ШӨХТГ-ын даргад шатахуун импортлогчдыг хаацайлах шалтаг байв уу
Өнгөрсөн өвөл нэгэн нэр бүхий “бага гар’’-ын ШТС-аас АИ-92 бензин авсан. Жижиг тэрэг учраас 75 мянгад бензиний. сав дүүрчихдэг. Гэтэл гурав хоногийн дараа шар гэрэл ассанаас гадна хөдөлгүүрт дуу орж, хурд авахдаа доголдож байгаа нь илт анзаарагдсан юм. Эхэндээ учрыг нь ололгүй гайхаад орхисон ч сүүлдээ бүр асахдаа ч доголдсон тул засварчинд үзүүлэхэд “Муу бензин таарч дээ. Машинаа нам зогсоочхоогүй нь их юм" гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж жижиг, цөөн ШТС-тай импортлогчдоос холхон зугтаадаг болсон гэхэд хилсдэхгүй.
Бас нэгэн жишээ дурдахад холын хамаатны ах нь Японоос 2017 оны цоо шинэ жийп ачуулснаа гайхуулж байсан нь саяхан. Мань эр загас, ан гэхээр байдгаа тавиад туучихдаг хүн учраас машинаа ирэнгүүт нь Их нууруудын хотгорыг зорьсон юм. Гэтэл төд удалгүй машинаа хаа байсан Увсаас ачуулж ирсэн гэж дуулдсан. Дараахан нь нэг сэлбэг нь Монголоос олдохгүй учраас Японоос өндөр үнээр, бараг л он залуу Приусын дайтай зардал гаргаж авчруулсан гэж байлаа. Сүүлд таарахад “Увсаас бензин дүүргэхэд хулхи юм таарчхаж. Тэгээд бензин шахуурга эвдэрчихжээ. Уг нь том л газрын ШТС байсан. Заргалдаад ямар нэмэр болсонгүй" гэж байв.
Эдгээр жишээг дурдах болсны учир нь Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэгчид олширсон, бүр толгой импортлогчдод энийгээ нийлүүлдэг гэх яриа гараад удаж байгаатай холбоотой юм. Нэг үеэ бодвол зам харилцаа сайжирч, хүн бүр шахам машинтай болсон энэ үед хуурамч шатахууны нийлүүлэлт иргэдэд асар их хохирол учруулж болно. Ялангуяа хол замд яваа тохиолдолд бензин голдог орчин үеийн хүлгүүд ямар ч авралгүйгээр нам зогсвол яах вэ.
Тэгвэл энэ cap гарснаас хойш ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн билээ. Гэтэл энэ шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Мэдээж үүнд нь хуурамч, стандартын бус шатахуун багтаж байгаагаас гадна бензинийг зориудаар дутуу шахдаг хэд хэдэн газар илэрсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.
Гэвч тус газрын зүгээс шалгалтынхаа албан хариуг тодорхой мэдээлсэнгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд хандан “Хуурамч шатахуун, дутуу шахалтаас болгоомжлогтун” гэсэн уриа лоозонгийн чанартай анхааруулга өгөөд орхисон. Харин яг аль ШТС-аас стандартын бус шатахуун илэрсэн, аль нь газрууд зориуд дутуу шахдаг талаар тоймтой юм ярьсангүй. Бүр сэтгүүлч нар лавлаж асуугаад ч юм олж сонсоогүй.
Тодруулбал, ШӨХТГ-аас Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч найман аж ахуй нэгжийн 10 шатахуун түгээгүүрийн станцад шалгалт хийсэн аж. Тэгэхэд Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын АИ-92 автобензины хоёрдугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил гарсан байна. Үүнтэй холбогдуулан “Монсуль” ХХК-д таван сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан гэнэ.
