Дундаж давхарга НИМГЭРСЭЭР
Дундаж давхаргын хувь хэмжээ, хувилбарууд олон боловч хоорондоо зөрүүтэй
Цэнхэр гарагийн аль ч улсаас амьжиргааны нэмэх, хасах хоёр туйлыг харж болно. Агуу мөрөөдлийн орон Америкт ядуус олноороо байхад дорой буурай Африкийн орнуудад ч тэрбумтнууд хэд бол хэдээрээ бий. Гэхдээ баян, ядуу хүмүүсийн тоогоор бус дундаж орлоготой хүмүүсийнх нь хэмжээ илэрхийллээр нь тухайн улсын хөгжлийн хэмждэг. Амьжиргааны дээд, доод хязгаарын жийрэг болсон дундаж давхарга нийгмийн тэнцвэрийг хангаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр, эх сурвалж нь болсоор ирсэн юм. Дэлхийн олон орны туршлагаас харахад дундаж давхаргадаа тулгуурлан өсөн өдийж, хөгжиж ирсэн байдаг. Тэгвэл ийм дундаж давхарга Монголд өнгөрсөн хугацаанд бүрэлдэн, бэхжиж чадав уу. Дундаж давхаргын тоон мэдээллүүд бишгүй бий. Гэхдээ дундаж давхаргыг хэмжсэн эдгээр дүн тооцсон аргачлалаасаа хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, нэг байгууллагын хоёр судалгааны эхнийх нь Монголын нийгэмд дундаж давхаргын эзлэх хувийг 30 гэж гаргасан бол нөгөөд нь 90 хувь гэснэ зөрүүтэй дүн гаргасан байх юм.
ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манай улсын нэг хүнд ногдох өдрийн орлогыг 2-26.5 ам.доллараар тооцоод дундаж давхаргын хэмжээ 85 хувьд хүрчээ гэх дүгнэлт хийжээ. Энэ дүнгээс үзвэл Монгол Улс хэдийнэ хөгжлийн манлайд хүрсэн мэт. Гэтэл уг аргачлалаа дэлхийн жишигтэй дүйцүүлж, 200 ам.доллараар тооцоход манай дундаж давхаргын эзлэх жин 30 хувь болтлоо буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн орлогын тооцсон тооноос хамаарч, ийм эрс тэс дүн гарч байгаа нь энэ. Дотоод, гадаадын байгууллагаас тооцсон дундаж давхаргын хувь хэмжээ хоорондоо зөрүүтэй байгаа учраас дундаж давхаргыг илтгэсэн, бүх нийтээр хүлээн зөвшөөрөх тодорхой тоог салбарынхан төдийгүй албаныхнаас шаардахад хүрээд байна. Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын судалгааны дүнг нэгтгэвэл манай дундаж давхаргад тооцогдох орлоготой иргэн, айл өрхүүдэд эзлэх жин 37-56 хувьтай гарчээ. Бас ч үгүй энэ дүн нь сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлт.
Гэтэл хүн амын орлогын тэгш бус байдлын хэмжүүр болсон жини коэффицент тэс өөрийг өгүүлнэ. Нэг рүү дөхөх тусмаа орлогын хуваарилалт тэгш бус байгааг илтгэдэг энэ үзүүлэлт 0.35 болтлоо өсчихөөд байна. Өнөөгийн энэ дүн нэг суурь нэгжээр өсөхөд л хувьсгал, нийгмийн өөрчлөлт өрнөсөн жишээ ОХУ- аас эхлээд цөөнгүй бий. Тиймээс тэгш бус хуваарилалт эмзэг хэвээр байна. Дээрээс нь Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орлогоос бүрдүүлдэг атал хүн амын орлогын татвар үүний 10 хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлж буйгаас харахад дундаж давхарга хангалттай төлөвшиж чадаагүйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн суурь нь бага орлоготой иргэд болж, дундаж давхаргын эрэмбэ, жин бүүдгэр хэвээр. “Хүнээ хөгжүүлнэ гэдэг иргэн бүрийг баян болгох тухай асуудал биш. Энэ бол дундаж давхаргынхны тоог нэмэх тухай сэдэв. Дундаж амьдралтай хүмүүс олон байх тусам тухайн улс аюулгүй, тайван амгалан байдаг. Мэдээж хөгжил ч дагаад өснө” хэмээн Chasing the American Dream номын зохиогч Томас Хирши хэлжээ. “Дунд давхаргын нийгэмд эзлэх хувийн жин өндөр байх тусам худалдан авах чадвар, зах зээлийн багтаамж, иргэдийн хуримтлалын түвшин, эрүүл мэнд, боловсролд хийх хөрөнгө оруулалт өсөж, эдийн засгийн тогтвортой байдал сайжирдаг” хэмээн түүний номонд тэмдэглэжээ. Үүнийг хамгийн тод харуулж буй улс бол өмнөд хөрш. БНХАУ эдийн засгийн бодлогынхоо цөмийг энэ давхарга руу чиглүүлж, хүчирхэг дундаж давхаргыг “үйлдвэрлэх” зорилго дэвшүүлсэн. Энэ улсад эдүгээ ядуурал асуудал байхаа болсон.
