Мэдлэг бол хүч бас хөгжил, тусгаар тогтнолын баталгаа
“Мэдлэг бол хүч” гэж Франсис Бэкон (Английн гүн ухаантан) дөрвөн зуун жилийн өмнө хэлсэн бол, толь бичигт мэдлэгийг “хүний эсвэл бүлэг хүмүүсийн мэддэг баримт, мэдрэмж эсвэл туршлага” хэмээн тодорхойлжээ.
Мэдлэг мэдээллээс, харин мэдээлэл өгөгдлөөс эхтэй. Өгөгдөл бол үзэгдэл, үйл явдлын талаарх бодит, тусгаар баримтуудын нийлбэр юм. Харин өгөгдлийг мэдээлэл, мэдээллийг мэдлэг болгох, нэгэнт олж авсан мэдлэгийг хэрэглээ болгох чадварыг чадамж гэнэ.
Боловсролын үндсэн зарчим нь мэдлэг, чадамж хосолсон иргэнийг "бүтээх" явдал юм.
Тийм учраас боловсролыг улс үндэстэн бүр иргэдийнхээ заавал эзэмших ёстой, эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сайн сайхан амьдрах амин чухал хүчин зүйл гэж үздэг. Манай эриний 500 жилийн өмнө суут Күнз хүн бүр боловсрол хүртэх тэгш эрхтэй гэж сургасныг 18-р зууны хоёрдугаар хагаст Германы Прүссэний хаан Их Фрийдрих, Хабсбургийн хатан хаан Мариа Терэза нар албан боловсролын тогтолцоо бий болгож малчин, тариачин, язгууртан ялгалгүй боловсролыг тэгш хүртээх том алхам хийжээ.
Монголчууд цөөхүүлээ, хоёр том, супер гүрний дунд оршдог тул мэдлэг бол бидний зөвхөн сайн сайхан амьдралын эх үүсвэрээс гадна, хөршүүдээсээ ялгаатай байх, соёл заншил, ёс уламжлалаа хадгалж үлдэх, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулах хөшүүрэг юм.
Бид дараах хоёр зүйлд онцгой ач холбогдол өгч чадвал хөршүүдээсээ ялгарахаас гадна өрсөлдөх чадвараа өсгөн, эдийн засгаа хөгжүүлж олон улсын хөдөлмөрийн хуваарьт өөрийн гэсэн байр суурьтай болох боломжтой. Энэ бол эх хэлний хийгээд гадаад хэлний төгс мэдлэг болон үндэстний цахим тайлагдал юм аа.
Нэгдүгээрт хэл
Гадаад хэл сурахаасаа өмнө хүүхэд төрөлх хэлээ бүрэн дүүрэн эзэмшиж, бодох эрэмбээ цэгцэлж, улмаар түүх заншлаа ойлгох нь маш чухал гэдгийг сүүлийн хориод жилийн түүх харуулж байна. Зарим айл хүүхдээ гадаад хэл сайн сурахад түрүүлж анхаарсны дүнд хүүхдүүд нь гадаад хэл, соёлтой болсон ч монгол хэл, соёлоо мэдэхгүй, өрсөлдөх чадваргүй болсоор байна.
Бага ангийн хүүхдийн хувьд эхлээд мэдлэг гэхээсээ илүүтэйгээр зөв хүн болгох, тодорхой дадалтай болгох, бусадтайгаа хамтарч орших чадварыг эзэмшүүлэх нь оновчтой болохыг Финландын жишээ харуулж байна.
Европын холбоо 1+2 буюу эх хэл +2 гадаад хэл гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг байна. Нэн ялангуяа Скандинавын орнууд үүний үлгэр жишээ болно. 3-р ангиасаа эхний гадаад хэл дунд ангиасаа хоёрдогч хэлээ эзэмшдэг. Ерөнхий боловсролын түвшинд багадаа гэхэд хоёр гадаад хэл эзэмшдэг байна. Анхдагч гадаад хэл бол англи хэл байх нь зүйтэй. Энэ хэлээр интернэтийн мэдээллийн 70 хувь нь гарч, 55 орон энэ хэлийг албан ёсных хэмээн тунхаглаж, манай гаригийн 750 сая хүн энэ хэлээр ярьж байна. Хамгийн гол нь хоёр хөрш маань хоорондоо бие биенийхээ хэлээр биш, англи хэлээр харилцахыг хичээж байгаа юм. Тэгээд ч Монгол улсын албан ёсны гадаад хэл бол англи хэл байна гэсэн Засгийн газрын тогтоол бий.
Харин хоёр дахь гадаад хэл нь аль нэг хөршийнх байж болно. Бид өөрсдийгөө олон дахин үржүүлэх арга бол мэдлэг, түүнийг эзэмших хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл.
Жижиг улсууд англи болон хөршүүдийн хэлийг гарамгай эзэмшиж, хөршүүддээ бизнес эрхэлж, эсвэл тэднээр дамжаад дэлхийн зах зээл дээр гардаг.
Тод жишээ нь Швейцарь, Голланд, Сингапур улсууд. Швейцарьт бараг хүн бүр немц, франц, итали, англи хэлээр ярьдаг. Далайд гарцгүй, төвийг сахисан, дэлхийн хамгийн баян энэ улс эдүгээ банк санхүүгийн үйлчилгээ, цемент, шоколад, цаг үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Голландууд датч болон англи, немц, францаар ярьдаг. Тэд далайн тээвэр, олон улсын худалдаа, банк даатгалын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг. Мөн дэлхийн хамгийн анхны хувьцаат компани байгуулж, анхны Хөрөнгийн биржийг нээсэн юм. Сингапур дөрвөн хэлтэй учир Азийн санхүүгийн төв, тив дамнасан компаниудын төв байршдаг хот болжээ.
