Нээлттэй, бас “Хаалттай” компаниуд
Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн онд 2.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос 65.5 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарсан. Хэдийгээр хувьцааны арилжаа өсөлттэй гарсан ч хөрвөх чадварын үзүүлэлт буурсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн идэвхийг улам бүр сайжруулах, хувьцааны төвлөрлийг бууруулах шаардлагатай болохыг илтгэлээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргадаг сар тутмын хувьцааны төвлөрлийн судалгаанд дурдсанаар бүртгэлтэй 314 компанийн 100 гаруй нь, Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын 69.6 хувь нь хувьцааны төвөлөрөл 80 хувиас дээш гарсан байна. Тухайлбал, 70 компанийн хувьцааны төвлөрөл 90 хувиас дээш, 63 компанийн хувьцаа 80 хувиас дээш, 28 компанийн хувьцааны төвлөрөл 70 хувиас дээш гарчээ. Ерөнхийдөө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй нийт хувьцааны 30 гаруй хувийг төр, 60 орчим хувийг 1009, 10 хүрэхгүй хувийг нь 319 мянган хүн, хуулийн этгээд хуваан эзэмшиж байна. Улмаар үнэт цаасны зах зээлийн голлох үзүүлэлтүүдийн нэг хувьцааны хөрвөх чадвар өнгөрсөн онд 0.1 хувиар буурсан. Хөрвөх чадварын үзүүлэлт нь хуьцаа хэр хэмжээгээр гар дамжин эргэлдэж байгааг илэрхийлдэг, хоёрдогч зах зээлийн идэвхийг илтгэдэг бөгөөд өнгөрсөн оны эцэст энэ үзүүлэлт 3.2 хувьтай гарсан юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд олонх хувьцаат компаниуд нь 1990 онд эхлүүлсэн их хувьчлалаар үүссэн гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалаар цөөн тооны хүн хувьцаат компаниудын 90-ээс дээш хувийг нэг гарт төвлөрүүлсэнээр хувьцаа их хэмжээгээр төвлөрөх нөхцөл үүссэн гэж үздэг юм байна. Энэ нь олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн үйл ажиллагааг хаалттай чиглэлд шилжихэд нөлөөлөхийн хэрээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөхдөх болсон. Тиймээс мэргэжилтнүүдийн зүгээс хувьцааны төвлөрлийг нэмэлт хувьцаа гаргах замаар шийдвэрлэхийг компаниудад зөвлөж ирсэн. Хөрөнгийн зах зээлийн 2.4 их наяд гэх үнэлгээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Бас нэг чанарын үзүүлэлт бол хувьцааны төвлөрөл. Хувьчлалын үед бий болсон томоохон хувьцаат компанийн төвлөрөл маш өндөр байгаа. Зарим хувьцаат компанийн тав хүрэхгүй хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн 95 хувь нь хэдхэн хүний гарт байна шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн чанарын үзүүлэлтийг нь өндөр байлгахын тулд хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ёстой.
Ямар ч хөрөнгө мөнгөгүй хэр нь хувьцаат нэртэй компани олон байна. Жижиг хувьцаа эзэмшигчид нэг төгрөгийн, мянган төгрөгийн хувьцаатай байгаад байдаг. Тэрийг нь буцаагаад өгчихье гэхээр арилжааны банкны шилжүүлэг нь хувьцааных нь үнээс илүү гараад явчихсан хэдэн мянган хүний мөнгө байна. Нийлүүлээд үзэхээр долоон тэрбум гаруй төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байгаа. Хувьцаа эзэмшигчид нь хурлаа хийж чаддаггүй, тайлангаа гаргадаггүй. Зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Ийм л байдалтай байна. Хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд жижиг хөрөнгө оруулагчдыг татахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй юм.
- “ АПУ” ХК-ийн нийт хувьцааны 96.67 хувийг таван хүн (эсвэл ААН) 6.33 хувийг нь 5051 хүн эзэмшдэг.
- “Говь” ХК-ийн нийт хувьцааны 84.1 хувийг гурван хүн (эсвэл ААН) 15.9 хувийг нь 16234 хүн эзэмшдэг.
- “ Мах импекс” ХК-ийн нийт хувьцааны 67.99 хувийг дөрвөн хүн (эсвэл ААН) 32.01 хувийг 9631 хүн эзэмшдэг.
- “ Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 87.7 хувийг гурван хүн (эсвэл ААН) 12.3 хувийг 1664 хүн эзэмшдэг.
- “ Талх чихэр” ХК-ийн нийт хувьцааны 71.26 хувийг гурван хүн (эсвэл ААН) 28.74 хувийг 3815 хүн эзэмшдэг.
- “ Мик холдинг” ХК-ийн нийт хувьцааны 92.17 хувийг долоон хүн (эсвэл ААН) 7.83 хувийг 160 хүн эзэмшдэг.
- “ Дархан нэхий” ХК-ийн нийт хувьцааны 71.73 хувийг гурван хүн (эсвэл ААН) 28.27 хувийг 3522 хүн эзэмшдэг.
- “ Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны 94.34 хувийг хоёр хүн (эсвэл ААН) 5.66 хувийг 736 хүн эзэмшдэг.
- “ Сүү” ХК-ийн нийт хувьцааны 93.81 хувийг гурван хүн (эсвэл ААН) 6.19 хувийг 1271 хүн эзэмшдэг.
Эх сурвалж: Үндэсний шуудан