ХҮНГҮЙ МУЗЕЙНҮҮД ХӨЛД ДАРАГДАВ
Нийслэлийн долоон музейд өдөрт дунджаар 4000-6000 хүн үйлчлүүлжээ
Гаднын хэдэн жуулчин, зохион байгуулаагүй л бол сургуулийн сурагчдаас өөр хүн барагтай л бол тоож ордоггүй Улаанбаатар дахь тоотой хэдэн музей өнгөрсөн өдрүүдэд амь орсон юм шиг л боллоо. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Монголын үндэсний түүхийн музейг зорин очиход хүмүүсийн урт дараалал биднийг угтлаа. Гадаа дугаарлан зогссон хүмүүсийн дунд шургаад хоёр хүүхдээ хөтлөн зогсох эмэгтэйгээс хэр удаан хүлээж байгааг нь асуухад бүтэн цаг өнгөрсөн гэв. Музейн үүдээр орох гэтэл хүмүүс хоорондоо түлхэлцэж, хар зах дээр байгаа юм шиг л авирлана. Ингээд арайхийн чихэлдэж явсаар ороход музейн тайлбарлагч үзмэрээ тайлбарлах ямарч боломжгүй болсныг нь харлаа. Хүүхдүүдийн уйлах, инээх, хашгирах, томчуудын хар, ярхийн маргалдах чимээ хаа сайгүй дарангуйлжээ. Олон нийтийн газарт, тэр тусмаа улсын түүхийн үнэт дурсгалыг хадгалсан музейгээр үйлчлүүлэх соёлын талаар энд яриад ч хэрэггүй. Жирийн үед хаалгаар нь ч шагайдаггүй хүмүүс нийслэлийн бүх музей долоо хоног үнэгүй үйлчлэх болсон сургаар аав, ээж, ах дүүгээ дагуулан хөдөө орон нутгаас хүртэл ирсэн харагдана. Уг нь музейн тасалбарын дундаж үнэ хүүхэд 1000-2000, том хүн 5000-6000 төгрөг байдаг.
Мөн жилийн дөрвөн улирлын турш, өдөр бүр иргэдэд нээлттэй байдаг. Гэвч үнэгүй юманд нугасгүй гэгчээр бүгд хошууран музейн ачааллыг нэмэгдүүлж, гадаа нь дугаарлаж, дотор нь хөлсөө урсган хэрэлдэж уралцаж явааг яалтай билээ. Нээлттэй хаалганы өдөр зарласнаас хойш Богд хааны ордон музейд өдөрт дунджаар 4000 гаруй хүн үйлчлүүлжээ. Мөн Чойжин ламын музейгээр 2500, Дүрслэх урлагийн музейгээр 6000, Монгол цэргийн музейгээр 4500, Үлэг гүрвэлийн музейгээр 11000 хүн үйлчлүүлсэн байна. Богд хааны ордон музейн ажилчид ачааллаа дийлэхгүйд хүрсэн бөгөөд эмх замбараагүй байдал гарахаас урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад хүрчээ. Төвийн төвлөрсөн дулаан, шугам сүлжээнд хамрагдаагүй Чойжин ламын сүм музей дотроо хасах 20 хэмийн хүйтэн хэдий ч, иргэд нялх нойтон хүүхдээ хүртэл дагуулан орж байсныг тайлбарлагчид нь ярьж байсан. Байгалийн түүхийн музейн хувьд хаалгаа барьснаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн юм. Гэвч энэ хугацаанд иргэд музей хаагдсаныг ч мэдэхгүй, гадаа нь дугаарлан зогссон тохиолдол хүртэл гарав. Иргэдийн ярьж байгаагаар уг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үргэлж үнэ төлбөргүй үзүүлдэг болчихвол музейн ачаалал эрс нэмэгдэж, хүндрэл учруулахгүй байхаар юм гэнэ. Миний бодлоор музейг үнэ төлбөргүй бус, тасалбарын үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлчихвөл байнгын ажиллагаатай бас ашиг орлого нэмэгдэх боломжтой санагдсан.
