Үзмэрийн хайгуул нь зогсож, өмнөх барилга нь өгөршсөн музейн салбарынхан

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Монгол Улсын Шинжлэх ухаан, соёл боловсрол, хүмүүжил, нийгмийн институци болсон музейнхны хувьд өнөөдөр баярын өдөр ч хэлэхгүй өнгөрч боломгүй хэд хэдэн зүйл бий.

Монгол улсад музей XX зууны эхэн үед шинжлэх ухааны төв Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд байгуулагдсан түүхтэй. Тус хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч, Монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлийг цуглуулах, бүртгэл тодорхойлолт бичих ажлыг гүйцэтгэж байсан нь өнөөгийн музейн үүсэл хөгжлийн эхлэл болжээ. 1923 оны намар Судар бичгийн хүрээлэнгийн шийдвэрээр цугларсан үзмэрүүдийг ашиглан албан ёсоор музей нээж, даргаар нь О.Жамьян гүнийг томилсон аж.

Тэр цагаас хойш гадаад дотоодын олон эрдэмтэн, судлаачид, цуглуулагчдын ачаар улсын төдийгүй орон нутгийн томоохон музейнүүд байгуулагдса юм.

Музейн үзмэр сан хөмрөгийг баяжуулахад 1926-1940 онуудад орон нутгийн захиргаа, эвлэлийн байгууллагууд идэвхтэй оролцож, түүх соёлын дурсгалт ховор чухал зүйлсийг Намын төв хороо, Засгийн газар, Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр ирүүлж байсныг тухай бүрт нь тогтоол гаргаж, музейд шилжүүлж байжээ. Тиймээс ч музейн сан хөмрөг улам бүр нэмэгдэж байв. 1940-1960 оны үед музейн цуглуулгад Шинжлэх ухааны хүрээлэн ихэд анхаарч ялангуяа байгалийн тасгийн үзмэрийг баяжуулахад тооны болон чанарын өөрчлөлт хийжээ.

Музейн сан хөмрөгийг баяжуулах, үзмэрүүд, түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах, тооцоо тооллого хийхэд Соёлын яамны харьяа Музейн удирдах газрын үүрэг их. Тус газрынхан орон нутгаар жилд хэд хэдэн удаа явж, иргэдээс болон байгалиас ховор үзмэрүүд цуглуулж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, үзмэрийн хайгуул маш их хийгдэж байсан.

Гэвч 1990-ээд оноос Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Музейн удирдах газар татан буугджээ. Ийнхүү 1920-иос 1990-ээд он хүртэл хөгжиж ирсэн музейн салбар уналтад орж, хайгуул хийгдэх нь бараг зогсчээ.

Хайгуулаас гадна тухайн үед баригдсан музейн барилга дээр нэмэгдэж баригдсан барилга огт үгүй. Харин ч Байгалийн түүхийн музейн барилга нь нурах эрсдэлтэй хэмээн хаагдаад, БНСУ-ын Ерөнхийлөгчийн барьж өгөх амыг хараад хэдэн жилийг үдэж байна. Тэр ч бүү хэл Богд хааны ордон музейн газраас хумсалсан хэрэг хүртэл саяхан гарсан билээ.

Музей бол тухайн улсын түүх, соёл, урлаг, үндэстэн угсаатны онцлог, байгаль, амьтан, ургамлыг нь харуулсан, эдийн засаг, нийгмийн хувьд ач холбогдолтой салбар. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Аялал жуулчлалын амин цэг болсон энэ салбарт анхаарахгүй бол үзмэрүүд нь муудаж, барилгууд нь өгөршиж, үр хүүхдүүд, гадаад дотоодын жуулчид нь үзэх юмгүй болох гээд байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57466
0 эможи

keyboard_arrow_up