээр хөдөлгөөн үйлдэхийг зөвшөөрсөн юм бэ? Хэдхэн дэр мод сольж чадахгүй, буруугаа бусдад чихээд хүн өмнөөс нь ичмээр мэдэгдэл хийгээд сууж байгаа энэ дарга төмөр замыг цаашдаа юунд хүргэнэ гэж салбар хариуцсан яам, Засгийн газраас нь харж, хүлээж байдаг юм бол оо! гэсэн зайлшгүй хариулт нэхсэн асуулт ундрах нь зүйн хэрэг. УБТЗ-ын харьяа бетонон дэрний үйлдвэр Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд байдаг юм.

Уг үйлдвэр Монголын төмөр замын бүх дэр модыг таван жилийн дотор бетонон болгон шинэчлэх хүчин чадалтай. Тэгвэл БОА ЖЯ-ыг буруутган модны гуйлга гуйж суухынхаа оронд Д.Жигжиднямаа дарга 50 жилийн найдвартай баталгаатай бетонон дэрээр төмөр замаа бүхэлд нь “гоёод”, хөдөлгөөний аюулгүй байдлаа сайжруулахыг яагаад хүсдэггүй юм бол оо! Түүний мэдэлд бүхий л боломж байгаа ч, дургүйд хүч, ашиггүйд сэтгэл нь дутдаг байх. Шил шилээ дарсан ослууд төмөр зам дагаад тасралтгүй гарсаар байна. Сарын өмнө Эмээлт өртөөний ойролцоох зам дээр жирийн иргэн эмэгтэй вагонд дайруулж нас барсан хэрэг явдлыг нуун дарахын тулд УБТЗ-ын удирдлагууд ихэд хичээж. Түүгээр ч үл барам Сайншандын өртөөнд бас л хорь гаруй хоногийн өмнө, төмөр замынхны хэллэгээр бүлэг осол болж, нэг төмөр замчин амиа алдаж, нөгөө нь түлэгдэн хүнд байдалд байгаа нь Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын сонорт хүрээгүй гэдэгт итгэмээргүй санагдана. УБТЗ- ын дарга нартай холбоотой олон ноцтой асуудал сөхөгдөх боллоо. Төмөр замын салбарыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс дутахааргүй эрх мэдэлтнүүдийн шахааны бизнес цэцэглэсэн, авлига, хахууль идээлэн бугшсан газар болгоход хичээнгүйлэн зүтгэж, гүн бөгөөд даацтай хувь нэмэр оруулж байгаа учраас тэдэнд хариуцлагын тогтолцоо, хууль, дүрэм журам үйлчилдэггүй, огтхон ч падгүй байдаг хэмээн олны ярих нь оргүй хоосон зүйл үү. Д.Жигжиднямаа УБТЗ-ын даргаар томилогдсон даруйдаа АТГ-ын зөвшөөрөлгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэггүйгээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж, өмнө нь улсын өмч хөрөнгийг завшиж, авлига авсан хэргээр буруутгагдан, төрийн байгууллагаас хөөгдсөн, шүүхээс ял шийтгүүлж, төрийн өмчит байгууллагад ажиллах эрхээ хасуулсан гэмт хэрэгтнүүд, ашиг сонирхлын илт зөрчилтэй хүмүүсийг ажилд авч, Дотоод аудит, хяналт шалгалтын алба, Худалдан авалт, хангамж хариуцсан албадаа хариуцуулсан нь хачирхалтай. Үүний улмаас Д.Жигжиднямаад Нийтийн ашиг сонирхлын хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаалыг нь бууруулах арга хэмжээ авах мэдэгдлийг АТГ -аас Зам тээвэр, хөгжлийн яаманд хүргүүлсэн ч ямар нэгэн хариуцлага яригдалгүй өнөөг хүрч байгааг хэрхэн ойлговол зохилтой вэ? Эдийн засгийн хөгжилд садаа болсон УБТЗ-ын завхарсан бодлого улсын эрх ашигт нийцдэг хэрэг үү Монгол Улсын хуулийг үл тоомсорлогч, байгууллагынхаа өмнө огтхон ч хариуцлага хүлээдэггүй энэ нөхөр ер нь хэн юм бэ? Монголд төдийгүй дуулиан тариад байгаа ашиглалтын хугацаа нь дуусаж буй 1000 вагоныг өндөр үнээр Монгол Улсад шахсан наймаа нь тэр чигээрээ хулгай, луйврын сонгодог загвараар өрнөсөн байдаг. Тэрбээр энэхүү наймаагаа хайцаалах зорилгоор хуучин вагон худалдаж авах гэрээг байгуулахаасаа ердөө нэгхэн сарын өмнө салбарын яамнаас 2014 онд батлан гаргасан журамд дур мэдэн өөрчлөлт оруулж, хуучин вагоны ашиглалтын хугацааг 25 жил байсныг 30 жил болгон сунгасан “жаатай гар”.

