Хүүхдийн хүмүүжлийг дүнгээс дор үзэх ёсгүй

2018 оны 3 сарын 19

Багш нарын ажлыг зөвхөн сурлагын амжилтаар үнэлэхээ больё

Их сургуулийн багш нар, цаашлаад ажил олгогч нарт тулгарч буй хамгийн том бэрхшээл нь залуусын хүмүүжил, төлөвшил болчихоод байна. Ямар сайндаа л ажил олгогчид хүмүүжил сайтай л бол сургаад авъя гэх болж, итгэлтэй, зөв хандлагатай ажилтны эрэлд гарсаар. Харин их, дээд сургуулийн багш нар ээж, аавынхаа гараас гараагүй, “нялх” оюутнуудад хичээл заах нь шүдний өвчин болсныг хэлж байна. “Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй болсон” гэдэг үгийг үе үеийнхэн залгамж халаадаа хэлсээр ирсэн.

Гэвч мэдээллийн хурд, интернет орчин, нийгмийн түмэн янзын дарамтаас шалтгаалж хүүхдийн хүмүүжил илүү хурцаар яригдах болжээ. Ялгаварлан гадуурхалт, амиа хорлолт, архи, тамхины хэрэглээ гээд томчуудын бузар булай бүхэн хүүхдийн ертөнцийн нэг хэсэг болчихоод байгааг яах вэ. 1990-ээд оны ороо бусгаа үед эцэг эх, нийгмийн хараанаас гадуур орхигдсон үеийнхний хүүхдүүд яг одоо өсөн торниж байна. Өөрсдөө ч сайн төлөвшөөгүй эцэг, эхчүүд үр хүүхдэдээ сайн үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй байх шиг. Угтаа бол тэдний хамгийн ойрын туслагч нь цэцэрлэг, сургууль байх ёстой ч энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхгүй байна гэхэд хилсдэхгүй. Бүр бэл бэнчин, царай зүс, сурлагаар нь ялгаварлан гадуурхдаг байдал ихэнх сургуульд хэвийн үзэгдэл болчихжээ. “Багш нар ихэнхдээ хичээл, сурлагын хоцрогдолд анхаардаг. Тухайн багшийн ажлын үнэлэмжийг ангийн хүүхдүүдийнх нь сурлагын амжилтаар үнэлдэг. Тиймээс багш нар хичээлийн хөтөлбөрийн агуулгыг эзэмшүүлэхэд ихэнх цагаа зарцуулж, хүүхдийн хүмүүжлийг орхигдуулаад байгаа. Хүүхэдтэй ганцаарчилж, тулж ажиллаж байна гээд хичээлийн давтлага л өгөөд байдаг. Түүнээс биш зан төлөвийг нь засах, хүмүүжүүлэхэд төдийлэн анхаарахгүй байна” гэж Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн захирал, доктор Д.Одгэрэл хэллээ.

Тэрбээр “Японд хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь амьдралын зөв дадалд сургадаг. Нэг ой гарантай хүүхдийг тэвэрч явахыг багш нар нь зөвшөөрдөггүй. Өөрийнхөө бохир живхийг хүртэл цүнхэндээ хийгээд гэрийнхээ хогийн саванд хаяхыг сургадаг. Харин сургуульд бол сурлагын хүснэгтийн хажууд зан чанарыг нь үнэлсэн хүснэгт бас бий. Хүнтэй мэндлэх, бусдын үгийг сонсох, орчин тойрноо цэвэрхэн байлгах зэрэгт үнэлгээ өгдөг” гэлээ. Японы бага сургуулиудад үйлчлэгчийн орон тоо огт байдаггүй. Хүүхдүүд өдөр бүр сургуулиа цэвэрлэснээр хог хаяхыг тэвчиж чадахгүй болдог. Мөн сургуулийн цайны газар зөвхөн хүүхдүүдийг хооллох үүрэг хүлээдэггүй. Жижүүр сурагчид бусдынхаа хоолыг аягалж, цэвэрлэгээ хийдэг учраас тэнд давхар хүмүүжлийн ажил явагддаг гэж хэлж болно. Ийм олон нийтийн ажилд оролцсоноор хүүхдүүд хоорондоо ойр дотно болж, сурлагаас өөр давуу тал, зан байдлаараа байр сууриа олж авдаг аж. Үүнийг япончуудын хүмүүжил болон урт насалдгийн үндэс ч гэж ярьдаг. Ямар хоол эрүүл мэндэд муу, ямар нь илүү шим тэжээлтэйг багаас нь сургадаг учраас насан туршид нь хэвшил болж чаддаг байна. Хэрэв хэзээ, ямар тэжээлтэй хүнс хэрэглэх ёстойг Японы бага сургуулийн хүүхдээс асуувал түвэггүй хариулдаг бол Монголд их, дээд сургуулийн оюутнууд дунд хариу хэлэх хүн олдохгүй биз. Японы сургуулиудад дүрэмт хувцас, дэвтэр, үзэг, харандаа гээд баллуураас бусад хичээлийн хэрэгсэл нэг стандарттай. Сурлага муутай хүүхэд л баллуур хэрэглэдэг, онц сурлагатнуудад шаардлагагүй гэсэн ойлголттой учраас баллуурт стандарт заадаггүй аж. Энэ нь хүүхдүүдийг сургуулийн орчинд баян, ядуугаас шалтгаалсан ялгаварлан гадуурхалтаас сэргийлдэг байна. Харин манайд цэцэрлэгт хүртэл хувцас, зүс царайгаар нь уралдуулах нь хэвийн үзэгдэл болсон. “Дээлтэй монгол” өдөрлөг зохиож, хамгийн гоё үндэсний хувцастайг нь шалгаруулдаг мода дэлгэрсэн нь бяцхан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг мөнөөс мөн. Манайд хоёр сурагч муудалцаж байвал багш нар хоёуланг нь “хичээлдээ ор” гээд анги руу нь хөөчихдөг.

