Эзэнгүй суманд амьдрах арга алга
Сумын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь нийгмийн хөгжлөөс хоцорч байна
Суманд амьдрах арга байна уу. Ажил, сургуулийн мөр хөөж, амьдралаа дээшлүүлэхээр нийслэлийг зорьж буй залуусыг нутагт нь барьж тогтоох юм үнэндээ ховор болжээ. Дэд бүтэц муу, төрийн болон нийгмийн үйл чилгээ авахад ч хүндрэлтэй, тэгээд чанаргүй. Ажил хийе гэхэд цалин бага, ажлын байр ч ховор. Ядаж ганц талхны цех байгуулъя гэхээр худалдаж авах хүн ч олддоггүй ийм эл хуль байдлыг бид 330 сумын олонхоос нь олж хардаг. Монгол орны дөнгөж 0.3 ху вийг эзэлдэг Улаанбаатарт хүн амын бараг тал хувь нь чихэлдэн амьдарч байгаагийн бурууг хайвал олон хариулт олох байх. Үүний нэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт. Зарим сум хэт бага газартайгаас бэлчээр, газрын маргаан тасардаггүй бол зарим нь хэт өргөн нутагтайгаас төрийн үйлчилгээ авахад хүнд рэлтэй байна. Архангай аймгийн Эрдэнэ булган сум буюу Цэцэрлэг хот засаг, захиргааны нэгжийг буруу хуваарилсны нэг тод жишээ.
Булган уулын урдах 15.4 ам километр багахан газарт 21.5 мянган хүн амьдарч буй. Учир нь хил залгаа Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр зэрэг сумын иргэд төрийн үйлчилгээндээ ойртох гэж нэмэгдэж суурьшсаар ийм болжээ. Энд Улаанбаатар хот шиг хэт төвлөрөл бий болсон бол эсрэгээрээ зэргэлдээх сумд нь эзгүйрэхэд хүрсэн. Ер нь аймгийн төвтэй ойрхон оршдог сумдад иргэд нь төв рүүгээ тэмүүлснээр, хөгжиж чаддаггүй ижил зовлон байдаг. Хүүхдээ төвийн сургуульд оруулахын тулд эхнэр нь аймгийн төвийн харьяат болж, харин нөхөр нь малаа бэлчээх газартай байхын тулд суманд бүртгэлтэй байх нь олширчээ. Удирдлагын академийн багш, доктор Г.Жаргалын хийсэн судалгаагаар аймгийн төвөөс 5-25 км-ын зайтай ойрхон 11 сум, аймгийн төвөөс 5-50 км хүртэлх зайтай 43 сум байгаа аж. Үндсэндээ эдгээр сумын иргэд нь хөгжил муутай сумаа голж, ойролцоох аймгийн төвөөсөө хоол хүнсээ цуглуулж, үйлчилгээ авч байгаагаас сум нь зөвхөн амьдрах газар төдий болж хувирчээ.
Мянгаас цөөн хүн амтай 15 суманд нийгмийн хөгжил, ирээдүй алга
Монгол Улс 1923 оноос хойш дөрвөн удаа засаг, захиргааныхаа нэгжийг өөрчилсөн байдаг. Хамгийн сүүлд төвлөрсөн төлөвлөгөөт, социалист нийгмээс зах зээлийн харилцаанд шилжсэн 1992 онд өнөөгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулсан түүхтэй. Тухайн үед манай улс 18 аймаг, 300 орчим сумтай байсан. Нэг сумын нутагт нэгдэл, сангийн болон тэжээлийн аж ахуй багтдаг байв. Харин 1992 онд эдгээрийг тус бүрд нь нэг сум болгосноор нутаг дэвсгэр, хүн амын харьцаа нь алдагджээ. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Эрдэнэ сум нэгдэл, Архустайн тэжээлийн сангийн аж ахуй байсныг хоёр тусдаа сум болгосон. Мөн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт байсан Баянхайрхан сум нэгдэл, Асгат тэжээлийн сангийн аж ахуй байсныг мөн л хоёр суманд хуваасан. Өдгөө эдгээр нь 1000 орчим хүнтэй, оршин тогтноход хэцүү, хамгийн эл хуль, эзэнгүй сумд болжээ. Уг нь анх хамгийн багадаа 3000 хүнтэй бол сум байгуулах зарчим баримталж байсан нь ийнхүү алдагдаад байна. Засаг захиргаа, нутаг дэвс гэрийн нэгжийг байгуулахдаа сум дотор сум байгуулсан тохиолдол ч бий. Жишээлбэл, Булган аймгийн дотор Орхон аймаг байгуулснаар Булган аймгийн төвийн хөгжил саарсан юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сум нь Даланзадгад хотоо бүтэн тойрсон хэлбэртэй байдаг.
