Voice-д нээлттэй, эзэддээ хаалттай тэр юу вэ?
-Тэр бол бөмбөгөр оройтой цирк гэх хөх асар-
Румын улсын техник, эдийн засгийн туслалцаатайгаар нийслэл хотын маань төвд тэнгэрийн өнгөт бөмбөгөр циркийн шинэ байр ашиглалтад орсноор циркийн урлаг үсрэнгүй хөгжлийнхөө замд орж байсан билээ. 1970 он гарахад Монголын цирк шинэ байрандаа жилд дөрвөөс дээшгүй хөтөлбөр гаргаж 200 хол давсан циркийн мэргэжлийн уран бүтээлчдийн хүч эрдмээр гадаадад хийгээд эх орондоо үзүүлэх олон улсын стандартад хүрсэн программ дэлгэн тавьж байсан юм.
Мэргэжлийн цирк хөгжсөн эртний түүхт орнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцээн уралдаанд айргийн тавд багтаж байлаа. Монголын циркийн урлаг үүсч хөгжсөний 77 жилийн ойн туулсан замын түүхэн жимээр аялаж байх ахуйд баярлаж бахдахын сацуу бас хөнгөн гуниг төрснөө та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Жилд дөрвөөс дээшгүй хөтөлбөр гаргаж хүүхэд багачуудын цангисан дуунд хөл хөдөлгөөнтэйхэн өдрүүдийг үддэг байсан цирк өнөөдөр ил хуль болжээ.
Циркийн нэгдсэн бодлого, урын сан, шинэ содон хөтөлбөр, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэх бүтээлч ажил зэрэг энэ айлд хийж хэрэгжүүлэх, эмхэлж цэгцлэх олон ажил байх шиг.
Манай орон шиг циркээ хувьчилж, хүүхэд багачуудын цэнгэн баясдаг “гайхамшигт” урлагаа орхигдуулсан жишээ Казахстан улсад ч мөн байжээ. Тус улс үүнийгээ хурдан хугацаанд анзаарч, эргүүлэн улсын харьяанд татан, циркээ аварч байсан түүхтэй.
Хувьчлал нэрийн дор Монголын циркийн түүхэн хөгжилд хор хохирол, сөрөг үр дагавар олон гарчээ. Урын сангийн нэгдсэн бодлого, мэргэжлийн уран бүтээлчдийн уран бүтээлээ туурвих орон зай, орчин нөхцөл, эдийн засгийн боломж үгүйгээс тэднийгээ бусад улсад “алдах”, ашиг сонирхлын зам руу хөтлөх зэрэг олон гунигтай үйл явдал өнөөдөр ч үргэлжилсээр...
Мөн үнэлж баршгүй бүтээлийн сан хөмрөг устаж үгүй болсон нь эмгэнэлтэй. Тэдгээр үнэт өвд хөгжмийн нот, урын сангийн архив, түүх дурсгалын холбогдолтой аппарат хэрэгсэл, хувцас хэрэглэл багтаж байгаа юм.
Циркийн уран бүтээлчдийн аюулгүй байдал, амь амьдралыг хангах зориулалттай, монгол хүний ур ухаанаар хийсэн тэдгээр аппарат хэрэгслүүд төмрийн хогонд хаягдаж, дэлхийд монгол уран нугаралтыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн нугаралтын ширээ хаашаа ч юм бүү мэд алга болон гээгджээ.
Циркийн түүхэн баримт устаж, цирк гэдэг айл эзэнгүй байгаа мэт энэ цаг үеийг соргогоор мэдрэх билгийн нүд төрд байх хэрэгтэй болов уу гэж өөрийн эрхгүй бодон сууна. Зарим ахмад уран бүтээлч ч чухам үүнийг хүснэ.
Бас нэг хачирхалтай жишээ татая.
Циркийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол Улсад уран нугаралтыг үндэслэн бий болгосон Тогоончулууны Цэнд-Аюуш хэмээх ачлалт багшийнхаа мэндэлсний 90 жилийн ойг шавь нар нь өөрсдийн хүч, боломжоор тэмдэглэх ажлыг өрнүүлж байхыг хараад нэгэн зүйл хачирхалтай бөгөөд харамсалтай санагдсан.
“Монголын циркийг нэгэн цагт мандан бадруулж явсан Т.Цэнд-Аюуш багшийн ойн баярыг циркийн манежнаа тэмдэглүүлэхгүй нь” гэсэн шавийнх нь үг байлаа. Олон удаагийн гуйлт, хүсэлтээр зөвшөөрүүлж... Циркийн урлагийн алтан үеийн том төлөөлөгч болсон уран бүтээлчийн алдар гавьяаг нэр төртэй сайхан тэмдэглэх жудаг Монголын циркт үгүй гэж үү. Харамсалтай санагдсан.
Харин дууны тэмцээнд циркийн хаалга цэлийтэл нээгдэж өдөр дамнан циркийн манеж дуу хуураар амьсгалж байна. Циркийн хаалга хэнд хаалттай, юунд нээлттэй байгаагаас олон ч зүйлийг дүгнэж болох.
Voice-ийг яагаад циркт зохиож болохгүй гэж. Бид чинь авьяаслаг дуу хоолойг дэлхийд гаргаж эх орноо сурталчилах гэж байна шүү дээ гэж хариулах байх л даа. Шулуухан л хэлье дууны тэмцээний ялагч дэлхийд Монгол гэх нэрийг мандан бадруулна гэдэг юу л бол. Тэгтлээ их хүсээд байгаа тэр нэр алдрыг чинь Монголын циркчид аль хэдий нь дэлхийд тунхаглаад хүлээн зөвшөөрүүлчихсэн юм ш дээ.
