АЙМГААС ТОМ ДҮҮРГҮҮДИЙГ ХУВААХ НЬ
Монгол Улсын 3,2 сая хүн амын гуравны нэг илүү нь нийслэл хотдоо төвлөрдөг. Улаанбаатар хотын 1,3 сая иргэн төвийн зургаан дүүрэг, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хуваагдан аж төрж буйг бүгд мэднэ.
Тэр дотроос Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн оршин суугчид тус бүртээ 300 мянгаас нэгэнт давсан. Монголын хамгийн өнөр өтгөн Хөвсгөл аймаг 123,5 мянга, Өвөрхангай 113, 2 мянган хүн амтай бол “Гурван сумтай” хэмээн хочлогддог Говьсүмбэр аймаг 12,3 мянга, Дундговь аймаг 50 орчим мянган хүн амтай.
Тэгэхээр нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгтМонгол Улсын хамгийн олон хүн амтай аймгийн иргэдийг гурав нугалсан хэмжээний иргэд харьяалагдаж байна. Гэтэл аймаг, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагын бүтэц, орон тоо бараг ижил. Говьсүмбэрийн 12 мянган иргэнд үйлчилдэг тэр л албан хаагчдын тоо 300 мянган хүнтэй Баянзүрх дүүргийнхтэй дүйж очино.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 20-30 мянган хүн амтай хороод бий. Нийслэлийн хороод аймгуудын сумдтай ижил статустай гэвэл сумын хүн амын тоо 2000-10 мянган хүний хооронд хэлбэлзэнэ. Сэлэнгийн Мандал, Баянгол, Баян-Өлгийн Дэлүүн, Завханы Тосонцэнгэл, Ховдын Булган гээд цөөхөн сумын хүн ам 10 мянгад хүрдэг.
Эндээс харахад нийслэлийн хүн ам ихтэй нэг дүүрэгт хамгийн олон иргэдтэй 3 аймаг, нэг хороонд 2-3 сум багтаж байна.
Тэгтэл нэг хүнд ногдох засаг захиргааны албан хаагч, эмч, цагдаагийн тоо, сургууль, цэцэрлэгийн хүртээмж үндсэндээ ижил. Товчхондоо 300 мянга давсан хүн амтай дүүрэг аймагтай, 20-30 мянган хүн амтай хороо сумтай тэнцэх нь ариун явдал уу гэхээр байдал тулгараад буй.
Энэ мэт байдлаас шалтгаалан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал холбогдох байгууллагын хэмжээнд хөндөгдөх болов.
Дүүрэг хуваах нь шинэ асуудал биш. Нийслэлийн түүхэнд Улаанбаатар хот хороодод хуваагдаж байгаад 1965 онд Октябрь, Найрамдал, Сүхбаатар, Ажилчны гэсэн дөрвөн районтой болсон байдаг. Харин 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар районуудыг дүүрэг хэмээн нэрлэж, ингэхдээ хүн ам олонтой Октябрийн районыг Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн тус бүр хоёр дүүрэгт хуваажээ. Найрамдлын район нь Баянзүрх, Ажилчны район нь Хан-Уул дүүрэг болсон байдаг.
Гэмт хэрэгтэй тэмцэж, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй хорооны явган цагдаа л гэхэд 20-30 мянган хүний дунд хаана ямар хэрэг, хүчирхийлэл гарч байгааг хэрхэн олж мэдэж, яаж таслан сэргийлэх боломжтой вэ? Сумын багачууд нэг цэцэрлэгт хүмүүжих боломжтой бол 20-30 хүн амтай хорооны дундах ганц цэцэрлэгт хэдэн хүүхэд хамрагдах вэ? Сумын газрын албаны нэг мэргэжилтэнд хэдэн хүн, дүүрэгт хэдэн хүн ногдож, ажлаа яаж хийх вэ? Эмч, эмнэлгийн тусламжийн хүртээмжийг ч харьцуулах аргагүй.
Иймээс төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох, хүн амдаа илүү ойртуулах үүднээс аймгаас том дүүрэг, сумаас том хороодыг хуваах нь өнөөдөр зайлшгүй шаардлага болж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|