Шүлхийн эсрэг “ВАКЦИН”-ыг хүнд тарья

2018 оны 3 сарын 13

Улсын онцгой комисс энэ сарын эхээр хуралдаж Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байгааг тогтоожээ. Дорнодын Чулуунхороот, Өвөрхангайн Арвайхээр, Булганы Рашаант сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ мэтээр шүлхий өвчний талаархи мэдээ тасрахаа байв.

Устсан өвчний жагсаалтад 1974 онд бүртгэсэн шүлхий 2000 оноос хойш эргэн дэгдэж, ханиад томуу адил тархаж байна. Шүлхийгээс болж мал, махаа экспортолж хүнсний эх орон болох Засгийн газрын том зорилго үндсэндээ нурж мэдэхээр байна. Хуурай өвсөнд ассан гал шиг хурдтай газар авдаг энэ гоц халдварт өвчний өмнө Монголын төр хүчин мөхөсдөж байна уу гэлтэй.  Нөгөө  талаар шүлхий гэдэг малчид, тэдний мал махыг худалдан борлуулдаг ченжүүдийн санаатай болоод санамсаргүй үйлдэл, хариуцлагагүй байдал гээд олон зүйлтэй холбоотой. Ямар ч байсан малаа эрүүлжүүлэхгүй бол 60 сая байна уу, 100 сая байна уу ямар ч ашиггүй гэдгийг л монголчууд бүгдээрээ мэдэрч, ойлгож авч байх шиг байна.  

Малаа эрүүлжүүлэх гол арга нь урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулах явдал. Түүнээс биш шүлхий болон өөр бусад халдварт өвчин гарсан хойно нь вакцинжуулна гэж сүрийг үзүүлэх нь нэмэр бага. Манай улс уг нь шүлхий, мялзангаас бусад мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга, туулгыг үйлдвэрлэдэг үйлдвэртэй. Төрийн өмчит “Биокомбинат” үйлдвэр зах зээлийн шуурганд гал алдалгүй үүргээ гүйцэтгэсээр өнөөг хүрсэн. Уг үйлдвэрийг Унгар улсын тусламжаар өргөтгөн шинэчлэх төсөл олон жил олон засгийн нүүр үзэн дуншсаны эцэст энэ онд хэрэгжиж эхлэн шинэ үйлдвэр нь шаваа тавихаар болоод байна.

Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэвэл 2-3 тэрбумыг хэмнэнэ

“Биокомбинат”-д үйлдвэрлэдэггүй шүлхий, мялзан өвчний вакцинуудыг манай улс гадаадаас импортолдог. Үүнд улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулдаг. Шүлхийн вакциныг л гэхэд жил бүр ОХУ-аас таван тэрбум орчим төгрөгөөр импортолж байгаа.Уг нь шүлхий, мялзангийн вакцины аль алиныг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг салбарын эрдэмтэн судлаачид хэлдэг. Үүний нотолгоо болж өнгөрсөн 2017 онд монгол эрдэмтэд шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэх технологийг боловсруулаад байгаа ажээ.  

Таван жилийн өмнөөс тухайн үеийн БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр эхэлсэн “Шүлхийгээс сэргийлэх вакцины технологи, ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шүлхийн вакцины технологийг боловсруулсан юм байна. Энэ технологиор антигений концентрат ашиглан шүлхийгээс сэргийлэх 80-аас доошгүй хувийн идэвхтэй тосон адьюванттай вакцин гаргаж авах шинжлэх ухааны үндэслэл, практик боломж бүрджээ. Шинжлэх ухааны доктор, профессор З.Батсүхийн ахалсан эрдэмтэн, судлаачдын багийн таван жилийн хөдөлмөр ийнхүү үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болоод байгаа юм. Тиймээс уг технологий ШУА-ийн 2017 оны шилдэг инновацийн бүтээгдэхүүнээр шалгарчээ.

