Тоон үзүүлэлтээр тортогт амьдралыг өнгөлж чадах уу

2018 оны 5 сарын 28

Arslan.mn

Статистикийн байгууллага тоогоор тархи угааж, иргэдээр даажигнах нь хэрээс хэтэрлээ. Одоо бүр ил цагаандаа гарч, итгэхэд бэрх үзүүлэлт танилцуулж, иргэдийг мэл гайхаж, цэл хөхрөхөд хүргээд байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд иргэдийн эгдүүг хүргэж, элгийг хөшөөх дөхөв. Нийгмийн сүлжээгээр дүүрэн статистикийн албаны тооцоолох аргад алмайрч, гайхсан иргэд. Төрийн ордны өмнө, 400 мянган төгрөг хүрэхгүй цалинтай зарим албан хаагч суулт зарлаж, хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхээр арга аашаа барж суухад статистикийн алба монгол хүний дундаж цалин сая төгрөг давлаа хэмээн бахдалтай нь аргагүй мэдэгдэж байна. Алд, дэлмийн зөрүүтэй тоо, бодит байдалд итгэж ядсан иргэд “Статистикийн байгууллагыг татан буулгаад, хэмнэсэн мөнгөөр нь цалин нэмье” хэмээн эгдүүцлээ илэрхийлэх жишээтэй. Энэ алба тоогоор тоглож, иргэдийн толгойг эргүүлээд удсан. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртохын хэрээр ийм тоглолт улам илэрхий болдог. Бөөн, бөөн гоё тоогоор бөмбөгдөж, улс орон мандан бадарч буйг тунхаглана. Хэдхэн сарын өмнө хэзээ мөдгүй агшиж байсан эдийн засгийг хэд бол хэдэн хувиар ч өсгөчихнө. Иргэдийн хэтэвч нимгэрч, олон хүн өрөөс өрийн хооронд амьдралаа залгуулж байхад монголчуудын цалин, орлогыг суга татан өсгөж, мэдээлнэ Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан энэ оны эхний улирлын үзүүлэлтийг харцгаая. Монгол Улсын нэг ажилчны сарын дундаж цалин нэг сая 38 мянган төгрөгт хүрснийг тус байгууллагаас мэдээлэв.

• Алд, дэлэмийн зөрүүтэй тоо, бодит байдалд итгэж ядсан иргэд “Статистикийн байгууллагыг татан буулгаад, хэмнэсэн мөнгөөр нь цалин нэмье” хэмээн эгдүүцлээ илэрхийлэх жишээтэй.

• 2020 оны сонгуулийн ойртохын хэрээр статистикийн мэдээлэл яаж галзуурахыг таашгүй. Магадгүй инээд хүргэж, элэг хөшөөх тоон үзүүлэлтүүд ирэх саруудад таныг уйдаахгүй л болов уу.

• Сүүлийн үед манай сайд, дарга нар баахан хуурай тоо тоочихоос өөр юм ярихаа больсон.

Гэтэл иргэдийн цалин хөлсийг задлаад харвал нийт ажиллагсдын бараг 70 хувь нь 1.1 сая төгрөг хүрэхгүй цалинтай байна. Ийм байхад дундаж цалин сая төгрөг давлаа гээд зарлачихаар хэр бодитой дүн болж таарах вэ. Магадгүй албаныхан үнэн зөв тооцсон байж болох ч энэ бадрангуй тоо монгол хүний дундаж цалингийн хэмжээг бодитой бөгөөд бүрэн илэрхийлж чадах уу. Цаашлаад энэ тоонд тулгуурлан, бодитой дүгнэлт гаргаж, бодлого боловсруулж болох уу. Дахин нэг жишээ. Монгол өрхийн орлого 2017 оны эцсээс энэ оны эхний улирал хүртэл 100 мянган төгрөгөөр өсөж, 1.132 сая төгрөгт хүрснийг статистикийн хорооноос мэдээлсэн. Гэтэл бас л монгол өрхүүдийн орлогыг задлаад харвал 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх нийт айл өрхийн 70 хувийг эзэлж байна. Нийт өрхийн 30 хувь нь 1.1 сая төгрөгөөс дээштэй орлоготой байтал монгол өрхийн дундаж орлогыг ийм өндрөөс тооцож байгаа нь хэр бодитой вэ. Статистик алдаа мадаггүй, зөв, зүйтэй тооцоолсон байж болно. Үүнийг үгүйсгээгүй. Гагцхүү тоо дүн нь бодит байдлыг бүрэн илэрхийлж, төрийн бодлого боловсруулахад бодитой луужин болж чадах уу гэсэн айдас төрүүлээд байна. Энэ байдлаараа бол 2020 оны сонгуулийн чимээ ойртохын хэрээр статистикийн мэдээлэл яаж галзуурахыг таашгүй. Магадгүй инээд хүргэж, элэг хөшөөх тоон үзүүлэлтүүд ирэх саруудад таныг уйдаахгүй л болов уу.

