Нийгмийн сүлжээ үргүй зардал нэмдэг
Худалдаа эрхлэгчдийн гол бай нь нийгмийн сүлжээний хэрэглэгчид
Нийгмийн сүлжээ нь бизнес эрхлэгчдийн маркетинг, борлуулалтын том орон зай, зардал багатай суваг болсон. Энэ сүлжээний хэрэглэгчдийн тоо 2017 онд 2.46 тэрбумд хүрсэн бол 2021 онд 3.1 тэрбум болох таамаг бий. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан Facebook, Instagram, Twitter зэргийн хэрэглэгчдийг онилсон маркетингийн аргууд цаашид улам олширч, боловсронгуй болох нь гарцаагүй. Өдгөө нийгмийн сүлжээний зар сурталчилгааны зах зээл 2.4-4.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ тоо 2020 он хүртэл эрчимтэй өссөөр хамгийн багадаа тав, цаашлаад 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж Mediakix компани тооцжээ. Бизнес эрхлэгчид, жижиглэн худалдаачид энэ сүлжээнээс хэрэглэгчдийнхээ нас, хүйс, сонирхол зэрэг нарийн мэдээллийг тандан судлах боломжтой учраас борлуулалтад нэн тустай талбар гэдэг нь дамжиггүй. Нийгмийн сүлжээ, сайтын ачаар онлайн жижиглэн худалдааны хэмжээ тасралтгүй өсөж байгаа. 2017 онд уг зах зээл дээрх худалдаа 2.3 их наяд ам.доллараар хэмжигдсэн. Харин 2021 онд 4.88 их наяд ам.доллар болж хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Ийнхүү нийгмийн сүлжээ сайтууд худалдаа, бизнес эрхлэгчдийн ашгийг өсгөж байна. Харин хэрэглэгчдэд ямар давуу тал олгодог вэ. Өдөржин дэлгүүр хэсэхийн оронд гар утас, компьютерээсээ бараа сонгож, судлах боломж олгож, цаг хэмнэдэг. Гэхдээ нийгмийн сүлжээн дэх ил болон далд сурталчилгаа хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт хүчтэй нөлөөлдөг. Хамгийн гол нь хэрэглэгчдийн дийлэнх нь хэрэглээнд суурилсан бус шохоорхол, сонирхолд хөтлөгдсөн байдаг тул үрэлгэн худалдан авалт голлож байна. Хэрэглэгчдэд бараагаа хоногшуулах, татах ёстой гэсэн маркетингийн үндсэн зарчим бий. Хэрэглэгч тухайн бараа, бүтээгдэхүүнийг хэр олон харж, сонсоно тэр хэрээр худалдан авах магадлал нь нэмэгдэж байдаг. Тиймээс зарим тохиолдолд хэрэглэгч ил, далд сурталчилгаанаас болж огт төлөвлөөгүй бараандаа мөнгө үрчихдэг. Ялангуяа эмэгтэйчүүд нийгмийн сүлжээн дэх зар сурталчилгаанд маш амархан автдаг байна. Хэрэглэгчид уг барааг худалдан авах сэдэл төрүүлэх, далд ухамсарт нь нөлөөлөх зэрэг үе шаттай аргууд ихэнхдээ үр дүнгээ өгдөг аж. Заримдаа өмнө нь огт байгаагүй шинэ хэрэглээ, трэндийг ч бий болгох арга байдаг. Хэн нэгэн алдартан шинэ орцтой цай ууж байгаа зургаа нийтэлбэл түүнийг нь амталж үзэх гэсэн хүмүүс борлуулалтыг нь хэд дахин өсгөх жишээтэй. Олны танил хүмүүсийн пост хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт хүчтэй нөлөөлдөг учраас нийгмийн сүлжээгээр ашиг олдог алдартнууд маш олон. Ачааны машинаар аялдаг америк хос Эмили Кинг, Кори Смит нар Instagram-д 147 мянган дагагчтай. Тэд нэг пост оруулсныхаа төлөө 500-1500 ам.доллар авдаг байна. Харин дэлхийд алдартай энэ сүлжээнд хэдэн сая дагагчтай жүжигчид, дуучдын ханш үүнээс хэд дахин өндөр гээд бодохоор ухаалаг худалдан авалт хийж байхыг анхааруулмаар.
Instagram худалдан авалтад хамгийн их өдөөн хатгадаг
Нийгмийн сүлжээний сайтуудаас хэрэглэгчдийг худалдан авалтад хамгийн их өдөөн хатгаж байдаг платформ бол Instagram. Уг сайт дэлхий даяар 800 сая хэрэглэгчтэйгээс гадна 25 сая бизнесийн байгууллага бий. Мөн хоёр сая орчим зар сурталчилгааны компани идэвхтэй ажиллаж байдаг. Хүн аливаа зүйлийг тогтоохдоо дүрсээр төсөөлөн цээжилдэг байна. Тиймээс Instagram-д зургаар харсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох магадлал өндөр байдаг аж. Instagram хэрэглэгчдийн 53 хувь нь брэнд бүтээгдэхүүний хуудас дагасан байдаг гэсэн судалгаа бий. Саяхан хоёр эмэгтэй Instagram-д “уруу татагдаж” багагүй өрөнд орсон тухай Weforum.com сайтад мэдээлсэн. Судлаач Фристори Жашави- гийн судалгаанд оролцогчдын 59 хувь нь интернет орчин дахь мэдээлэл төлөвлөөгүйгээр бараа худалдан авахад нь нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин 26 хувь нь үүнд нийг- мийн сүлжээ сайтууд нөлөөлсөн гэж “буруутгасан” байгаа юм. Нийгмийн сүлжээний сайтууд хүний эрүүл мэндээс гадна эдийн засагт ч ийнхүү муугаар нөлөөлдөг нь тогтоогдож эхэллээ. АНУ хэрэглэгчдийн худалдан авалтад ил, далдаар нөлөөлж, зарим тохиолдолд хохироож буйг хуулиар зохицуулдаг. Зар сурталчилгааны стандартын газрын дарга Гая Паркер “Нийгмийн сүлжээ болон түүнд ашиглаж байгаа аргууд нь шинэ байж болно. Гэхдээ хэрэглэгчид реклам үзэж буй эсэхээ өөрөө мэдэж байх нь хамгийн чухал” гэжээ. Гэвч тус улсад далд сурталчилгааг хорьсон заалт төдийлэн хэрэгждэггүй. Манай улсад ч мөн адил. Худалдаа эрхлэгчид нийгмийн сүлжээнд хүссэн сурталчилгаагаа, хүссэн үедээ нийтэлж байна. Сурталчилснаасаа чанар муутай бараа зарах тохиолдол олон гардаг ч үүнд хэрэглэгч л хохироод үлддэг. Ялангуяа Facebook-т ил, далд сурталчилгаа газар авсан. Олон дагагчтай хүмүүс архи, согтууруулах ундааг нийгмийн сүлжээнд далд хэлбэрээр сурталчлах тохиолдол ч бий. Манайд үүнийг яг нарийн хянаж, шалгаж чаддаггүй. Иргэд ч гомдол гаргалгүй нийгмийн сүлжээний дам хохирогч болсоор байгааг анхаарах шаардлагатай болжээ. Энэ аалзны тор шиг хэрсэн сүлжээгээр өдөрт хэдэн саяараа цацагдаж буй мэдээллийг хянах нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил. Тиймээс хэрэглэгчид хэтэвчээ төлөвлөөгүй үрэлгэн зардлаас хамгаалж, нийгмийн сүлжээний нөлөөнд автахгүйг хичээх хэрэгтэй болж байна.
"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН