Үндэслэлгүй бий болсон хөрөнгийг хураадаг болъё

2018 оны 4 сарын 13

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нэхэмжлэл гарган, өмнөх дарга Л.Пүрэвбаатарын нийгэмлэгийн хөрөнгөнөөс өөртөө бариулсан тансаг хаусыг нь хурааж авч чадлаа. Лхагва гарагт болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, Зайсанд байрлах хаусыг нь хурааж авах шийдвэрийг гаргасан юм. Улмаар уг хаусыг дуудлага худалдаагаар зарж, орлогоор нь төмөр замчдыг орон сууцжуулахад зарцуулна” гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээлсэн юм.

АТГ -аас Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг болоод нэлээн хэдэн жил өнгөрлөө. Монголд үндэслэлгүй мөнгөжсөн, эх үүсвэр нь тодорхойгүй үл хөдлөх хөрөнгөтэй болсон төрийн өндөр албан тушаалтнууд бий. Насаараа төрийн албанд ажиллаж байгаа, гэр бүл нь бизнесгүй, аль нэг компанид хувь, хувьцаа эзэмшдэггүй атлаа хадгаламж дахь мөнгөний хэмжээ, үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ тэрбум тэрбумаар хэмжигддэг.

АТГ албан тушаалтнуудын хөрөнгийнх нь эх үүсвэр юу байв гэдгийг тайлбарлуулдаггүй

Гэвч АТГ албан тушаалтнуудыг өөртөө байгаа хөрөнгө, орлогоо үнэн бодитоор мэдүүлэхийг шаарддаг ч ийм их хөрөнгөтэй болох эх үүсвэр нь юу байв гэдэгт тайлбар авдаггүй. Олон нийт ч шаарддаггүй. Үүнийхээ оронд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг “тэнгэрээс унаж ирсэн хөрөнгө”-өөр нь хэн нь илүү үнэтэй машин унаж, хэдэн компанид хувь эзэмшиж байгаагаар нь “хамгийн хамгийн” гэсэн утгагүй номинаци шалгаруулж, хэвлэлээр өргөмжлөн өөгшүүлж сууна.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хоёр жилийн өмнө төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн талаарх мэдээллийг гаргаж байв. Тухайн үед Ерөнхийлөгч сард 5.1 сая төгрөг авдгаараа Монголд хамгийн өндөр цалинтайд тооцогдож байлаа. Харин УИХ- ын дарга, Ерөнхий сайд 2.9 сая, УИХ болон Засгийн газрын гишүүн 2.1 сая, дэд сайдууд 1.9 сая, шүүгч, прокурор, АТГ -ын ажилтан, ҮХЦ-ийн гишүүн зэрэг албан тушаалтнууд 2.1 сая, хяналтын шатны шүүгчид 4.6 сая, аймаг нийслэлийн Засаг дарга нар 1.2 сая төгрөгийг тус тус авдаг талаарх мэдээллийг өгч байв. Цалингийн энэ систем Монгол Улсад одоо ч хэвээрээ үйлчилж буй.

Бараг хувийн компанийн хэлтсийн даргаас ч бага цалинтай байж гэнэт ихээр хөрөнгөжсөн албан тушаалтнууд хаанаас ийм их орлого олов? Энэ асуултад хариулж чадаагүй эхний хүн нь Л.Пүрэвбаатар болж байх шиг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө “хөрөнгөлөг хурандаа” гэсэн нэр томъёог бий болгож, цагдаагийн хурандаа нарын хөрөнгө, орлогын эх үүсвэрийг анхлан хөндөж байв. Төрийн нэр, албан тушаалаа ашиглаж баяжсан хурандаа нарт шүүмжлэлтэй хандан, цөөнгүй хурандаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж байсан. Тэгвэл одоо гурван сая төгрөгийн цалинтай шүүгчид яаж нэг тэрбумаас давсан үнэлгээтэй байранд амьдарч, сая ам.доллараар хэмжигдэх хадгаламжтай байгааг шалгуулъя. Бизнесгүй, хувьцаагүй, цалингаас өөр орлогогүй Их хурал, Засгийн газрын гишүүд, бусад албан тушаалтнуудаас ч хөрөнгийнх нь эх үүсвэрийг шаардъя.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийг хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардаад буй. Дунджаар гурван сая төгрөгийн цалинтай шүүгчдийн дийлэнх нь Туул гол орчимд байрлалтай тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байгаа талаарх баримтыг тэрбээр дэлгэсэн. Үйлдэл нь улс төрийн зорилготой эсэхийг мэдэхгүй ч Х.Нямбаатар гишүүний хэлж байгаа нь үнэн. Үнэхээр шүүгчдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг тайлах цаг нь болсон. Хууль бусаар олсон орлогыг үл хөдлөх хөрөнгө болгож “зүсийг нь хувиргадаг” талаар улс төрийн хүрээнийхэн өөрсдөө ч ярьдаг. Эндээс харахад хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос бус, олж авсан арга замаа тайлбарлах үүрэг хүлээлгэдэггүй хуулийн цоорхой албан тушаалтнуудыг айж эмээхгүйгээр авлига авах боломжийг олгоод байгаа юм биш үү!!! Хэрэв тэр орлого, хөрөнгө хууль ёсных байвал түүнийг нь ч гэсэн зарлаж, олон нийтэд зөв ойлголт өгье. Энэ бүхнийг ажил болгоход бидэнд бэлэн туршлага бий.

