Төр “гүтгэлэг“ нэрээр хэвлэлийг боомилдог
-Хил хязгааргүй сэтгүүлчид-ийн 2018 оны тайлан мэдээнээс хүргэж байна-
ХЯТАД: УЛАМ ОЙРТСОН ХЯНАЛТ
Хятадын удирдагч Си Жиньпиний эхний бүрэн эрхийн хугацаанд шинэ технологийн хэрэглээ газар авахтай зэрэгцэн цагдан хяналт, ажиглалт урьд хожид байгаагүй түвшинд хүртэл тэллээ. Гадны сэтгүүлчдийн хувьд ч Хятадад ажиллах нь улам хэцүү болсоор байна. Одоогоор 50 гаруй мэргэжлийн болон мэргэжлийн бус сэтгүүлч хорионд байгаа бөгөөд тэдэнтэй бодлогоор хэрцгий хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаагаас зарим нь үхэх аюулын ирмэг дээр байна. Өнгөрсөн онд л гэхэд Нобелийн энх тайвны шагналт, Хил Хязгааргүй Сэтгүүлчдийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн Лью Шяобо, тэрс үзэлтэн блогч Ян Тонгян нар нь хоригдож байхдаа эрүүл мэндийн тусламж авч чадалгүй байсаар хорт хавдрын улмаас нас барсан билээ. Үүнээс гадна хятадын энгийн иргэд ч нийгмийн сүлжээн дэх агуулга хуваалцах, хувийн мессежийнхээ төлөө шоронгийн хаалга татаж байна.
УМАРД СОЛОНГОС: ИНДЕКСИЙН СҮҮЛИЙН УЛС
Умард Солонгос нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн сүүлийг мушгисан хэвээр байна. 2012 он буюу Ким Чен Уны дэглэм эхэлсэн цагаас хойш тус улсын иргэд нь мэдээллээс тасрах болсон. Хэдийгээр тус улсад ухаалаг утасны хэрэглээ улам дэлгэрч байгаа ч харилцаа холбоо, үндэсний хэмжээний дотоод сүлжээ нь хэрцгий хяналтын дор байсаар буй. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг болох KCNA нь дотоод дахь цорын ганц мэдээллийн эх үүсвэр болж байна. Харин гадны хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонсох, үзэх, унших нь бөөнөөр хорих лагерийн хүрээг тэлэх үр дагавар л авчирч байна. Харин өнгөн дээрээ Умардын засаг захиргаанаас олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ихээхэн уян хатан хандаж буй харагдах болсон. Тухайлбал, Associated Press агентлаг аль 2012 оноос хойш Умард Солонгост ажиллаж эхэлсэн бол Agence France-Presse агентлаг KCNA-тэй хамтарсан товчоогоо 2016 оны есдүгээр сард нээсэн. Харамсалтай нь Ким Чен Уны дэглэм яг бодит амьдрал дээр эсрэгээрээ буюу олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын олж авч буй мэдээллүүдэд маш нарийн хяналт тогтоосоор байна.
ӨМНӨД СОЛОНГОС: 10 ЖИЛИЙН ДАРААХ ОНЦГОЙ АХИЦ
Хүний эрхийн идэвхтэн, улс төрийн хоригдол асан Мүүн Жэ Ин ерөнхийлөгчөөр сонгогдсоноор сүүлийн 10 жилийн турш 30 байраар ухраад байсан Өмнөд Солонгос энэ удаад огцом үсрэлт хийлээ. Тус улсын хэвлэлийн мэдээллийнхэн 2014-2016 оны туршид Ерөнхийлөгч Пак Гын Хетэй дайтсаны эцэст түүнийг авлигын хэргээр суудлаас нь буулгаж өөрсдийн ялалтыг тунхагласан. Харин Мүүн Жэ Иний засаг захиргаа сүүлийн 10 жилийн турш олон нийтийн телевизүүдийн удирдлага сэтгүүлчдийн дунд үргэлжилсэн зөрчилд цэг тавьсан юм. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангахын тулд удирдлагын томилгооны системийг сайжруулах зэрэг бүтцийн асуудлууд шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа. Мөн гүтгэх гэмт хэрэгт долоон жилийн хорих ял оноож буйг болиулах, Умард Солонгосын талаар эмзэг мэдээлэл тараасан тохиолдолд хүнд шийтгэл ногдуулах зүйл заалт бүхий үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжоо хүчингүй болгох шаардлага байна.