Шүлхийн эсрэг “вакцин”-ыг хүнд тарья

Энд онцлоход шүлхийн эсрэг вакциныг Монголд анх удаа үйлдвэрлэх гэж байгаа юм биш. Шүлхийгээс сэргийлэх вакцины технологи бий болгосон нь анхных биш гэнэ. 1970, 1980-аад онд шүлийгээс сэргийлэх вакцинийг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хийдэг байжээ. Тус хүрээлэнд шүлхийн вакцин, оношлуур үйлдвэрлээд уг бүтээгдэхүүнээ хоёр жил тутамд устган, шинээр үйлдвэрлэдэг байжээ. Учир нь тухайн үед шүлхий огт гардаггүй байв. Ингээд 1990 онд уг ажил зогссон байна. Мэдээж тухайн үеийн технологи өнөөдөр хоцрогдсон учир монгол эрдэмтэд дахин судалгааны ажил хийж шинэ вакцины технологийг гаргасан нь энэ ажээ.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Аргентин улсаас Монголд суугаа Элчин сайдтай уулзаж, тус улсын шүлхийн вакцины технологийг нэвтрүүлэх талаар санал солилцож байжээ. Харин З.Батсүх докторын багийнхны гаргаж авсан технологи бол яг өнөөдөр ОХУ, Энэтхэг зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ашиглаж буй шинэ технологитой нэг түвшнийх юм байна. Судалгааны баг таван жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг өнгөрсөн онд эцсийн хувилбараар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулан батлуулжээ. Ингэснээр уг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болсон гэсэн үг.

Тиймээс одоо Монгол Улс дотооддоо шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд бэлэн. Харин вакцин үйллдвэрлэхэд юу хэрэгтэй вэ гэдгийг л ярих цаг. Тэр тусмаа шүлхийн дэгдэлт жилийн дөрвөн улиралд “нутаг сэлгэн” хүрээгээ тэлж байгаа өнөөгийн нөхцөлд импортын өндөр үнэтэй вакцин худалдан авахын оронд дотоодын вакцинаар бүх малаа дархлаажуулах нь чухал байх биз ээ.

Эрдэмтэд, судлаачид шүлхийн вакцины технологийг гаргаж авахаар судалгаа  хийх явцдаа шүлхийн вакцин үйлдвэрлэх нэлээд хэдэн багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирсэн  аж. Гэхдээ вакцины үйлдвэрлэл эхлэхэд нэмж зарим нэг багаж, тоног төхөөрөмж оруулж ирэх шаардлагатай юм байна. Дээр нь үйлдвэрлэлийн түүхий эд, эм, урвалж зэргийг худалдан авах хэрэгтэй. Энэ бүхэнд нийт хоёр тэрбум төгрөг шаардагдах тооцоог гаргажээ. Тэгэхээр жилд хоёр тэрбум төгрөг зарцуулан өнөөдөр ОХУ-аас таван тэрбумаар импортолж байгаатай тэнцэх хэмжээний шүлхийн вакцин үйлдвэрлэх боломжтой аж.

Шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэснээр ийнхүү жил бүр 2-3 тэрбум төгрөг хэмнэх нь. Эсвэл шүлхийн вакцинд төсөвлөдөг таван тэрбум төгрөгөө багасгахгүйгээр вакцины үйлдвэрлэлийн хэмжээгээ хоёр дахин нэмэх боломжтой гэсэн үг. Тэгэх юм бол шүлхийн вакцины нэгж бүрийн үнэ буурч, хүрэлцээ нь нэмэгдэх бөгөөд малчид ч малаа шүлхийн вакцинд бүрэн хамруулах боломж бүрдэх болов уу.

Эцэст нь хэлэхэд шүлхий бол малын өвчин боловч нөгөө талаар хүний өвчин. Малынхаа чанараас илүү тоог эрхэмлэж, “мянгат” болохыг зүүдэлдэг малчдаас эхлээд шат шатны албан тушаалтнуудын хариуцлага, сэтгэл, зүтгэл, ёс суртахуун юм юм л хүнд хамаарах “шүлхий”-н шалтгаан болж буй. Тиймээс малаа эрүүлжүүлэх шүлхийн вакциныг эрдэмтэд эх орондоо үйлдвэрлэж эхлэхээс өмнө хүндээ “вакцин” хийх хэрэгцээ гарч байна.  

  Шүлхийн эсрэг “вакцин”-ыг хүнд тарья

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54817
0 эможи
keyboard_arrow_up