Академик эрх чөлөө ба үнэ цэнтэй ажилтан бэлтгэх эхлэл

2018 оны 5 сарын 17

Ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг орон нутагт бэлтгэж байна

Монголын зүүн бүсийн боловсролын салбарын тулах цэг болсон Дорнод их сургууль цагийн эрхээр боловсон хүчний бодлогоо өөрчилж эхэлжээ. Нийгмийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан тус сургууль хэдэн жилийн өмнөөс байгалийн ухаанд онцгой анхаарах болов. Үүнийг тод томруун харуулах нэг жишээ нь тус сургууль саяхан газрын тосны бүтээгдэхүүн шинжилдэг иж бүрэн лабораторитой болсон явдал. Азийн хөгжлийн банкнаас 2012-2019 онд хэрэгжүүлж буй дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд тус сургуульд 293.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсний нэг нь 107 сая төгрөг бүхий уг лаборатори юм. “Саяхан манай сургуульд салбарын яам болон АМГТГ-ын мэргэжилтнүүд ирж лабораторийг маань үзээд хүчин чадал сайтайд нь олзуурхаж, хурдан ашиглалтад оруулж үр дүнг нь үзэхийг захисан” хэмээн Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзахдаа ярилаа. Ирэх жил тус сургуулийг газрын тосны инженерийн мэргэжлээр төгсөж буй анхны мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд гарна.

Монгол орны газрын тосны өлгий нутагт хүчин чадал сайтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй лабораторийг түшиглэн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үргэлж шүүмжлэлийн бай болдог боловсролын салбарын хувьд нэн таатай мэдээ юм. “Инноваци, шинэ технологид дасан зохицох чадвар, хөгжил нэвтрүүлэх чадавх бол тухайн улсын эдийн засгийн өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен манай сонинд өгсөн ярилцлагадаа онцлов. Тиймээс ч дээд боловсролын салбарт мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх чөлөөг хангалттай байлгах, төгссөн мэргэжилтнүүд нь ажил олгогчдын шаардлагад нийцдэг байх нь хөдөлмөрийн зах зээлээр хоорондоо холбогддог макро эдийн засаг ба дээд боловсролын салбарын гол зорилго. Ийм жишигт дээд боловсролын чанарыг хүргэхээр хийсэн ажил, санхүүжилтынх нь багахан хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүн шинжлэх лаборатори юм. “Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж, Засгийн газар энэ салбарт гадаад ажилчдын тоог цөөлж, дотоодын ажиллах хүчнийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй энэ үед уг хөрөнгө оруулалт аймгийн тулгамдсан асуудлыг шийдлээ” хэмээн Засаг дарга М.Бадамсүрэн хатагтай Ёландад талархал илэрхийлсэн.

Сургуульдаа лабораторитой болох төслөө тус сургуулийнхан 2015 оны арваннэгдүгээр сард бичиж, дараа сард нь санхүүжилт авах эрхтэй болсон аж. Харамсалтай нь, төсөл боловсруулах багт газрын тосны чиглэлийн нарийн мэргэжилтэн байхгүйгээс тоног төхөөрөмжийн жагсаалтаа дутуу өгчихжээ. Үүний улмаас одоо сорох шүүгээ, аналитик жин, нэрлэгийн аппарат, октан тодорхойлогч гэсэн дөрвөн тоног төхөөрөмж алга. Хайран сайхан тоног төхөөрөмжүүдээ оюутнууд нь гүйцэд ашиглаж чадахгүй, танхимын хойморт үзүүлэнгийн үүрэг гүйцэтгэж байгаа нь харамсалтай. Тус лабораторид тулгамдаж буй өөр нэг асуудал бол менежментийг нь хариуцах лаборант, профессор олдохгүй байгаа юм байна. “Улс орон даяар зар тавиад ч ирдэггүй. Цалин хангамж, бүс нутгийн хөгжлийг голдог байх” хэмээн Э.Ундармаа учирлав. Уг нь газрын тосны олборлогч болон шатахуун импортлогчид хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд буй аж. Дорнодын их сургуулийн Инноваци, гадаад харилцааны албаны мэргэжилтэн С.Энхжаргал “Лабораторийн менежменттэй холбоотой асуудал их чухал.

Байнгын ажиллагаатай байх, засвар үйлчилгээ тогтмол хийдэг байх хэрэгтэй. Бид анхнаасаа төслөө бичихдээ нээлттэй лаборатори байгуулж, бүсийн компаниудад төлбөртэй үйлчилгээ үзүүлэх замаар зардлаа нөхөх, санхүүжилт босгохыг зорьсон” гэж ярилаа. Азийн хөгжлийн банкны боловсролын салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Итгэл “Лабораторийн зарим тоног төхөөрөмж дутуу, ажиллуулах мэргэжилтэн байхгүй байгааг харах үнэхээр харамсалтай байна. Сургууль хариуцлагагүй хандаж, бэлтгэл дутуу хийсний илрэл. Гэхдээ нэгэнт манайхаас хөрөнгө оруулсан тул бид дутууг нь авч өгнө” хэмээв. Лаборатори байнгын үйл ажиллагаатай болсноор Монголд газрын тосны салбарт үйл ажил­ лагаа явуулдаг компаниудтай хамтран ашиглах, газрын тосны инженерийн чиглэлээр хавсарга болон суурь судалгааг бүс нутгуудын болон улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэж буй юм.