ХОНКОНГ: БЭЭЖИНГИЙН ОРОЛЦООНЫ ЭСРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТЭМЦЭЛ
Хонконгийн хувьд “Бээжинг дэмжигч” болон “тусгаар тогтнолыг дэмжигч” гэсэн хоѐр туйлд хуваагдахтай зэрэгцэн хэвлэл мэдээллийн салбар дахь Хятадын хөндлөнгийн оролцоо нэмэгдэж байна. Хэдийгээр сэтгүүлчдийн эсрэг халдлага бараг гарахаа больсон ч Хонконг болон Хятадын засаглалтай холбоотой сэдвийг хөндөх нь улам хэцүү даваа болсоор байна. Тухайлбал, 2015 оны эцсээр Хятадын интернэтийн үлэмж тоглогч болох Алибаба компани South China Morning Post сонинг худалдан авсан. Гэвч эцэст нь Хонконгийн иргэд хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө тэр үед л тэмцэх ѐстой байснаа одоо ухаарч сууна. Харин Citizen News, The Initium, Hong Kong Free Press, inMedia зэрэг шинэ цагийн цахим мэдээллийн хэрэгслүүд хувьд урт хугацааны эсэргүүцлийн эцэст Хонконгийн засаг захиргаанд албан ѐсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм.
ЯПОН: УЛАМЖЛАЛ БОЛОН БИЗНЕСИЙН АШИГ СОНИРХОЛ
Үндсэн хуульт хаант засаглал бүхий Япон улс нь хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Гэвч сэтгүүлчид тэдний эртний уламжлал болон бизнесийн ашиг сонирхлоос үүдэн ардчиллыг хамгаалагч хоточ нохойн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. 2012 онд Шинзо Абэ дахин ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш өөрсдөд нь үл итгэх уур амьсгалын талаар сэтгүүлчид ярьсаар ирсэн. “Киша клуб” буюу сурвалжлагчдын клубын систем нь чөлөөт болон гадаадын сэтгүүлчдийг ялгаварлан гадуурхсаар байна. Хэрэв хэн нэгэн сэтгүүлч засгийн газраа шүүмжилсэн эсвэл Фүкүшима Дайчи цөмийн станц, Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазтай холбоотой сэдэв хөндсөн сэтгүүлчдийг олон нийтийн сүлжээгээр доромжилдог үндсэрхэг үзэлтнүүдийн группүүд байна. Түүнчлэн шүлэгдэгч, сэтгүүлч, блогчид “Тусгай зориулалтын нууц”-д хамаарах мэдээллийг “хууль бусаар” олж аван түгээсэн бол 10 хүртэлх жилээр хоригдох нөхцөл хэвээр байгаа. Харамсалтай нь Японы засгийн газар “Тусгай зориулалтын нууц”-ыг хамгаалсан хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс татгалзсаар байна.
МОНГОЛ: ГҮТГЭЛЭГ БА ӨӨРИЙН ЦЕНЗУР
Монголын телевизийн сувгууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шинээр батлагдах Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн хөтөлбөрүүдээ түр хаасан. Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн гүтгэхтэй холбоотой нийт хэргийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг байгаа нь өөрийн цензурийн хүрээг тэлж байна. Харин ерөнхий дүр зургаар нь харвал, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь олон нийтийн өмчлөлд шилжиж ардчиллыг манах хоточ нохой болж буй нь сайны дохио юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил хэт төвлөрч байгаа төдийгүй улс төрийн намуудтай сүжрэх болсон нь бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийг хойш татаж байна. Мөн тухайн байгууллагын өмчлөлийн хэлбэрээс үл хамаарч улстөрчдийн зүгээс ирэх дарамт, засгийн газрын ил тод бус, шүүмжлэлд эмзэг хандах байдал зэрэг нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргийг хязгаарлаж байна.
ТАЙВАНЬ: ХЭВЛЭЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ ТҮР ЗОГСОВ
Улс төрийн оролцоо ховор хэдий ч олон нийтийн зүгээс үүнийг тэвчих нь улам багасч байна. Гэхдээ Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөллийн улмаас Тайванийн хэвлэл мэдээллийн хараат бус байдал дордсоор байгаа. Учир нь Хятадын зүгээс эх газарт бизнесийн ашиг сонирхолтой хэвлэл мэдээллийн эздэд эдийн засгийн болон улс төрийн дарамт үзүүлэх болсон. Энэ нь China Times групп зэрэг хувийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлого эрс өөрчлөгдөж Бээжингийн бодлогыг дэмжиж эхэлсээр байна. Энэ ч утгаараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын Коммунист намын суртал ухуулгатай утга адил зүйлсийг нэвтрүүлэх болсон нь тийм ч гайхаад байх зүйл биш боллоо. Гэхдээ энэ бүхнийг үл тоон Тайванийн тэргүүн Цай Ин Вэн хэвлэлийн эрх чөлөөг үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|