• Дэлхийн жишигтэй дүйцүүлж, 200 ам.доллараар тооцоход манай дундаж давхаргын жин 30 хувь болтлоо буурсан.
• Монголын эдийн засгийн суурь нь бага орлоготой иргэд болж, дундаж давхаргын эрэмбэ, жин бүүдгэр хэвээр.
• Дундаж давхарга зөвхөн татварын бааз суурь төдийгүй эдийн засгийн тогтворжуулагч, тэжээн тэтгэгч болох нь.
Иргэдээ хэдэн арван саяар нь ядуурлын эгнээнээс гаргаж буй энэ улс 800 сая дундаж давхаргын иргэнтэй болохоор зорьж байна. Энэ аварга давхарга Хятадын эдийн засгийн үнэмлэхүй өсгөх ба хэрэглээг нь гэхэд жилд дунджаар 10 их наяд ам.доллараар нэмнэ гэсэн тооцоо гарчээ. Ингээд эхлэхээр Хятад бол дэлхийн хамгийн том худалдан авагч болох төдийгүй бараа, бүтээгдэхүүнээ хүн царайчлалгүй борлуулж дөнгөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чинээлэг дундаж давхаргыг дагаад эрэлт хэмээх эдийн засгийн их хүч бий болно. WEF-ийн тооцоогоор 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбумд хүрч 2009 оныхоос 6.2 дахин өснө. Хятад, Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн эрэлтийг тодорхойлно гэсэн статистикуудын цаад шалтгаан нь энэ. Дундаж давхарга зөвхөн татварын бааз суурь төдийгүй эдийн засгийн тогтворжуулагч, тэжээн тэтгэгч болох нь. Эдийн засгийн энэ агуулгаас гадна нийгэм, улс төрийн үүрэг нь үнэлж баршгүй. Улс төрийн сонголтууд дундаж давхарга дээр тогтдог. Мөнгөөр сонголтоо худалддаггүй энэ давхарга улс орныг хэн жолоодохыг сонгож, сонголтоороо дамжуулан төрийн бодлогыг залдаг. Тулхтай дундаж давхарга өнөөдөр Скандиновын орнуудаас эхлээд АНУ, Их Британи, Герман, Япон гээд хүчирхэг эдийн засгийг цогцлоож байна. Дундаж давхаргаас дээшээ, доошоо хальсан, бусад давхарга хүч түрээд эхлэхээр улс орон хаана хүрдгийг өнөөгийн Африк эсвэл Арабын зарим орон тодорхой харуулна. Баялаг бүтээдэггүй хэсэг бүлэг нийгэмд хүч түрэхийн цагт улс орон хэдий чинээлэг хийгээд хоосон байсан ч тэнцвэрээ олдоггүй.
Бүх иргэн нь баян болчихбол нийгэмд баялаг бүтээгчид багасч энэ хэрээр нийгэм, эдийн засгийн бүтэц мухардалд орох магадлал нэмэгддэг. Ер нь дундаж давхаргагүй улсууд урагшлах бус харин ухардгийг Африкийн орнууд харуулж байна. Дундаж давхарга бүрэлдэн бий болох, түүнийг бий болголгүйгээр хөгжлийн тухай ярих шаардлагагийг дайн самуун, үймээн тэмцлийн хөлд чирэгдэж байгаа африкийн орнууд батална. Бүр өрөндөө баригдсан Зимбабве, Того зэрэг улсын жишээнээс харж болно. Монгол Улс 2030 онд хүн амынхаа 80 хувийг дундаж давхаргад хүргэх зорилтыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа дэвшүүлсэн. Гэтэл 80 хэмээх том тоо цаасан дээр л бий. Өмч хувьчлал, ипотек зэрэг цөөн хэдэн хөтөлбөр, хувилбарыг эс тооцвол дундаж давхаргыг нэмэгдүүлэх талаар төр тогтвортой, оновчтой бодлого хэрэгжүүлж байсангүй. Хөгжлийн цөм болсон энэ хэсгийг дэмжихийн оронд харин ч илүү үзэж, эрээ цээргүй халаас руу нь халдан дайрсан жишээ ч саяхных. Ийм байхад яаж ч дундаж давхарга бүрэлдэн тогтох билээ. Наанадаж л Монгол мөрөөдлийн биелэл болсон дундаж орлоготой өрхийг ямар байдлаар төсөөлөхөө тогтох хэрэгтэй. Ийм байвал дундаж орлоготой гэж үзнэ гэсэн төсөөллөө гаргачихвал хэмжихэд ч, мөрөөдөлдөө хүрэхэд ч илүү дөхөм байх буй. Нийгмийг урагш чирэгч гол хүч болсон дундаж давхарга маань манайд улам “хайлан” нимгэрсээр байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
|