Тус сумын нэг захад амьдардаг хүн сумын төвд очихын тулд нөгөө зах руу явахын оронд нутгийнхаа яг голд байрладаг аймгийн төвөөсөө л үйлчилгээ авдаг. Ингэхээр Ханхонгор сумын засаг захиргаа ердөө нэр төдий газар болж хувираад байгаа юм. Сумын иргэд эмнэлэг, сургуульд нь үйлчлүүлдэггүй учраас төсвийн мөнгө тэнд хий дэмий үрэгдэж байгаа нь энэ. Ханхонгор сумын төрийн байгууллагаар маш цөөн хүн үйлчлүүлдэг ч төрийн албан хаагчдын тоо нь бусад сумынхтай ижил байдаг. Мянга эсвэл 10 мянган иргэнтэй байсан ч эв ижил. Эдийн засгийн үр ашиггүй байдал анхан шатанд их байгаагийн нэг жишээ энэ. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа дэндүү эрс тэс болж буйн хор уршиг нь зөвхөн хүн амын төвлөрлөөр хязгаарлагдахгүй. Аймгийн төвдөө хэт ойр эсвэл хэт хол зайтай, ажлын байргүй, хөдөлмөрийн насны хүнгүй сумд жил ирэх тусам эзгүйрсээр байна. Үүнийг дагаад орон нутагт цус ойртох гэдэг том аюул нүүрлэсэн нь нууц биш. 3000-аас бага хүнтэй 132 сум байгаа нь нийт сумын 40 хувийг эзэлж буй. Түүнчлэн 1500-аас цөөн хүнтэй 20-иод сум, 1000-аас цөөн хүнтэй 15 сум байгаа юм. Зарим сумын хүн амын өсөлт тэг заасан бол зарим нь уруудаж буй. Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын хүн амын тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа. Завхан аймгийн Асгат сумын хүн ам гэхэд 10 жилийн дотор дөнгөж 40-өөр л нэмэгджээ.
Судалгаанаас харвал 330 сумын 305-ынх нь хүн ам 0.9 хувийн бууралттай байгаа юм. Цаашид хөгжил нь хоцрогдсон эдгээр сумдын хүн ам улам л цөөрөх нь гарцаагүй. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг алсын хараатай байгуулаагүйгээс үүдсэн уршиг нийслэлийн дүүргүүдэд ч бий. Багануур, Багахангай дүүргийг анх байгуулахдаа Улаанбаатар хотыг нүүрсээр хангах уурхайд түшиглэн байгуулсан. Газар нутаг, хүн ам зэрэг бусад хүчин зүйлийг харгалзаагүйгээс өнөөг хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь үнэн. Угтаа бол газар нутгийн онцлог, хэмжээ, хүн амын тоо, төсвийн үр ашигтай байдал, эдийн засгийн хөшүүрэг зэрэг олон хүчин зүйлийг нь харгалзаж байж засаг, захиргааны хуваарийг тогтоодог жишиг олон улсад бий. Харин манайх нэг бол газар нутгийн онцлогийг харгалзсан, эсвэл хүн амын тоог гол болгосноос үүдэн хүн амьдрах боломж, нөхцөл хангагдахгүй байгаа юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 25 жилд хүн амын суурьшилд багагүй өөрчлөлт гарсан. Харин 1992 оноос хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нийгмийн хөгжилд зохицуулж чадаагүйгээс хот, хөдөө болон аймаг, сумд хоорондын ялгаа хөгжлийн том ангал болчихоод байна.
• Аймгийн төвтэй ойрхон оршдог сумдад иргэд нь төврүүгээ тэмүүлснээр хөгжиж чаддаггүй ижил зовлон байдаг.
• Завхан аймгийн Асгат сумын хүн ам гэхэд 10 жилийн дотор дөнгөж 40- өөр л нэмэгджээ.
• 1992 оноос хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нийгмийн хөгжилд зохицуулж чадаагүйгээс сумд хоорондын ялгаа хөгжлийн том ангал болчихоод байна.
Хүний тоо эрс цөөрсөн сумдыг зэргэлдээх сумтай нь нийлүүлэх боломж бий юу. Аймгийн төвд шахагдсан цөөн хүн амтай сумын нутаг дэвсгэрийг аймгийн төвд өгч болох уу. Энэ мэтээр орон нутагт нийгэм, эдийн засгийн хөгжлийн ялгаа улам ихсэж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тэгш бус хуваарилалтыг өөрчлөх гарцыг судлаачид болон иргэд дэвшүүлж байна. Тухайлбал, Аймгийн төвийн зэргэлдээх хүн ам нь буурсан Төв аймгийн Сэргэлэн, Дундговийн Дэлгэрцогт, Завханы Цагаан хайрхан, Говь-Алтайн Тайшир зэрэг сумыг аймгийн төвтэй нь нэгтгэх боломж бий. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сумыг Дорноговьд нэгтгэж, Чойрыг Дорноговийн хот болгох боломжтой. Дархан-Уул аймгийн дөрвөн сумыг Сэлэнгэ аймагт нэгтгэж, Дарханыг Сэлэнгэ аймгийн хот болгож болно. Ингэж дахин хуваарилахдаа эрх мэдэлтнүүд газрыг нь сорчилж эзэмшилдээ авах, иргэдийн дунд газар, бэлчээрийн маргаан дэгдэх эрсдэл гарч болзошгүй тул холбогдох хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой. Энэ талаар орон нутгийн иргэдээс судалгаа авахад ихэнх нь шаардлагагүй гэж хариулдаг аж. Учир нь ийм судалгаанд албан тушаал, ажлын байрнаасаа салах дургүй төрийн албан хаагчид иргэдийн өмнөөс хариулчихдаг юм билээ. Өнгөрсөн онд улс орон даяар явсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгад орон нутагт засаг, захиргааны нэгжийг өөрчлөх шаардлагатай гэсэн 5900 санал гарсныг холбогдох албан тушаалтнууд нь анхааралдаа авна биз.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
|