Хөвсгөлчүүд жорлонгоо өөрчилбөл жуулчдаас ичихгүй
Хөвсгөл аймаг аялал, жуулчлалын бүс нутаг. Улаанбаатар Мөрөнг холбосон хатуу хучилттай автозам ашиглалтад орсон тэр он жилүүдэд Хөвсгөл аймаг нэг дор 10 мянга орчим дотоод, гадаадын жуулчныг хүлээн авч чадахгүй байна хэмээдэг. Гэхдээ үүнд нь жорлонгийн асуудал нөлөөлж байсныг онцлох хэрэгтэй.
Зориод ирсэн жуулчдад үйлчилж буй аялал жуулчлалын бааз болон отгуудад жорлонгийн хүрэлцээгүй байдлаас үүссэн асуудал ч бас бий. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн “Мөсний баяр”-ын арга хэмжээний үеэр нууран дээр бие засаж байсан хэмээн шүүмжилж байна. Жорлонгийн цэгээ хүртэл нуурын хаяагаар ургасан том модны дэргэд байгуулсан нь зохимжгүй байгааг жуулчид ярьж байв.
“Жорлонгоо өөрчилье” төслийг хэрэгжүүлэгчид аймаг бүрт сургалт зохион байгуулсан. Энэ удаад Хөвсгөл аймагт болов. Сургалтад 130 гаруй иргэн оролцохын зэрэгцээ аялал жуулчлалын компанийн захирлууд, төрийн албаныхан энэ төслийн талаарх мэдээллийг сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Сургалтыг Хөвсгөл аймгийн “Жорлонгоо өөрчилье” төслийн зөвлөх, “Дэлгэрмөрөн шишгэд голын сав газрын захиргаа”-ны газрын дарга Ц.Оюунцэцэг даргатай багийнхан зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг Боловсролын ухааны доктор Б.Насанбаяр удирдан чиглүүлж байв. Хамгийн гол нь бүх хүн нэг зорилго, хүслээр хандвал жорлонгоо өөрчилж чадна хэмээн сургалтыг чиглүүлэгч онцолсон юм. Үүнийг өөрчлөхийн давуу тал нь хөрсний бохирдлыг бууруулахад оршиж буй. Тиймээс хэн нэгэн хүн ганцаараа өөрчлөлтийг хийснээр хөрсний бохирдол хэзээ ч арилахгүй гэдгийг сургалтад суусан хүмүүст тайлбарласан юм.
ДУНДГОВИЙН ГУРВАНСАЙХАН СУМ ЖОРЛОНГОО ШИЙДЖЭЭ
Сургалтад “Сумаа шинэчилье” хөтөлбөр нэмэгдсэн нь илүү сонирхолтой бодитой зүйл болсон байлаа. Энэ хөтөлбөрийг Дундговь аймгийн Гурвансайхан суманд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан, Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн даргатай “Сумаа шинэчилье” багийн гишүүн Б.Загдсүрэн ярилаа.
Тэрээр хэрэв иргэд нэгдэж чадвал сумаа өөрчилж болохыг шинэчлэлээс харж болно. Энэ өөрчлөлтийг хийхдээ гурван сарын хугацаа зарцуулсан. Эвлэлдэн нэгдсэний үр дүн хэмээн “Сумаа шинэчилье” багийнхан онцолсон юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|