Эндээс харахад, ШӨХТГ иргэдийг хуурамч бензинийг ялгаж харах чадварт суралцаж, дутуу шахаж байгаа эсэхийг нь тусгай хэмжүүртэй саваар шалгаж мэд гээд орхиж байгаа бололтой. Ямартай ч ШӨХТГ-ын дарга Б.Лхагвааг учир битүүлэг бүхий мэдээлэл хийсний дараа нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагууд бодит үнэнийг олонд дэлгэсэн юм.
ХУУРАМЧ ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭХ ХУУЛИЙН ЦООРХОЙ БАЙНА
Тус холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр “Монгол Улсын хилээр 2016 2017 онд нийтдээ 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бүтээгдэхүүнийг манай улсын өнцөг булан бүрт шатахуун хэлбэрээр зарж борлуулан ашиг олж байна. Үндэстэн дамнасан корпораци монголын улс төрийн бүлэглэлтэй нийлж, ард түмнээ мөлжиж байна. Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 286 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Гаалийн татвар төлсөн тохиолдолд нэг вагон тутамдаа 12 сая төгрөгийн татвар ноогдуулах байсан. Гэтэл татвар тэглэснээс болоод бид энэ их мөнгийг алдсан. Өнгөрсөн хугацаанд татвар авсан бол 60 тэрбум төгрөгийн татвар улсдаа төлүүлэх боломжтой байж. Бас л алдсан” гэв.
Мөн "Шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр“Сүүлийн үед маш хортой, дутуу шахалттай, хуурамч бензин зарж борлуулж байсан шатахуун түгээгүүрийн газруудыг олж тогтоосон боловч нийтэд зарлахгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Манай холбооны зүгээс хуурамч бензинээс дээж авч шалгалт хийсэн. Эхний ээлжид 1,300 орчим шатахуун түгээх станцуудын шатахуун авдаг эх үүсвэр болох импортлогч аж ахуйн агуулахаас дээж авсан.
Дотоодын лабораториуд санал нэгтэйгээр “Стандартын бус шатахуун” гэдгийг нотолсон” гэлээ. Мэдээж тэд эдгээр ШТС-ыг зарлаагүй. Учир нь "Шатахуун хэрэглэгчдийн холбоо" ТББ үүнийг зарлан, сэрэмжлүүлэх эрх бүхий субъект биш. Бүр цаашилбал энэ талаар олон нийтэд мэдэгдлээ гэхэд бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх магадлал өндөр.
Тэгвэл ШӨХТГ яагаад энэ мэдээллийг нуун, хаацайлах болов. Энэ шалгалтын дүн олон нийтэд хүрэх шаардлагагүй байв уу. Уг нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нууцын зэрэглэлд багтах дүгнэлт огт биш баймаар юм. Харин ч үүнийг олон нийтэд нээлттэй зарласнаар иргэд өөрсдөө болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр үүнийг томоохон компаниудыг хамгаалах гэсэн, зохион байгуулалттай үйлдэл гэж хардаж болохоор байна.
Хамгийн гол нь, хуурамч шатахууны талаар өмнө нь олон удаа хөндөж байхад ингээд орхиж байгаа нь харамсалтай. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ гэдэг их сонирхолтой. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74,800 тонн, хийн конденсатын нэрмэл 9,003 тонн, дистиллят 11,048 тонныг оруулж ирсэн байна.
Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр ганцхан Эрдэнэт хотод байдаг. “Петролеум продакшн” гэж байгаа. Тэр үйлдвэрийн хүчин чадлыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгэхээр хуурамч шатахуун дотоодод үйлдвэрлэж байна гэж таамаглаж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар тогтоох хэрэгтэй’’ гэж ярьж байсан.
Ийм байхад ШӨХТГ болон бусад холбогдох албаныхан шатахуун импортлогчдын аманд багтаж, бусад хэрэглэгчдийн эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь хууль хяналтынхан ийш нь анхаарлаа хандуулах болсныг харуулж байна. Эцэст нь хэлэхэд Б.Лхагваа дарга аа, Монголд хуурамч шатахуун зардаг 400-500-н газар байна гэнэ. Энэ хэр үнэний ортой эсэхийг нэр устай нь хэзээ зарлах вэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|