Их нүүдлийг татварын бодлогоор зогсооно

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Аймаг, нийслэлийн хамтын ажиллагаа сул байна​

Засаг захиргааны хамгийн бага нэгж болох багаас сум, сумаас аймаг, аймгаас нийслэлийг зорих шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс багассан гэж холбогдох албаныхан хэлдэг. Үүнийг нотлох тодорхой тоон үзүүлэлт хүртэл гаргаж тайлбарлах нь бий. Улаанбаатар хот руу чиглэх их урсгалыг хязгаарлах гэж захиргааны арга хэмжээ авсныг эс тооцвол өөр зохицуулалт энд алга. Хүн амын хэт төвлөрөл, өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаа. Тиймээс 2020 он хүртэл хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Энэ нь шинэ үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчиж байгаа. Нөгөө талаасаа, дээрх зохицуулалтыг хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн тул их урсгалыг аргамжих гэж оролдож байгаа нь энэ. Гэхдээ асуудлыг түр намжаах, аргалах байдлаар цаашид бид хэр хол явах вэ. Хоёр жилийн дараа гэхэд шилжилт хөдөлгөөний эсрэг гаргасан тогтоолоо дахиад сунгах уу. Үүнийг захиргааны аргаар бус эдийн засаг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд дэлхий нийтээр нэг мөр шийдэж байна.

Ингэж хотын хэт төвлөрөл, их урсгалаа сааруулах замаар хөгжлөө жигд тархаан хөгжүүлэх болсон. Үр дүнд нь, хот, хөдөөгийн хөгжлийн зааг бага багаар арилж, хүн амын шилжилт хөдөлгөөн эрс багассан эерэг дүр зураг цөөнгүй байна. Улаанбаатар хотын худалдааны танхим орон нутагт үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл эрхэлж, тэндээ ажлын байр олноор бий болгож байгаа компани, аж ахуйн нэгжийг татварын бодлогоор урамшуулах байдлаар хот руу чиглэсэн их урсгалыг тогтоон барих боломжтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад давуу тал гэхээр зүйл харагдахгүй байгаа юм. Тэрчлэн төрөөс шилжилт хөдөлгөөнийг сааруулахад хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлагатайг Улаанбаатар хотын худалдааны танхимынхан хөндөж байсан юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д аймгуудын хамтын ажиллагаа учир дутагдалтайг дурджээ. Хэдий аймаг тус бүрийн хөгжил чухал ч хөгжилд илүү хурдан хүрэх дөт зам нь хамтын ажиллагаа гэдгийг дээрх тайланд онцолсон байна. Бүс нутгийн онцлог, эдийн засгийн боломж, дэд бүтэц, нөөц боломжоо түшиглэн хамтарсан төсөл, хөтөлбөр санаачилж, харилцан нэгнээ дэмжиж ажиллах нь цаашид илүү үр дүнтэйг энд тодотгожээ. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаа авч үзвэл, аймгууд нэгнээ өрсөлдөгч гэж харах нь түгээмэл бөгөөд эргээд хөгжил гацах, хамтын ажиллагаа зогсонги байдалд ороход энэ байдал нь нөлөөлдөг байна. тэрчлэн аймаг, нийслэлийн хооронд хамтын ажиллагааг илтгэх тодорхой түншлэл төдийлэн байдаггүй гэдгийг хэд хэдэн аймгийн Засаг даргатай холбогдоход хэлж байв.

  • Хоёр жилийн дараа гэхэд шилжилт хөдөлгөөний эсрэг гаргасан тогтоолоо дахиад сунгах уу.

  • Төрөөс шилжилт хөдөлгөөнийг сааруулахад хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлагатай.

  • Аймгууд нэгнээ өрсөлдөгч гэж харах нь түгээмэл бөгөөд энэ байдал нь хамтын ажиллагаа зогсонги байдалд ороход хүргэдэг.

Ялангуяа, хот руу чиглэх урсгалыг сааруулах тал дээр аймаг, нийслэлийн хамтын ажиллагаа хөсөр хаягджээ. Гялтайх зүйл гэвэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Батболд манай сонины редакцын уулзалтад уригдах үеэр Орхон болон Дархан-Уул аймагтай гурвалсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Энэ хүрээнд нийслэлийг зорих шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахад дархан, Эрдэнэт хотын үүрэг, оролцоо ихээхэн чухал болохыг онцолсон. Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн аль нэг нь үйлдвэрлэлээ орон нутагт нээлээ гэхэд яг одоогийн татварын бодлогоор ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт хүртдэггүй. Ийм болохоор компаниуд эрсдэл гаргаж орон нутагт үйлдвэрлэлээ төвлө­рүүлэх, хотоос гарах сонирхол багатайг МҮХАҮТ-ын ерөн­хийлөгч Б.Лхагважав хэлж байсан удаатай.

Ховд аймгийн Засаг дарга д.Галсандондог “Нийслэлээс алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явууллаа гээд компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж чадахгүй байгаа. Хэрэв цаашдаа компаниудыг татварын бодлогоор дэмжиж өгвөл орон нутагт ажлын байр бий болж, энэ нь тогтвортой хадгалагдах боломжтой” хэмээн өгүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.5 хувь буюу 4.7 мянга нь баруун бүсэд оршин сууж байна. Ажилгүйдлээр нийслэлийн дараа эрэмбэлэгдэх тус бүсэд Баянөлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймаг багтдаг. Монгол улсын нийт газар нутгийн хоёрхон хувийг эзэлдэг ч ДНБ-ий 75 хувийг үйлдвэрлэж, эрчим хүчний 60 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн 70 хувийг ялгаруулдаг нийслэлийн хүн ам 1.4 саяд хүрсэн. 2040 он гэхэд энэ тоо 2.4 саяд хүрэх тооцоог Барилга, хот байгуулалтын яам гаргажээ.

Хэрэв одоогийн зохицуулалт, бизнесийн орчин, татварын бодлого хувийн хэвшлээ дэмжих, улмаар орон нутгаа түшихгүй бол нийслэл ачааллаа даахгүйд хүрэхэд ойрхон байна. Хэдий шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон ч улаанбаатарын таван хүн тутмын хоёр нь хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд байгаа аж. Харин улсын хэмжээнд ажил олгож, төсвийн орлого бүрдүүлж байгаа компани, аж ахуйн нэгжийн 64.6 хувь нь улаанбаатарт бүртгэлтэй байна. Шилжилт хөдөлгөөн хамгийн их өрнөдөг зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн дөнгөж 3.3 мянга нь төвлөрчээ. Эдгээр нь татварын бодлого бизнесийн орчинд нөлөөлөх замаар нийслэлийг зорих урсгалыг ажлын байр, өрхийн орлогоор тогтоох, улмаар иргэд орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах гол баталгаа болохоор байна.

Эх сурвалж: 'Засгийн газрын мэдээ' сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56773
0 эможи

keyboard_arrow_up