Тэрчлэн Хятадад шинэ чингэлэг-вагон худалдаж авах үнээс хэд дахин илүү өртгөөр хуучин вагонууддаа засвар хийлгэсэн гээд Монгол Улсыг хохироосон олон үйл ажиллагааных нь талаар гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга бичиж, ярих боллоо. Хятад улсаас зээлийн хөрөнгөөр худалдаж авсан зам засварын зориулалттай цоо шинэ машин станц ашиглагдахгүй байсаар атал Шотландад бүртгэлтэй Lord west гэдэг компаниас ОХУ -д үйлдвэрлэсэн яг адилхан ВПРС-03.02 маркын нэг сая ам.долларын үнэтэй зам засварын машиныг 1.77 сая ам.доллараар худалдан авч, мөнгийг нь Латви улсын банкин дахь данс руу шилжүүлүүлсэн гээд түүнтэй холбоотой авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй тодорхой баримтууд дээр нь үндэслэн АТГ-т хэрэг үүсгэн шалгаж байгаа хэдий ч, зарим улстөрчид түүнийг хайцаалахаас аргагүй шалтгаан байдаг бололтойг Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх Ч.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой өгүүлсэн байсан. Д.Жигжиднямаа гэгч үнэхээр тийм “баастай бурхан” юм бол Монголын төмөр зам яагаад өөдөлдөггүй, үргэлжид уруудаад байна вэ? Мань хүн 2018 оныг УБТЗ-ын хувьд “Сахилга, хариуцлагыг сайжруулах жил”- ээр зарласан байсан. Даажинтай биш байна гэж үү. Харин ч сахилга, хариуцлага улам суларч, УБТЗ хэмээх аварга байгууллага элгээрээ хэвтэхдээ туллаа. Төмөр зам даган насаа элээж буй ахмад замчдын харууслын үг нэгийг хэлж байна. Осол гарсны дараа эгэл ажилчид л буруудахаас эрхэм дарга нарт бол хүлээх хариуцлага байтугай гэмших сэтгэл ч байдаггүй гэх. Үүний нэг тод илрэл бол Дархан өртөөнд гарсан ослын дараа ажилчдыг бөөнөөр нь халж, харин сайд, дарга нар нь шагнуулж байх жишээтэй. Монголын эдийн засгийн хөгжлийг боож, саатуулж буй УБТЗ-ын энэ завхарсан бодлого нь тэгээд улсын эрх ашигт нийцээд байдаг хэрэг үү? Эсвэл шал өөр эрх ашигт үйлчлээд байна уу? Үүнд үнэлэлт, дүгнэлт гаргадаг хүмүүс нь хаачив. Энэ ямар гээчийн тогтолцоо вэ? Яг үнэндээ Монголын төмөр замын хөгжлийн бодлого гэж алга. Салбарын яам, мэргэжлийн байгууллагад нь байтугай Засгийн газарт ч алга. Салбараа мэддэг мэрэгжилтнүүдийг нь шахаж гаргаад, улсын биш хувийн явцуу эрх ашгийн төлөөх “садан” төрлийн холбоотой хүмүүс УБТЗ-д шургалдаг болсон гэх. Монголд шинэчлэл хийгдээгүй үлдсэн, хамгийн хүнд сурталтай, хамгийн арчаагүй үйлчилгээтэй, эрх зүйн хамгийн найгүй орчинтой, бүлэглэсэн бүтэцтэй бараг цорын ганц байгууллага бол УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг болж үлдлээ. Байгуулагдсан цагаасаа хойших хагас зуу хол илүү жилийн хугацаанд дорвитой ямар ч хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Энд улсын хөрөнгө, мөнгөөр туйлж, үргүй зардал урсган, хэрээс хэтэртэл тансаглаж байгаа дарга нарыг шалгах тусгай ажлын хэсэг байгуулж болдоггүй юм болов уу. Өөрсдөө өөрсдийгөө шалгаад л...Хулгайч хулгайн хэргээ өөрөө шалгавал юу болох бол. УБТЗ-д үүнтэй адил зүйл болоод байна. Ийм бүдүүлэг байж болохгүй шүү дээ. Төмөр замын үйлчилгээний тариф сүүлийн гурван жилд байнга нэмэгдэж байгаа нь үндэслэлтэй байж чадах уу? Эс бөгөөс дарга, удирдлагууд нь улсад учруулсан хохирлоо нуун дарагдуулах зорилгоор зорчигч, үйлчлүүлэгчдийг золионд гаргаж, тарифаа нэмэх замаар хармаа, халаасыг нь шавхаад байна уу гээд шалгавал зохих асуудал олон байна. УБТЗ-ын дарга нарын хувийн бизнес болсон гэгдэх транзит тээвэр ямар ч саадгүйгээр өдөрт хоёр цуваагаар хилээр хамгийн түрүүнд гарч болоод байдаг атал манай дотоодын үйлдвэрлэгчдийн экспортын чингэлэг хил, боомтууд дээр яагаад гацчихаад байдаг юм бэ? Транзит тээврийн тарифт дарга нар дур мэдэн асар их хөнгөлөлт үзүүлдэг атлаа экспортын тээврийн тарифыг эсрэгээр нэмээд байдгийн учрыг хэн тайлбарлаж чадах бол. Засгийн газраас энэ бүхнийг анхаарч байгаа юм алга. Ер нь төмөр замын хөрөнгө оруулалт хаашаа яваад байдгийг, байнга яригддаг үргүй зардлаа багасгахын тулд ямар арга хэмжээ авч байгааг нь хянаж байдаг бүтэц ч гэж алга. Хуучин цагт буюу бидний муугаар хэлээд байдаг социализмын үед төмөр зам дээр өнөөгийнх шиг осол гарч, хүний амь эрсдэх нь бүү хэл нэг мал дайрсан бол дарга нар нь Төв хороо, Улс төрийн товчооны хурлаар орж ажлаасаа хусагдаад зогсохгүй, ял шийтгэл аваад нарсанд “морилдог” байсан юм билээ.