Жижиг мөртлөө том хөршүүдтэй улс орнууд олон хэлний давуу талыг эртнээс ойлгож, иргэдээ гадаад хэл сурахыг нь дэмжин, хил дамжсан бизнесийг урамшуулан, улс төрийн төвийг сахисан бодлого баримталж иржээ. Тэглээ гээд үндэсний ёс заншлаа алдсангүй, харин ч улам хөгжүүлэн баяжуулж иржээ. Тийм орны иргэд даяар сэтгэж, үйл ажиллагаа явуулах чадвараараа том хөршүүдээсээ давуу, дотоодоосоо олон дахин илүү орлогыг гадаад зах зээлээс олдог.
Хоёрдугаарт цахим тайлагдал
Хувь хүн ухаалаг утас, таблет, зөөврийн болон ширээний компьютер ашиглан мэдээлэл авах ба бусадтай харилцах чадварыг хоёуланг нь эзэмшихийг эдүгээ цахим тайлагдал гэдэг. Цахим тайлагдал бол “21-р зууны чадамж” гэх шүүмжлэлтэй сэтгэх (critical thinking), асуудал шийдэх (problem solving), бүтээлч сэтгэлгээний (creativity) хамт бүх насны суралцагч эзэмших ёстой дөрвөн чадварын нэг юм. Мэдээлэл, харилцааны технологийн хувьсгал нь хөгжиж буй орнуудад эдийн засаг, нийгмээ цоо шинээр, товчлон хөгжүүлэх ховор боломж олгож байна.
Монгол улс “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүнийг” бий болгох зорилт тавиад 2030 он гэхэд “Үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангана”, мөн “Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болсон байх” ажээ. Гэвч өнөөгийн бодит байдал маань тэр хүртэл бас том зайтайг харуулсаар байна.
Өрсөлдөх чадварын тайлангаар дэлхийн 63 орныг эрэмбэлэхэд дээд боловсрол, шинийг бүтээх чадвар, мэдлэг дамжуулах зэрэг шалгуураар Монгол улс сүүл мушгиж, интернэтийн хэрэглэгчид, эрчим хүчний нягтаршилт, хүчин төгөлдөр буй патентын тоо, цахим аюулгүй байдал, агаарын тээврийн чанар, оюуны өмчийн хамгаалалтаар сүүлээсээ хоёрт жагсаж байна.
Ямар их өөрчлөлт хийх хэрэгтэйг энэ эрэмбэ харуулж байна. Хүний нөөцөө хөгжүүлэх, чанартай, өндөр чадвартай ажиллах хүч буюу баялаг болгох суурь нөхцөл бол хүн амын ерөнхий боловсрол, ялангуяа түүний чанар нь юм.
Монголд 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 798 сургуульд 562 мянган хүүхэд суралцаж буйгаас нийслэлд 2015-2016 оны хичээлийн жилд 24 сургуулийн 6,300 сурагч, 2016-2017 оны хичээлийн жилд 34 сургуулийн 9923 сурагч гуравдугаар ээлжинд хичээллэсэн байна. Нийслэлийн сургуульд сурагчид багтахгүй, сумын сургуульд сурагчид олдохгүй болжээ.
Боловсролын чанартай системийг мэргэжлийн түвшинд бэлдсэн, чадвартай, урам зоригтой, нийгмийн бүрэн дэмжлэг хүлээсэн багш наргүйгээр төсөөлөх аргагүй. Монгол хүнийг “бүтээж” буй багш нарын амьдрал муу болохоор ажлын үр дүн сайн байхгүй нь мэдээж. Хажуугаар нь бас, багшийг өөрийг нь хөгжихийг цаг үе шаардаж байна. Бид боловсролын салбарт ДНБ-ийхээ 5-6 хувийг буюу төсвийн тавны нэгийг зарцуулж байгаа ч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.
Толинд хар
Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага (OECD) нь 2000 оноос хойш гурван жил тутам гишүүн болон гишүүн бус орнуудын 15 настай сурагчдын дунд математик чадвар, байгалийн ухааны мэдлэг болон унших чадвараар нь (PISA) шалгаж, харьцуулалт хийх замаар улс орнуудын ерөнхий боловсролын түвшинг тодорхойлдог. Энэхүү судалгааны гол зорилго нь ерөнхий боловсрол эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцсэн мэдлэг, чадамжийг хүртээж чадаж буй эсэхийг тодорхойлох явдал. Тухайн орны боловсролын чанарыг бодитой толинд харуулдаг учир улс орнууд энэ харьцуулалтад ихээхэн ач холбогдол өгөх болжээ.
2015 оны тайлангаар Сингапур, Япон, Эстони, Тайвань, Финланд айргийн тавд орсон бол Герман бүр 16-р байрт оржээ.
Манай улс ОЕСD-ийн (PISA) судалгаанд 2021 онд оролцох зорилт аль хэдийн цаасан дээр буулгасан ч хэрэгжилтгүй, хариуцсан эзэнгүй л байна. Бид үүнд хамрагдаж, хаана юу болохгүй байгаагаа тольдон харж, засаж залруулах шаардлагатай байна.
Эх сурвалж: jargaldefacto.com
|