Ер нь статистикаас барьж буй сюрприз цалин, орлогоор дуусахгүй. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан ДНБ-ий өсөлтийн дүнг албаныхан өлгөж аваад, энэ хэдэн өдөр эдийн засгийн өсөлт эрчимжлээ хэмээн бахдам мэдэгдэл баахан хийлээ. Гэтэл эдийн засгийн өсөлтийн хөрсөнд буусан хэлбэр болох ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хэдэн сар өсчихөөд байна. Өсөх өсөхдөө бүр өнгөрсөн оны эцсээс хойших гуравхан сарын хугацаанд бүхэл бүтэн хоёр пунктээр өсөж, 10 хувь шүргэлээ. Ядуурал ч ялгаагүй, өндөр хэвээр. Хүн амын гуравны нэг нь ядуугийн улаан шугамаас доогуур. Эдийн засгийн толь болсон гол үзүүлэлтүүд ийм байтал Монгол Улс дэвжин, дээшилж байна гэхэд итгэхэд бэрх. Үнэнийг хэлэхэд, улс орны өнөөгийн нөхцөл байдлыг үнэн, бодитоор тооцон, харуулах учиртай энэ байгууллага улс төрийн нам, эрх баригчдын хүссэн хариулт гаргаж, тэдэнд зориулсан аргачлал зохиодог алба болчихоод байна. Монгол Улс статистикийн байгууллагаа үнэн бодит үр дүнтэй нь хамт ялалт байгуулсан нам бүрийн эрх баригчдад алдчихдаг ужиг зуршилтай болсон. Улс төрчид энэ байгууллагыг утсан хүүхэлдэй шиг ашиглаж, хэлэхийг хүссэн тоог нь гаргадаг тооны машин болгочихоод байна. Хамгийн харамсалтай нь, уналтыг өсөлт ч болгож мэдэх шидэт “томъёо”-гоор тооцсон үр дүнг нь манай эрх баригчид өлгөж аваад, сайрхахыг яана. Та анзаарч байна уу. Сүүлийн үед манай сайд, дарга нар баахан хуурай тоо тоочихоос өөр юм ярихаа больсныг. Бодитоор харагдах ганц боловсруулах үйлдвэр, нүдэнд харагдах нэг бүтээн байгуулалтын талаар ярихгүй атлаа эдийн засгийг хэдэн хувиар өсгөлөө, экспорт, импортыг ингэж нэмэгдүүллээ хэмээн статистик тоогоор хачирлаж, баахан бархирна.

 

 

Ерөөсөө статистикийн байгууллага дарга нарын сурталчилгааны хачир бэлтгэдэг алба болчихсон. Монголын томоохон статистикчдын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Статистикч хүмүүс үргэлж халуун тогоон дээр суудаг. Эдийн засаг болохоо болиод ирвэл хонхыг нь цохиж байх хэрэгтэй. Эдийн засгийн тэнцвэр гажуудлаа шүү гээд томхон хонхыг чанга цохь” хэмээн хэлсэн нь учиртай. Гэтэл хөгжлийн сэрүүлэг болох учиртай энэ алба өнөөдөр хонх цохих нь бүү хэл харин ч улс төрчидтэй хамтран тархи угааж, ард түмнийг төөрөгдүүлэхээр зорьж явна. Уг нь аль ч улсын хувьд хөгжлийн тулах цэг нь статистик мэдээлэл байдаг. Түүнд тулгуурлаж, улсынхаа хөгжлийг хэмжиж, хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлдог. Тиймээс НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 167 зорилтын нэгийг Статистикийн салбарын чадавхийг сайжруулах хэмээн тодорхойлжээ. Гэтэл манайд энэ зорилт алдагдаад байна. Тэгээд л улсын хөгжлийн луужин болох учиртай тооцоо судалгаа, статистик мэдээлэл нь захиалгатай, үнэнээс зөрүүтэй болчихоор төр, нийгмийн бодлого яаж ч мэргэн, оновчтой болох билээ. Бодлогын луужин буруу заачихаар бодлого, төлөвлөлт ч ташаа болж, улс орны хөгжил төөрч будлихаас өөр аргагүй. Өдий хүртэл Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийнхөө замд оролгүй, тойрч, будилан, унаж, туссаар буйн нэг шалтгаан ч нөхцөл байдлаа зөв хэмжиж, үнэлж чадаагүй явсаар ирсэнтэй холбоотой биз. Тиймээс улсын хөгжлийн жанжин шугам болох учиртай энэ байгууллагыг улс төрийн томилгоо, эрх баригчдын хөндлөнгийн нөлөөнөөс ангижруулахгүй бол Монголын хөгжил дэвшлийн талаар яриад ч нэмэргүй болохоор байна. Хэдий ноомой ч Монголын ард түмэн тэнэг биш. Бодит амьдралаас дэндүү хол хуурай тоогоор тархи угаана гэвэл санасны гарз. Тоогоор тоглолт хийж болно оо. Гэхдээ жаахан үнэмшилтэй тоглохгүй бол элэг доог болоод дуусч байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57790
0 эможи

keyboard_arrow_up