Жилд үйлчлүүлдэг хүний тоо долоохон хоногийн дотор бүрдсэн
Тухайлбал, Богд хааны ордон музейн тасалбарын үнийг дунджаар 3000 төгрөг гэж бодвол өдөрт үйлчлүүлсэн 4000 хүнээс 12 сая, бүтэн долоо хоногоор тооцвол 84 сая төгрөгийн орлого олох боломжтой байсан гэсэн үг. Гэхдээ энэ бол хүүхдийн тасалбарын үнээр бодоход гарч байгаа дүн. Монголын үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар “Улсын хэмжээнд гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх Боловсролын сайдын тушаал гарсан. Энэ хугацаанд 0-5 насны 8705 хүүхэд, 36492 сурагч, 10081 оюутан, насанд хүрэгчид болон гадаадын 22120 хүн манай музейгээр үйлчлүүллээ. Бүтэн жилд үйлчлүүлдэг хүний тоо долоохон хоногийн дотор бүрдсэн. Бид нэгдүгээр сард орлогоо нэмэгдүүлж, есөн саяд хүргэхээр төлөвлөсөн. Хоёрдугаар сард таван сая төгрөгийн орлоготой ажилласан юм.
- Музейн үүдээр орох гэтэл хүмүүс хоорондоо түлхэлцэж, хар зах дээр байгаа юм шиг л авирлана.
- Нийслэлийн бүх музей үнэгүй үйлчлэх сургаар иргэд хөдөө орон нутгаас хүртэл ирсэн харагдана.
- Чойжин ламын сүм музей дотроо хасах 20 хэмийн хүйтэн хэдий ч, иргэд нялх хүүхдээ хүртэл дагуулан орж байв.
Харин энэ сарын эхний долоо хоногт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн учраас орлого буурч, төлөвлөгөөндөө хүрч чадахгүй байх” гэсэн юм. Харин Ан агнуурын музейн мэргэжилтэн П.Бямбадорж “Иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаал гарсан нь талархууштай ч, жилийн орлого нь хоёр сая төгрөг байдаг манайх шиг хувийн жижиг музейн хувьд маш хүндрэлтэй байлаа. Урьдчилан сануулж мэдэгдээгүй. Үүнээс болоод ачаалал эрс нэмэгдэж, зарим эд зүйлс эвдэрч, хэмхрэх тохиолдол гарсан. Гаднын жуулчдаас өөр хүн барагтай бол ирдэггүй манай музейн хувьд сурталчилгаа болсон ч эргээд маш их алдагдалтай, хохиролтой байсан” гэв. Бусад музейн хувьд ч ачаалал эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн дүр зураг харагдаж байлаа.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
Та өмнө нь музей үзэж байсан уу. Үнэ төлбөргүй үйлчлүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Иргэн Д.Батмөнх:
Өмнө нь музей үзэх завгүй байдаг байсан. Харин иргэддээ зориулж нээлттэй хаалганы өдөр зарлаж, үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь их зөв шийдвэр болсон байна. Эхнэр, хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ ирж үзлээ. Иргэдийнхээ таньж мэдэхэд хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байна. Монголын түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музейгээр орлоо. Бидний мэдэхгүй, харж байгаагүй зүйл их байдаг юм байна. Гэхдээ зохион байгуулалт муу, эмх замбараагүй байна. Сургуулийн сурагчид, насанд хүрэгчид, цэцэрлэгийн багачууд гээд ангилсан бол зүгээр байж.
Иргэн С.Дунгармаа:
Сэтгэгдэл маш өндөр байна. Ач зээгээ дагуулаад хоёр дахь музейгээ үзэж явна. Монголын түүхийн музей зохион байгуулалт сайтай байлаа. Байгалийн түүхийн музей засвартай байсан нь харамсалтай санагдсан. Зориод очсон боловч ажиллахгүй байна лээ. Иймээс музейн засварыг хурдан дуусгаад шинэчилбэл зүгээр байна.
32 дугаар сургуулийн сурагч Д.Мөнхчимэг:
Багш, ангийнхантайгаа музей үзэж байна. Анх удаа л музейд ирж байна. Монголын Үндэсний түүхийн музей маш сонирхолтой юм. Мөн Чойжин ламын музей таалагдсан. Монголын Үндэсний түүхийн музей дээшлэх тусмаа ардчиллын үе рүү ороод ирэхээр бүр ч сонирхолтой санагдсан. Түүхийн хичээл дээр үздэг зүйлүүдийг энд бодитоор нь үзэх сайхан байлаа.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