МАХН-ын шинэчлэл дээд шүүх дээр хоёр дахь удаагаа бүдэрлээ

2018 оны 3 сарын 13

Arslan.mn

Гуравдагч хүчин хэмээн нэрлэгддэг МАХН хоёр сарын хугацаанд хоёр удаа намын II их чуулганаа хуралдуулаад байгаа. Анхны чуулганыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд төрийн ордонд зохион байгуулсан бол хоёр дахь чуулганыг Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сарын 8, 9-нд хуралдуулсан юм. Уг хоёр удаагийн Их чуулган хүчин төгөлдөр эсэх талаар чуулганыг зохион байгуулагчид өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа билээ. Арванхоёрдугаар сард болсон анхны II Их чуулганаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа шинээр сонгосон байдаг. Тодруулбал, намын дарга Н.Энхбаярыг тэр өдрийн хуралдаанаараа чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар өрсөлдсөн байна. Санал хураахад О.Баасанхүү чуулганд оролцогчдын 94.4 хувийн саналыг авсан ажээ. Ингээд чуулганаар хэлэлцэн баталсан МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Дээд шүүхэд тавьсны дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцсэн юм. 

Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хэлэлцэх явцад тус намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон талаар шийдвэртээ дурдсан байна. Тиймээс “Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэе” гэсэн хариуг өгч байсан юм. 

Харин хоёр дахь удаагийн II Их чуулганаар намын дарга Н.Энхбаярыг улираан сонгож, дүрэм болон мөрийн хөтөлбөрөө өөрчлөн баталсан юм. Ингээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж байна гэдэг шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргасан байна. МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө хийсэн шинэчлэлтийг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан нь МАХН Дээд шүүх дээр хоёр дахь удаагаа бүдэрсэн хэрэг боллоо. 

Эх сурвалж: Үндэсний шуудан
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54816
0 эможи
keyboard_arrow_up