Дууны тэмцээн бэлдэхэд хэдэн сараар дамнан өгдөг цаг нар боломж, бололцоогоо Монголын циркчиддээ ч адил тэгш олгон бэлтгэл сургуулилтыг нь тэгвэл хэл үггүй аштайхан хийлгэчихдэг бол гарах үр дүн нь харилцан адилгүй л гарах байх.
Гадны нэгэн сэтгүүлч “Бразил улсыг хөлбөмбөгчид нь тэжээдэг шиг Монгол орныг циркчид нь улс орнуудад таниулан сурталчилж байдаг юм биш үү” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л олон улсын циркийн зах зээлд өндөр үнэлгээ авч, уран нугаралтын гайхамшгийг тив дэлхийд гайхуулахын сацуу хамгийн өндөр "долларын цалинг" авч гэр бүл, үр хүүхдээ асран тэтгэхийн зэрэгцээ улс эх орныхоо нэрийг өндөрт өргөн явж байна.
Дэлхийн үзэгчид шимтэн сонирхдог American got talent, Britain’s got talent зэрэг шоу, цэнгээнт нэвтрүүлгүүдэд уран нугаралтын гайхамшгийг толилуулахад үзэгч олон, шүүгчид үнэхээрийн гайхан биширч байгаа дүрс бичлэгүүд ч цахим ертөнцөд тархан дэлхийн олон үзэгчдэд хүрсээр л байна.
Монголын циркчид дэлхийн алдартай тайз, шоу, фестивальд, Нарны циркт эх орныхоо нэр алдрыг дуурсган, монгол хүний бие бялдар, оюун ухааны саруул сайхныг шагшан магтуулсаар яваа билээ. Түүнчлэн өнөөдөр Монголын циркээс шидэх банзнаас үсрэгчид агаар дээр тав эргэлдэж дэлхийн циркчдийн дунд "дээд рекордыг" аль хэдийнээ тогтоочихоод байна.
Шидэлтийн акробат, морьтны гайхамшгийн жүжигчид дэлхийн цирк, шоуны тайзыг эзэгнэж байна. Тиймээс Монголын циркийг орчин үеийн циркийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нь улам бүр түлхэц дэмжлэг өгөх, төрийн хэмжээнд бодлого тодорхойлох эрхэм шаардлага, эгзэгтэй үе бидний өмнө ирээд байна.
Циркийн хувьчлал бидэнд юу авчирсан бэ гээд эргээд нэг харахаар. Цэнхэр асарыг тойрсон гоёмсог банк, уушийн газар л хажуу бөөрийг нь дэрлэн сүндэрлэсэн байхыг харна. "Цэвэр объектын хувьчлал" л болчихсон шүү дээ гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй.
Циркийн хувьчлалтай адил жишээг бид дахиад л давтах гэж байна. Энэ бол Бөхийн өргөөний хувьчлал. Уул шугамандаа ард түмэн бид үндэсний хэмжээний бөхийн сайхан өргөөтэй болох гэж өөрсдийн халааснаасаа хандив өргөж босгосон өргөө биз дээ. Гэтэл хэдэн шуналтай нөхөд хувьчлал нэрэн доор авах гэж бас л улайрцгааж байна. Бас бүү обьектын хувьчлал болчихоосой доо гэж залбирах л үлдэх шив дээ.
Эргээд сэдэв рүүгээ ороё. Монголд циркийн урлаг хөгжиж байсан юм шүү гэж өнгөрсөн цаг дээр ярих хэмжээнд хүрчихээд байгааг ард түмэн бид мэдсээр байж хэдий болтол нүдэн балай, чихэн дүлий явах гэсэн юм бэ?
Манежны гадна уран бүтээлчид гарчихаад байна гэж хэлэхэд хатуу ч гэлээ үнэн сонсогдох болж. Циркээ гэсэн уран бүтээлчдийн халуун сэтгэл байвч, энэ урлагт амь амьдралаа зориулсан үе үеийн циркчдийн авьяас чадварын ундарга татраагүй ч гэлээ циркийн урлагаа хайрлах төрийн хайр ивээл эрхгүй үгүйлэгдэж байна.
Уян хатан охид уран нугаралтаа үзүүлж, хүч тамиртай залуус ид хаваа гайхуулж, агаарт акробатчид дүүлж, морь, сарлаг, тэмээ хөөрхөн үзүүлбэрээрээ баярлуулж, алиа хошин алиалагчид хүүхэд бүрийг инээлгэх тэр сайхан тоглолт хөтөлбөр хэзээ ч тасрахгүйгээр Монголын циркийн алтан манежнаа тавигдах сайхан өдрүүд асуй гэсэн гэгээн бодол өвөрлөн бичвэрээ өндөрлөе.
Ард түмэн циркийн урлагаар цангажээ. Монгол цирк дэлхийд өөрийн орон зайгаа баттай дансалж, гайхан шагшруулж байсан цаг үеэ нэхэн дурсаж байна. Хүүхэд бүрийг цирк мэддэг, циркийн урлагийн гайхамшгийг харуулж мэдрүүлж хүмүүжүүлэхсэн.
Циркийн урлагт хайртай ард түмнээ ундаалсан шилдэг тоглолтууд хөвөрч, Монголын цирк дахин шинэ өнгө төрхтэйгөөр өрхөө татан, үүдээ нээсэн сайхан цаг ирж, түүний тухай баяртайгаар бичих ерөөл бий гэдэгт итгэнэм.
Сэтгүүлч Б.Саруул
2018.05.21