Бөхчүүдэд өгсөн ард түмний хүндэтгэл багадаагүй л байлтай
Бөхийн холбоог булаалдсан хоёр талын тэмцлийн үр дүнд бөхийн өргөөний хаалга хэдэнтээ эвдэрлээ. Сүүлдээ цагдаагийн байгууллага хамгаалалтад авч байж байдлыг намжаав.
Сүүлийн хэд хоногт монгол бөхийн ертөнцөд юу л болоод өнгөрөв. Бөхийн холбоог булаалдсан хоёр талын тэмцлийн үр дүнд бөхийн өргөөний хаалга хэдэнтээ эвдрэх шив. Айл гэрээр бол хүүхдүүд нь хоорондоо муудалцаад, гэрийнхээ хаалга үүдийг эвдэлж хэмхлээд байгаа аятай. Уг нь үүнийг хориглож, болиулах учиртай хүмүүс нь аав буюу үндэсний бөхөөр бол алдарт аваргууд. Гэтэл дархан аваргууд нь болиулах байтугай харин ч бөхчүүдээ хоёр хэсэгт хувааж, өөд өөдөөс нь турхирсан дүр зургийг бид харлаа.
Хүү төрвөл бөх битгий болоорой гэж захих хэмжээнд хүрчихэж
Бөхчүүдийн энэ хэрүүл тэмцлийг харахаар үүрээ эвдүүлсэн шоргоолж л хамгийн түрүүнд санаанд орж байна. Монгол түмний бахархал болсон домогт аварга Ж.Мөнхбат бурхны орныг зориод хэдхэн хонож байна. Гэтэл ар гэрийнхнийх нь гашуудлын нулимс ч хатаж амжаагүй байхад залгамж халаа болсон бөхчүүд нь олзоо булаалдсан өлсгөлөн чоно шиг өөр хоорондоо арсалдахыг хараад хэлэх ч үг олдохгүй юм. Бид ийм цайчихсан улс гэж үү. Тэр тусмаа монгол эрчүүдийн үлгэр дуурайл болсон бөхчүүдээс ийм авир гарахыг хараад харамсахын дээдээр харамсаж байна. Үйл явдлыг хорин хэдэн жилийн өмнөх рүү ухраагаад нэг харъя.
Тухайн үед бөхийн өргөө гэж энэхүү сүрлэг байгууламж байсангүй. МҮБХ нь ордон байтугай олигтой оффис ч үгүй, Спортын төв ордны заал түрээслэн байж бөхийн барилдаанаа зохион байгуулдаг байв. Хэрэв МҮБХ яг тэр үеийнх шигээ байсан бол хүмүүс өөрийн болгох гэж ингэж тэмцэлдэх болов уу. Ингээд бодохоор бөхийн төлөө биш, бөхийн өргөө гэсэн бөөрөнхий байшин руу тэмцээд байгаа юм биш үү. Монголчууд бид бөхдөө хайртай, бөхчүүдээ хүндлэн дээдэлдэг ард түмэн. Тиймдээ ч мөнгө чанга байсан 1990-ээд оны сүүл үед бараг хоёр тэрбум төгрөгөөр энэ өргөөг босгочихсон юм. Ард түмний хандив тусламжаар 800 гаруй сая төгрөг цугларсан ч өнөөх мөнгө бүтээн байгуулалтынхаа тал хувьд хүрээд л зогссон байдаг. Ингээд яахаа мэдэхгүй сандарч байхад улс 900 шахам сая төгрөг гаргаад гүйцээж барьсан түүх мартагдаагүй байна.
Энэ үед хүн бүр л бөхчүүд маань сайхан өргөөтэй боллоо, монгол бөхийн хөгжил дэвшил улам дээшилнэ гэж хөөрч, догдолж байсан. Гэтэл улс болоод олон нийт хамжаад барьсан өнөөх өргөө эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлийн үндэс болно гэж хэн мэдэх билээ. Бусад холбоодыг бодвол МҮБХ муугүй орлоготой байгууллага. Барилдаан зохион байгуулахаас гадна янз бүрийн урлагийн арга хэмжээ тэнд тогтмол болно. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай давуу тал нь үүнд маш их нөлөөтэй. Иймэрхүү арга хэмжээнээс сардаа 50-70 сая төгрөгийн орлого олчихдог. Монгол бөхийн өргөө гэсэн том объект болоод сар тутам орж ирдэг энэхүү орлогын хэмжээ тус байгууллага руу санаархагчдын хорхойг гозолзуулсаар ирсэн гээд хэлчихэд хатуудахгүй байх.
Шүүх гэж гүйсээр хорь шахам жил болсон ч асуудал шийдэгдээгүй л байна
Ужгирсан энэ тэмцэл тэртээ 2002 оноос эхтэй. Тэр жил МҮБХ- ны Их эе хуралдахад Р.Нямдорж холбооны тэргүүний төлөө улиран өрсөлдсөн бол нөгөө талаас Б.Сүхбаатар гэж хүн өрсөлдсөн. Нэлээд халуухан болсон уг хурлын үр дүнд Р.Нямдорж 90:82-оор тун ойролцоо ялсан байдаг. Харин ялагдсан тал хурлыг орхин гарснаар тэмцэл улам хурцадсан юм. Үүнээс хойш талууд хичнээн удаа шүүхдэлцэж, хэдэн ч удаа муудалцав.
Байдал өөрчлөгддөггүй ээ. Уг нь монголчууд хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг ард түмэн. Харин одоо бол бөх битгий болоорой гэж захих хэмжээнд хүрчихэж. Учир нь бүдүүн хадуун, найраа хийдэг гэсэн муу нэр дээр нь нэмээд бөхийн холбооны төлөөх энэ муухай тэмцэл та бүгдийн нэр хүндийг шалбаагт хутгаж орхилоо. Ард түмэн та нараас юугаа ч харамлаагүй юм шүү. Хайр хүндэтгэлээ харамгүй зориулсан, бай шагналыг нь лав багадуулаагүй.
Сумандаа түргэний машингүй хэрнээ сумаас төрсөн улсын цолтондоо жийп авч өгдөг гэж шүүмжлүүлэхдээ хүмүүсээ дахин нэр дэвшүүлээд өрсөлдүүлбэл хэн хэндээ гомдолгүй. Ингэж гэмээнэ олон жил ужгирсан их тэмцлийн ард гарч болно. Харин бяр чадалдаа омгорхож, байр саваа эвдэж, халх, дөрвөдөөрөө хуваагдсан хэвээр байвал үндэсний бөх маань зөвхөн Монгол Улсаар тогтохгүй дэлхий нийтэд шившиг болох нь. Энэ үед хойч үеийнхэн та бүгдийг хэрхэн дурсахыг төсөөлөөд үзээрэй. Лав сайнаар дурсаж ярихгүй байх. Муу нэрийг хусавч арилахгүй гэсэн үг байдаг даа.