Квотоо хэтрүүлж, олон хүнийг ХОХИРООСОН 60 МЯНГЫН бизнес
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүсийг энэ сарын эхээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт бүртгэлээ. Энэ нь монголчуудын хувьд Гуулин улсад ажиллах хүсэлтээ илэрхийлж буй 14 дэх тохиолдол. Ингээд бодохоор монголчууд Өмнөд Солонгостой танилцаад нэлээд хэдэн жил өнгөрчээ. Анх тус улсад ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэхэд хэдэн өдөр дугаарлаж, хонон өнжин байж арай гэж хилийн дээс алхдаг байсан. Нэлээд хэдэн жил өнгөрсөн ч энэ байдал бахь байдгаараа. Монгол залуус эх орондоо ажиллаж амьдрахаас илүү гаднын орон, тэр дундаа Солонгосыг зорих хүсэлтэйгээ энэ жил дахиад л харууллаа. Гэхдээ өмнөх жилүүдээс илүү олон хүн гэрээгээр ажиллах хүсэлтэй байгааг бүртгэл хийж буй ганцхан хэсгээс харж болохоор байв. Бүртгэлийн нэг хэсэгт багадаа 2000 гаруй хүн хонон өнжин дугаарлаж зогссон гэж бодохоор нийтдээ хэчнээн хүн Солонгосыг зорихоор бүртгүүлсэн нь ойлгомжтой. Гэтэл тус улсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас гаргасан мэдээлэлд ердөө 3000 гаруй хүн л тус улсад гэрээгээр ажиллах боломжтой талаар дурджээ. Гэхдээ энэ нь сүүлийн тоо биш. Бүртгүүлэгч мэргэжлийн ур чадварын үнэлгээний шалгалтад тэнцээгүй бол гэрээгээр ажиллах боломжгүй. Мөн хэлний болон ур чадварын шалгалтаа сайн өгсөн ч эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол бас л хилийн дээс алхахгүй гэсэн үг. Ийм олон шат дамжлага, хатуу шаардлага тавьсан мөртлөө яагаад зааснаас илүү олон хүн бүртгэснийг асуумаар байна. Үүний цаана хэн нэг нь халаасаа түнтийлгэсэн юм биш биз гэсэн хардлага ч төрж байгаа юм. Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй хүн бүртгүүлэхдээ 24 ам.доллар буюу 60 мянган төгрөгийн хураамж төлсөн. Анхнаасаа төчнөөн хүн авна гээд заачихсан байхад горьдлого төрүүлж байгаа юм шиг бүгдийг нь бүртгэх шаардлага байсан уу. Амьдралаа дээшлүүлж, ар гэрээ тэжээх зорилгоор хонон өнжин дугаарлаж байгаа нэгнийгээ ингэж “шулах” хэрэг байв уу. Эдгээр асуултад хэн хариулж, хяналт тавих ёстойг дахин асуумаар байна.
ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ХҮН БҮР СОЛОНГОС ЯВДАГГҮЙ
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд солонгос хэлний мэдлэг өндөр байх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, анхан шатнаас илүү ахисан төвшний хэлний мэдлэгтэй байхыг шаарджээ. Гэтэл солонгос хэлний “А” ч үгүй хүнийг бүртгэж л байдаг. Сар хүрэхгүй хугацаанд тэд солонгос хэлийг шаардлагад тусгасан шиг сурах боломжтой юу. Ийм л эмгэнэлтэй үйл явдал хэд хоногийн өмнө болоод өнгөрчээ. Бүртгүүлж байгаа хүмүүс ч гэсэн юунд найдаж 60 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн юм бол. Гаднын орныг шүтэж, хил давчихвал бүх зүйл сайхан болчих юм шиг санадаг биднийг хүүхэд шиг гэхэд багадна. Тэгээд ч дээрх шалгалтуудад тэнцлээ гээд Хөдөлмөрийн гэрээгээр явах баталгаа биш юм. Тус улсын Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй л болж буй хэрэг. Тодруулбал, таныг ажилд авах байгууллага, албан газар гарч иртэл хүлээнэ гэсэн үг шүү дээ. Бас өөр даваа ч бий. Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр таваас дээш ажилласан бол гэрээгээр ажиллах боломжгүй юм. Мөн тус улсад нэвтэрсний дараа хар тамхины сорилд бүдэрвэл мөн л нутаг буцна. Энэ мэтчилэн дурдаад байвал шалтаг шалтгаан дуусахгүй. Тиймээс үнэхээр гадаад явах гэж байгаа бол тухайн орноо судалж, хувийн бэлтгэлээ базаасны дараа бүртгүүлбэл цаг хугацаа алдахгүй, мөнгө төгрөгөө ч салхинд хийсгэхгүй байх боломж бүрдэх юм.
Б.СИЙЛЭН
Эх сурвалж: Монголын үнэн
|