Дэндүү хатуу боловч, хариуцлага тооцож чаддаг байсан байгаа биз, тэр цагт. Одоо бол дэр модонд л бурууг тохоод өнгөрдөг гэхээр дэндүү эмгэнэлтэй сонсогдох юм даа. Чухам ийм болоод манай сонин “УБТЗ-ыг дампуурлаас аварч, улс, үндэстний хэлэлцүүлэг өрнүүлье” гэсэн уриалгыг хэдхэн хоногийн өмнө төрийн гурван өндөрлөгт болон монгол түмэндээ хандаж гаргасан билээ. Төрийн өмчөөр туйлж байгаа Д.Жигжиднямаа нараас хариуцлага нэхэхийг шаардах эрх монголчуудад бий. Тэдэнд хариуцлага тооцох хүртэл энэ сэдвийг цааш хөндөж, үргэлжлүүлэх болно. Монгол Улсын эрх ашгийг Д.Жигжиднямаа мэт дахин дахин хохироохыг холбогдох газар, албан тушаалтнууд зөвшөөрч, өдөөх ёсгүй билээ. Даврагсдад даруулга хэрэгтэй гэдэг бус уу!

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57894
3 эможи

XXX
2018-05-30 18:31
Tumur zamiig meddeg yumshig bitgii olon yum yari. eniig bichej bgaa ter setguulchinch ter taarsan nuhur yum. Ehleed tumur zamiig talaar jhn medlegtee bolchih deer n Neg Km zam barih zardal yamar baidagiig meddeg bolchih. 2012-2016 ond Ardchilaliin uyd dampuurch tsalingaa tawij chadahgui deeree tulj bsan tumur zamiig bosgoj yawaa humuus. Jhn yumaa sudalj medcheed yumaa bichej muulj bai.
бат
2018-05-30 09:52
дэр мод ялзарснаас гээд онош тавьчихаад байгаа биз дээ түүнийг хянадаг шалгадаг замын даргын үзлэг хийсний дараа энэ осол гарсан гэтэл ийм оноштой хариуцлага тооцдоггүй. бүгд цусан төрлийн холбоотой менежменттэй
хх
2018-05-30 09:42
өөрсдийн ажилд авсан ах дүү хамаатан саднаа ажил хийлгэхгүй цалин өгдөг мөртлөө арын хаалгагүй ядарсан нэгнийг нь өдөр шөнөгүй буулганы шар шиг амралтгүй зүтгүүлээд байхаар аваар лсол гарахгүй яадгийн
зочин
2018-05-30 09:35
Төмөр зам гэж хөдөлмөрийн хуулийг хүссэн дарга нь зөрчиж байдаг даам гарчихсан газар байдгийн Хуулиас дээгүүр дүрэм журамтай газар шүүдээ
keyboard_arrow_up