АЖИЛ ОЛГОГЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Ажил горилогчдын хувьд бичгийн харилцааны болон багаар ажиллах чадвар, задлан шинжлэх, санаачилгатай шийдэмгий байх чадварууд дипломын голч дүнгээс нь илүү чухал болохыг ХНХЯ-наас ажил олгогчдын дунд явуулсан судалгаанд бий. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогчдын дээрх хэрэгцээг хангах нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн нь “Оюутнуудын санаачилгыг дэмжих төв” юм. Оюутнууд санаачилгаа ажил хэрэг болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажил хийх сонирхол нь нэмэгдсэн байна. Тухайлбал, “Маамуу” үсчний салоны төсөл орлого олох боломжтой учир оюутнууд маркетинг хийх, харилцагч татах гэх мэт бие даан бизнес эрхлэх чадваруудаа хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болжээ. Одоо тус салонд үсчний чиглэлээр ажиллах сонирхолтой оюутнууд цагаар ажилладаг. Энэ төсөл хэрэгжсэнээр оюут­ нууд төслөө төлөвлөгөөний дагуу хийх, удирдлагаар хангах, эрсдэлээ тооцох, тайлан боловсруулах гээд төслийн удирдлагын чадвар нь эрс сайжирсан гэдгийг С.Энхжаргал онцоллоо. Өөрөөр хэлбэл, төсөлд хөрөнгө оруулалт татах, дэмжлэг авахад саад болдог төслийн зорилт, үр дүнг ерөнхийлөх гэх мэт монголчуудын гаргадаг түгээмэл алдаа багасаж байна гэсэн үг. Үүний зэрэгцээ албан бичиг боловсруулах, багаар ажиллах чадвар, сэтгэл зүйгээ удирдаж, зорилгынхоо төлөө тууштай явдаг чадварууд нь хөгжсөн аж. “Төсөл хэрэгжсэний дараа эрсдэлээ тооцоолж хэрхэн даван туулах вэ гэсэн асуудал шийдэх чадвар маш сайн хөгжсөн гэж оюутнууд хариулсан байна. Одоо уг жишгийг тус сургууль үргэлжлүүлж буй бөгөөд оюутнууд холбоогоороо дамжуулж цагийн ажил хийдэг болжээ.

ЯПОН ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ТУХАЙ СУРАЛЦАЖ БАЙНА

Дорнод их сургуульд байгуулсан зайн сургалтын төвд сайн дурын ажилтан Мина Япон сурагчдад Монголын тухай хичээл зааж, мэдээлэл түгээж байна. Биднийг зайн сургалтын танхимаар ороход Архангай аймаг дахь МУБИС-ийн зайн сургалтын төвөөс холбогдсон байлаа. Ийм төвүүдийг БаянӨлгий, Завхан дахь их сургуулиудад Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд мөн байгуулсан бөгөөд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг аж. Зайн сургалтын төвтэй болсноор орон нутагт ахисан түвшний сургалт явуулах, төгсөгчдийн мөшгөх судалгаа хийх, гадаадын мэргэжилтэн, профессоруудын сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний илтгэл, судалгаануудаар цахим сан үүсгэж, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Засгийн газраас боловсролын салбарт баримталж буй бодлогын хүрээнд 2022 он гэхэд орон нутгийн ЕБС-ийн багш нарын 70 хувийг магистрын зэрэгтэй болгоход Дорнод их сургуулийн зайн сургалтын төв чухал хувь нэмэр оруулж буйг захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа онцолсон. Тус сургуулийн төгсөгчид зүүн бүс дэх цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарын 80 орчим хувийг хангадаг аж. Уг төв одоогоор аймгийн дөрвөн сумтай холбогддог бөгөөд энэ он гарсаар таван удаагийн онлайн хичээл, хоёр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Оюутнуудын төсөл удирдах, албан бичиг боловсруулах чадвар сайжирчээ

Орон нутаг дахь боловсролын аяллын хүрээнд санхүүжүүлэгч байгууллагын урмыг хугалж, нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс нүүр улайх бас нэг явдал болжээ. Төслийн хүрээнд Дорнод их сургуулийн биеийн тамирын заалыг иж бүрэн шинэчлэхээр 86 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Харамсалтай нь, гүйцэтгэгч байгууллага болон сургуулийн удирдлагын хариуцлагагүйн улмаас өдгөө тэр их мөнгөний нэлээд нь салхинд хийсэв. Гүйцэтгэгч компани зориулалтын бус шал тавьснаас хүмүүс халтирч унаж, гэмтэх болсон тул хуучин шалаа буцаан тавьсан, хана нь чанар муутай гээд санхүүжүүлэгчээ гонсойлгож хариуцлагагүй хандсан байв. Хатагтай Ёланда “Биеийн тамирын заал чанар болон дизайны хувьд та бүхний сэтгэлд хүрээгүй, хүмүүс унаж, гэмтсэнд харамсалтай байна. Гүйцэтгэгч байгууллагыг шалгая.” хэмээв. Харин Азийн хөгжлийн банкны боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Итгэл “86 сая төгрөг их мөнгө. Үүний зарцуулалт ийм хангалтгүй байгаад сэтгэл дундуур байна. 2014 онд энэ заалыг зассан. Манай журмаар гүйцэтгэгч тал нэг жилийн баталгаа өгдөг. Тухайн үед яагаад мэдэгдэж болоогүй юм бэ. Тэгсэн бол дахиж хийлгэж болох байсан. Үүнд сургуулийн удирдлага ч бас хариуцлагагүй хандсан байна” гэсэн юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57376
0 эможи

keyboard_arrow_up