• Өөрсдөө ч сайн төлөвшөөгүй эцэг, эхчүүд үр хүүхдэдээ сайн үлгэр дуурайлал үзүүлж чаддаггүй.

• Монголчуудын уламжлал, соёл, нийгэм, эдийн засгийн байдалд тохирсон алсын хараатай бодлого боловсролын системд дутагдаж буй.

• Японд сургуулийн цайны газар зөвхөн хүүхдүүдийг хооллох үүрэг хүлээдэггүй. Энд давхар хүмүүжлийн ажил явагддаг.

Харин япон багш нар заавал хэн буруутайг нь олж, уучлалт гуйхыг шаарддаг. Энэ нь бас л сурагчдыг хүмүүжүүлж буй арга. Монгол хүүхдүүдийн ихэнх нь гадаад төрх, хувцас зэргээрээ өрсөлдөж, хэлбэр хөөх нь улам их даамжирч байгаа. Харин япон хүүхдүүд эрүүл мэнд, бие бялдраараа өрсөлддөг. Сүүлийн үед монгол сургуулиуд энэхүү япон загварыг сургалтдаа мэр сэр ашиглах болсон. “Шинэ Монгол” сургууль гэхэд хүнтэй зөв мэндлэхээс эхлээд ариун цэврийн өрөөнд зөв бие засах талаар нь нарийн зааж, ойлгуулдаг байна. Мэдээж, Монголын бүх сургуульд япон хүмүүжлийн арга нэвтрүүлэхийг уриалах гэсэнгүй. Харин монголчуудын уламжлал, соёл, нийгэм, эдийн засгийн байдалд тохирсон алсын хараатай бодлого боловсролын системд дутагдаж байгааг хэлмээр байна. Уг нь сургалтын цөм хөтөлбөрт хүүхдийн хүмүүжлийг эн тэргүүнд тавьсан сайхан зорилтууд бий. ... Амьдрах ухаан, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмших, хүмүүнлэг үзэлтэй иргэн болон төлөвших боломж олгоход оршино... гэсэн байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Эцэг, эхчүүд сургуульд хүүхдээ даатгадаг бол багш нар хүмүүжилгүй хүүхдийнхээ хариуцлагыг эцэг, эхчүүдэд тохдог нь манай нийгэмд хангалттай хор уршиг учруулж буй. Уг нь сургууль бүрт нийгмийн ажилтны орон тоо бий. Гэвч хүүхэд бүртэй тулж ажиллахаас илүү захирал, сургалтын менежерийн нэргүй зарц болсон. Багш нар ч ажлын ачааллаа дийлэхгүйгээс хүмүүжлийн тухай ярихаас цаашгүй гээд боловсролын системээс шалтгаалсан доголдол тун их байгааг мэргэжилтнүүд сануулдаг. Ядаж л багш нарын ажлын үзүүлэлтийг дан сурлагын амжилтаар үнэлэхээ больчих. Монгол хүүхдүүдийг оюуны чадамж, орчин тойрондоо дасах чадвараараа хэнийг ч дагуулахгүй гэдэг. Харин тэдний хүмүүжил, төлөвшил шалан дээр уначихаад байна. Бусдад тусалдаггүй юм гэхэд саад болдоггүй иргэнийг төлөвшүүлдэг тогтолцоо боловсролын салбарт дутагдаж байгааг анзаараач. “Хүмүүнлэг иргэн” гэдэг үгийг “Цөм хөтөлбөр”-ийн хоосон чимэг болгомооргүй байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55015
0 эможи
keyboard_arrow_up