Орлого, хөрөнгө хууль ёсных бол түүнийг нь ч гэсэн зарлаж, зөв ойлголт өгье

Бусад улс орнууд үндэслэлгүй хөрөнгөжих байдалтай хэрхэн тэмцэж байна вэ? Их Британид өнгөрсөн сараас үйлчилж эхэлсэн шинэ хуулиар өндөр үнэтэй худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улстөрчид болон албан тушаалтнууд тайлбарлах үүрэг хүлээх болсон. Харин тайлбарлаж чадахгүй байвал хөрөнгийг нь хураах эрхийг хууль, хяналтын байгууллагууддаа олгосон байх юм.

Тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг аж. Энэ нь гол төлөв улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Өмнө нь, Их Британид үл хөдлөх хөрөнгө худалдан авч хууль бус мөнгөө нууж болдог байсан бол “Хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх тухай хууль” батлагдсанаар авлига авсан албан тушаалтнууд бултах аргагүй болж байгаа юм.

Өндөр үнэтэй бугуйн цаг зүүсэн Тайландын Шадар сайдын жишээг мөн дурдъя. Тус улсын Авлигын эсрэг хорооноос үнэтэй цагны хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлсэн нь Тайландад дуулиан дэгдээсэн. Улсынхаа Батлан хамгаалахын сайдаар давхар ажилладаг генерал Правит нь өнгөрсөн оны сүүлээр дор хаяж 2.5 сая тайн бат буюу 79 мянган ам.долларын үнэтэй Roleх, алмаасан шигтгээтэй бөгж зүүсэн явахдаа олон нийтийн хараанд өртөн, шүүмжлүүлж байв. Өөрийнхөө хөрөнгийн мэдүүлэгтээ дурдаагүй энэ үнэтэй цагийг ямар мөнгөөр худалдаж авсан талаарх тайлбар өгөхийг ард түмэн нь шаардахын зэрэгцээ өмнө нь 39.5 сая тайн баттай тэнцэх хэмжээний 25 төрлийн бугуйн цаг ээлжлэн зүүж байсан нь ч илэрсэн.

Манай урд хөрш БНХАУ авлигатай дайн зарлаад удаж буй. Энэ аяны хүрээнд албан тушаалтнууд дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах шаардлагатай тулгарсан. Бүр авлигаар бий болгосон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй нь үнэтэй сууц, орд харш, зуслангуудаа хямд үнээр ч хамаагүй зарж, борлуулж эхэлсэн аж.

Мэдээж авлигын хэргээр шалгагдаад нууц хөрөнгө зоорь нь илэрч, хэт баян нь мэдэгдэхээр илүү өндөр ял авна. Шанхай хотын үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгч “Shanghai Centaline Property Consultants” компанийн мэргэжилтэн улиралд 3-4 тансаг зэрэглэлийн байр зардаг байсан бол одоо сард л хоёрыг зардаг болсон талаараа хэвлэлд ярьжээ. Өндөр албаны дарга нар байшингаа хурдан борлуулж, хурдхан салахын түүс болж байгаа тул хямд үнээр ч хамаагүй өгөх болтлоо айсан аж. Энэ бол урд хөршийн удирдагчийн авлигатай тэмцэх ан авын үр дүнгийн нэг. Бусад улс орнууд энэ мэт аргаар албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй болгож байгаа арга туршлагаас Монгол Улс ч гэсэн судалж, нутагшуулмаар байна.  

Б.Энхжаргал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56066
0 эможи
keyboard_arrow_up